

1518 онд Ариун Ромын Эзэнт Гүрний Страсбурег хотод нэгэн хачирхалтай тахал тархсан нь бүжгэн тахал байв. Тоглоод байгаа юм уу хэмээн гайхаж асуумаар энэхүү явдал нь үнэхээр л жинхэнэ болсон явдал ба хэдэн зуун иргэд өөрсдийн хүслээс үл хамааран бүжиглэсээр л байсан аж. Яг л бие нь өөрсдийнх нь бие биш болоод далдын хүчээр цаанаас нь бүжиглүүлээд байгаа юм шиг хачирхалтай үзэгдэл тохиолдсон байна. Энэхүү галзуурал нь хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд гэнэт гарч ирсэн шигээ тун нууцлаг байдлаар алга болсон юм.
Тахлын эхний тохиолдол

1518 оны 07 сард Фрау Троффэа хэмээх эмэгтэй гэнэт л гадаа талбайд зогсолтгүй бүжиглэж эхэлсэн нь уг тахлын эхний тохиолдол болон тэмдэглэгдэж үлджээ. Тэрээр зогсож чадалгүй тасралтгүй бүжиглэсээр ухаан алдаж унасан байна. Харамсалтай нь тэрбээр сэрсэн даруйдаа дахин ухаан алдталаа бүжиглэж эхэлсэн ба энэ байдал хэдэн өдөр үргэлжлэн, долоо хоногийн дотор нийт 30 гаруй хүмүүс Фрау Троффэа шиг өөрсдийн эрхгүй бүжиглэж эхэлсэн гэнэ.
Тахлыг зогсоох оролдлого

Энэ учир нь ойлгогдохгүй тахал нутгийн удирдагчдын анхаарлын төвд орж тэд бүжгийн тахалд өртсөн иргэдийг яаж эдгээх тухай бодон нэгэн хачирхалтай аргыг туршиж үзэхээр шийдсэн нь таныг бага зэрэг гайхшируулж магадгүй шүү. Хотын дарга болон шашны тэргүүнүүд хорыг хороор дарахаар шийдсэн ба олон нийтийн дунд томоохон бүжгийн үдэшлэг маягийн зүйл зохиохоор болжээ. Уг үдэшлэг нь зүгээр ч нэг жижиг цуглаан биш харин чадварлаг хөгжимчид, мэдлэг туршлагатай бүжигчдийг оролцуулсан өргөн хэмжээний цэнгүүн байсан юм.
Гэхдээ энэ арга бүтээгүйгээс гадна харин ч эсрэгээрээ тахлын хүрээг улам тэлэн тахлаар өвдөгсдийн тоог 400 болгож орхисон байна. Тахлаас болж хэдэн хүний амь эрсэдсэн тухай тодорхой тоо байдаггүй ч тийм ч цөөн хүн биш бололтой. Ингэж явсаар 09 сар гарахад бүжгийн тахлын хүч суларч эхлэн ард иргэд амьсгаа авах боломжтой болсон байна.
Тахлын цаад шалтгаан

Хамгийн гайхмаар нь бүжгэн тахал гарсан нь зөвхөн 1518 оны тохиолдол биш бөгөөд 10, 14, 16-р зуунд ч бас бүжгэн тахалтай яг ижил шинж тэмдэгтэй үзэгдлүүд болж өнгөрсөн байдаг. Зарим хүмүүс бүжгэн тахлыг чөтгөр, шуламтай холбож ярьж байсан бол 20-р зууны үеийн мөрдөгчид уг өвчнөөр өвчлөгсдийг мөөгөнцөр агуулсан гурилаар хийгдсэн талх идсэнтэй холбож тайлбарласан байна. Ерөнхийдөө энэ мэтчилэн өвчний талаарх маш олон таамаглал байдаг ч тэр дундаас хамгийн олон хүн санал нэгддэг нь АНУ-ын түүхч Жон Валлер-ын санаа юм. Түүнийхээр бол тахлын гол шалтгаан нь сэтгэл зүйн өвчинтэй холбоотой буюу хүмүүс ихээр стресст орсны улмаас бие нь ийнхүү хачирхалтай хариу үйлдэл үзүүлсэн гэж үзжээ.
Эх сурвалж: Britannica
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!