Ажил олгогч та үүнийг мэдэх үү?


А.Номин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ажил олгогч 15-18 хүртэлх насны хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол эцэг эх, харгалзан дэмжигчийн хамтаар гуравласан хөдөлмөрийн гэрээ байгуулна. 

Гэхдээ 18 нас хүрээгүй бол хуульд зааснаар хүнд, хортой нөхцөлтэй болон илүү цаг, уртасгасан цаг, шөнийн ээлжид ажиллуулахыг хориглодог. 

Харин 15 насанд хүрсэн хүн эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд хөнгөн ажил эрхлэх хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 настай хүрсэн хүнтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Дээр дурдсанаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоно.

Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно.

#Мэддэгмэдээлдэгбайя