

2025 онд олон кино амжилттай нээлтээ хийсэн ч зарим өндөр хүлээлттэй байсан кинонууд нэлээд доогуур үнэлгээ авлаа. Тэдгээр киног нийт тасалбарын орлогоор хамгийн бага орлого олсон бүтээлүүд гэж үзэж болох юм. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр алдартай томоохон студион хүлээлт өндөр байсан ч орлогоороо сүүл мушгисан10 киног танилцуулж байна. Доорх жагсаалт нь байр эзлэлтийн дугаар биш бөгөөд тус бүрийг ялган, ойлгомжтой харуулах үүднээс жагсаав.
THUNDERBOLTS: MARVEL СТУДИО

Thunderbolts дэлхий даяар ойролцоогоор 400 сая ам.доллар олсон нь бага мөнгө биш ч 2019 оны “Avengers: Endgame”-ийн орлогын тэн хагасд ч хүрэхгүй байгаа юм. Энэ жилийн өөр нэг Marvel студион бүтээл болох Captain America: Brave New World нь арай дээр үзүүлэлттэй байсан ч студион дотоод эрэмбээр 29, 30-д бичигдэж байна. Thunderbolts сонирхолтой адал явдалтай байсан бол Captain America кино нэлээд эмх замбараагүй үйл явдалт бүтээл болсон байв.
SNOW WHITE: DISNEY СТУДИО

Үзэгчид өмнө нь үзсэн хүүхэлдэйн кинонуудын CGI-аар хийсэн дахин бүтээлд дуртай байдаг. Гэхдээ Disney-н Snow White төсвөө нөхөж чадаагүй байна. Кино хоёр өөр чиглэл буюу нэг тал нь 1937 оны эх хувилбарыг хүндэтгэсэн дахин бүтээл, нөгөө нь ижил эх сурвалжид шүүмжлэлт, шинэчлэлттэй хандсан нь киноны сул тал болжээ. Үүнээс гадна нээлтээсээ өмнө олон сарын турш маргаанд дарагдсан. Гол дүр Rachel Zegler-ийн сонголт, жүжигчдийн улс төрийн байр суурь гэх мэт асуудлууд гарч байлаа.
MICKEY 17: WARNER BROS СТУДИО

Parasite (2020) буюу англи биш солонгос хэл дээрх кино анх удаа Оскараас “Шилдэг кино” авсан түүхэн бүтээл болж байсан. Тус киноны найруулагчийн дараагийн киног дэлхий даяар тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч нээлт нь дахин дахин хойшлогдсоор эцэст нь хоёрдугаар сард гарч ирэхэд хүмүүс Parasite-ийн тухай бус яагаад ингэж удсан юм бол хэмээн ярьж эхлэв. Мөн нээлтээ хийгээд үзэгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Warner Bros 100 сая ам.доллараас дээш төсвөөр бүтээсэн нь ойлгомжтой ч энэ кино хүсэн хүлээсэн амжилт байж чадсангүй.
AFTER THE HUNT: AMAZON MGM STUDIOS СТУДИО

“Call Me by Your Name” киногоороо алдартай Лука Гуаданьинон найруулсан энэ кино амжилт олох хүлээлттэй байлаа. Гэвч нийт 10 сая ам.доллараас ч бага орлого олсон нь нийт төсвийн наймны нэг орчим гэнэ. Нэр хүндтэй жүжигчид, тансаг орчинд зураг авалтаа хийх зэргээр ихээхэн хүч хөдөлмөр орсон мэт боловч ийнхүү үнэлэгдсэн нь харамсалтай. Ерөнхий үйл явдал нь хэт олон яриа, хөнгөн хошин хэсэг их болон хугацаа нь дэндүү урт зэрэг нь киноны үнэлгээнд нөлөөлсөн бололтой.
CHRISTY: BLACK BEAR PICTURES СТУДИО

Боксер Кристи Мартины намтрыг өгүүлэх Christy кино АНУ-д хамгийн муу нээлтийн орлогоор эхэлж байлаа. Гол дүрд тоглосон жүжигчин Sweeney нь өнөө цагийн хамгийн алдартай оддын нэг ч сошиал медиа дахь алдар нэр киноны од байхтай адил биш гэдгийг энэ кино харуулав. Мөн түүний American Eagle сурталчилгаатай холбоотой маргаан нөлөөлсөн байж болох юм. Гэвч Sweeney үзэлтийн тоо биш, сайн сайхан нөлөөний төлөө уран бүтээл хийдэг гэдгээ онцолж байсан билээ.
I KNOW WHAT YOU DID LAST SUMMER: BROOK RUSHTON СТУДИО

1990-2000-иад оны аймшгийн цувралуудын сэргэлт амжилттай байхад энэ кино ч бас ашиг олно гэж найджээ. Гэвч үр дүн нь амархан үр ашгаа өгсөнгүй. Хүмүүс нэрнээс нь эхлээд л шүүмжилж байлаа. “I Know What You Did Last Summer”-ийг хүмүүс үнэхээр санаж, ярьдаг уу? Магадгүй нэрийг нь “I Can’t Really Remember What You Did Last Summer” гэж өөрчлөх ёстой байсан биз гэх зэргээр сэтгэгдлүүд дүүрч байлаа.
SPRINGSTEEN: DELIVER ME FROM NOWHERE: MACALL POLAY СТУДИО

Энэ кино нь Америкийн домогт рок дуучин Bruce Springsteen‑ийн намтарчилсан драм кино юм. Түүний 1982 онд “Nebraska” хэмээх цомноо хийх явц болон дотоод тэмцэл, эргэлзлээгээ хэрхэн даван туулж буй үеийг харуулсан бүтээл. Гэхдээ үзэгчид цэнгэлдэхийг доргиосон эрч хүч, хүчтэй өгүүлэмжийг хүсч байсан нь киноны өнгө аясаас тэс өөр болсон нь орлогыг муу байхад нөлөөлөв.
ELIO: PIXAR СТУДИО

2024 онд гарсан Inside Out 2 амжилтаараа тэргүүлсэн кино байсан тул Elio-д өндөр хүлээлт тавигдсан. Гэвч киноны эхийг санаачлагч Адриан Молина төслөөс гарч, баг нь солигдсоноор кино өөрийн гэсэн утга учраа алдсан байна. Үр дүнд нь үйл явдлыг товч тайлбарлах, юу нь чухал болохыг ойлгоход бэрх болсон гэж кино шүүмжлэгчид дүгнэсэн. Мөн энэ жил Disney-д ашиг авчирсан харь гаригийн дүр нь Lilo & Stitch-ийн Stitch байснаас биш Elio-гийнх байгаагүй хэмээн ихэнх үзэгчид үзжээ.
M3GAN 2.0: UNIVERSAL СТУДИО

Энэ кино нь хэтэрхий улс төрийн өнгө аясыг агуулсан нь үзэгчдийг татаж чадсангүй. 25 сая ам.долларын төсөвтэй хэрнээ дэлхий даяар зөвхөн 39 сая ам.долларын орлого олсон нь M3GAN‑ийн эхний ангийн 180 сая ам.долларын амжилттай харьцуулахад сул үзүүлэлт болсон нь харагдана. Продюсер Жейсон Блум хүртэл “Үзэгчдийн сонирхлыг яг сайн тодорхойлоогүй.” гэж хүлээн зөвшөөрсөн нь муу кино болсон гол шалтгаануудын нэг боллоо.
THE SMASHING MACHINE: A24 СТУДИО

Тус кино нь UFC домогт холимог тулаанч Mark Kerr‑ийн амьдрал, тэмцэл бөгөөд түүний дотоод зөрчлүүдийг харуулсан намтарчилсан спорт кино юм. Нийт $50 сая төсвөөр бүтсэн уг кино ойролцоогоор $20 сая орлого олсон. Мөн нээлтийн долоо хоногт $5.9 сая ам.доллар олсон нь маш тааруухан үзүүлэлт болжээ. Үүнд зорилтот үзэгчдээ тодорхойлоогүй, маркетингийн сул стратеги зэрэг нь нөлөөлөв. Кино шүүмжлэгчдээс 71 % үнэлгээ авсан ч энэ нь орлогыг нөхөж чадаагүй байна.
Эх сурвалж: Hollywood reporter, variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!