Талархах сэтгэлийн ач тус


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

Хэн нэгэнд их багаар тус хүргэснийхээ дараа та тухайн хүнээсээ ямар нэг зүйл хүсдэг үү? Хэрвээ үгүй бол та үнэхээр нинжин сэтгэлтэй хүн юм. Харин тийм бол... битгий айгаарай, буруу зүйл огтхон ч байхгүй шүү. Өнөөгийн нийгэмд хариу нэхэлгүй туслах ёстой гэсэн үзэл хэт өргөн тархсан юм шиг санагддаг болоод байгаа. Гэхдээ яагаад бид хүнд тусалсныхаа төлөө бяцхан хүлээлттэй байж болохгүй гэж?

“Хариу барих” гэдгийг ямар нэгэн үнэтэй чамин бэлэг сэлт өгөх гэж бүү бодоорой. Миний яриад байгаа хариу бол “баярлалаа” хэмээх ганцхан үг. Баярлалаа гэж сонсох бүртээ би өөрийгөө зөв хүнд тусалсан байна даа гэж боддог юм. Харамсалтай нь энэ үгийг хэн нэгний амнаас сонсоно гэдэг өдрийн од мэт ховор болжээ. Үүнийг хүмүүсийн талархах чадваргүй болсонтой холбож ойлгож болно. Хачирхалтай нь талархах сэтгэлтэй байна мөн түүнийгээ илэрхийлнэ гэдэг талархлыг хүлээж авч байгаа хүнээсээ илүү талархаж байгаа хүндээ үр өгөөжтэй байдаг талаар та мэдэх үү? Хүндэт уншигч таныг дэлхийд ховорхон байдаг “талархагчдын” нэг болоосой гэсэн хүслийн үүднээс энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

Гуниг гутралыг үргээнэ

26’000 гаруй хүн оролцсон нийт 70-н судалгааны үр дүнд юманд талархаж амьдардаг хүмүүс илүү бага гуниг гутралд өртдөг болох нь нотлогджээ. Тэр ч байтугай бүх зүйлд талархалтай ханддаг хүмүүс амьдралаас илүү их таашаал авч чаддаг ба талархал илэрхийлдэггүй хүмүүсээс илүү өөртөө итгэлтэй, бусадтай гүн гүнзгий харилцаа холбоо үүсгэж чаддаг гэнэ.

Айдсыг багасгана

Айдас нь санаа зоволт болон сөрөг бодолтой хамааралтай байдаг бөгөөд ихэнхдээ өнгөрсөнд болсон зүйл юм уу ирээдүйд болж болох зүйлээс үүсдэг. Харин талархал илэрхийлэх нь айдсыг даван гарах гарц болж өгдөг юм байна. Өдөр тутамдаа талархлаа илэрхийлэх нь бидний оюун санааг өнөөдөрт анхаарахад тусалж сөрөг, муу бодлуудыг арилгаж өгдөг тустай. Хэрвээ та айдаст автах юм бол гүнзгий амьсгал аваад өөрийн талархаж явдаг зүйлсээ болон талархаж явдаг хүнээ бодоод үзээрэй. Айдас тань бага багаар арилж буй нь танд мэдрэгдэх болно.

Зүрхний эмч

Хэд хэдэн судалгаагаар талархах сэтгэлтэй байх нь зүрхний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэдгийг тогтоожээ. 2021 онд хийгдсэн судалгаагаар өөрийн талархдаг зүйлсээ болон шинээр талархах зүйлс гарч ирэх болгондоо тэдгээрийгээ цаасан дээр буулгаж тэмдэглэл хөтлөх нь цусны даралтыг бууруулж, зүрхний цохилтыг тогтворжуулдаг увдистай болохыг баталсан байна. Тэмдэглэл хөтөлдөггүй юм аа гэхэд зүгээр л талархах сэтгэлтэй байхад ч ижил үр дүн ажиглагджээ.

Стресс бууруулна

Стресс нь хүний мэдрэлийн системийг ажиллуулан зүрхний цохилтыг түргэсэж, булчинг чангалан, адреналин ихээр ялгарахад хүргэдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ талархал энэхүү процессыг зогсоож чаддаг буюу стрессээс улбаатай бие махбодын хариу үйлдлийг тайвшруулж өгдөг ажээ.

Нойр сайжруулна

Талархах сэтгэлгээтэй хүмүүс өөрсдөд нь сайхан мэдрэмж өгч чадах зүйлсийн ардаас хөөцөлдөх нь элбэг байдаг. Жишээ нь тэд дасгал хийж, эрүүл хооллох хандлагатай байдаг тул үүнийгээ дагаад шөнө ч сайхан амарч чаддаг байна. Нөгөө талаас, талархлаа байнга илэрхийлэх нь тухайн хүний стрессийн түвшнийг бууруулж, айдас болон гунигийг үргээж өгдөг болохоор нойрны тал дээр асуудалгүй байх нь мэдээжийн зүйл юм. Нойргүйдлийн эх болсон гол шалтгаанууд нь эдгээр гурван зүйл байдаг юм хойно. Унтаж чадахгүй орондоо олон цаг хөрвөөж хэвтэх шиг зовлонтой зүйл хаана байх бил ээ? Хэрвээ та сүүлийн өдрүүдэд гүнзгий нойронд автаж чадахгүй байгаа бол хэн нэгэнд талархлаа илэрхийлэх эсвэл үргэлж талархаж явдаг зүйлсээ тунгааж үзэхийг зөвлөж байна. Магадгүй тэр орой нь та бөх гэх ч нь унтах ч юм бил үү?

Эх сурвалж: UCLA health

#талархал