Вакцин биднийг маш аюултай өвчнөөс хамгаалдгийг ойлголоо


Б. Чимэг | YOLO.MN
УРЖИГДАР

  • Эмч их гоё инээмсэглэж, сэтгэлээсээ ярьж, бидэнд туслах гэсэн хүсэл нь шууд мэдрэгдэж байсан. Вакциныг тийм ч чухал биш, зүгээр л тариулдаг гэж ойлгодог байв. Сургалтын ачаар биднийг маш аюултай өвчнөөс хамгаалдгийг ойлголоо. Саажилт, арьс, нүд нь шар болох зэрэг аюулт өвчнөөс сэргийлдэг, маш хэрэгтэйг ойлголоо. 
  • ХПВ-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх нь бидний ирээдүйн эрүүл мэндийн төлөө гэдгийг ойлголоо. Хүүхэд бидний төлөө гэдэг сэтгэлээр хичээж ажилладаг бүх хүнд баярлалаа. 
  • Энэ сургалт хамгийн сургамжтай бас хөгжилтэй байлаа. Сургалтын ах, эгч, эмч нар их хичээсэн байна.        
  • Би 16 настай, би энэ вакцины талаар интернэтээс хараад "Өө би хийлгээгүй" гээд бодоод л яваад байлаа. Сургалт зохион байгуулагдахыг мэдээд ганцаараа хамрагдахаар ирсэн. Одоо би яаж хамрагдахаа мэдсэн. Сургалтаас сурч мэдсэн зүйлээ гэр бүл, найз нөхдөдөө түгээж, бүгд цааш эрүүл энх, сайн ээж аав болох болно. Үнэхээр их баярлалаа. 
  • Би энэ сургалтад сууснаар вакцин гэж юу болохыг мэддэг болсон. Вакцин ямар ач тустайг мэдлээ. Энэ сургалт надад их юм зааж өглөө. Өмнө нь би вакцин муу үр дагавартай гэж боддог байсан. Энэ сургалт намайг тэр бодлоос салгаж чадлаа. Сургалтад суусандаа таатай байна. 
  • Эмч болох сэтгэгдэл төрлөө. Баярлалаа  
  • Би өмнө нь халдварт өвчний тухай мэддэггүй байсан. Үнэхээр гоё байлаа, бас их сонирхолтой байлаа. Вакцин, эрүүл мэндийн талаарх сургалтууд тийм ч их биш. Энэ сургалтаас хүний папиллома вирус ямар аюултайг мэдлээ.    

Эдгээрийг хүүхдүүд бичсэн. Тэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаар мэдээлэл түгээх сургалтад оролцсон юм. Монголыг Хүүхдийн ордонд болсон сургалтад тус ордны дугуйлангийн сурагчид, Монголын хүүхдийн зөвлөлийнхөн оролцлоо. 

НҮБ-ын Хүүхдийн зөвлөлийн зөвлөх Д.Нарангэрэл сургалтыг нээж үг хэлэв. Тэрээр "Засгийн газар хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 2024 оноос эхлэн нэвтрүүллээ. 11 настай хүүхдүүд сургууль, өрхийн эмнэлэгтээ энэ вакциныг нэг л удаа хийлгэнэ.

Хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдаж болно. Харьяа өрхийн эмнэлэгтээ хандаарай. 15-аас дээш насны хүүхдүүд ээж аав, асран хамгаалагчтайгаа хамт ХӨСҮТ-д очиж, сайн дураaрааа дархлаажуулалтад хамрагдаж болно" гэв. 

Дараа нь ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам хүүхдүүдэд ямар халдварт өвчнүүд түгээмэл байдаг, тэдгээр нь бидний эрүүл мэндэд яаж нөлөөлдгийг тайлбарлав. Эрүүл мэндийн салбарын төдийгүй шинжлэх ухааны том ололтуудын нэг болох вакцины ач тусыг дурдан, хүний папиллома вирус зургаан төрлийн хорт хавдраас хамгаалдаг болохыг онцолсон юм. 

Сургалтын дараа хүүхдүүд ямар шинэ мэдлэг мэдээлэл олж авснаа бичиж, асуулт-хариултын уралдаанд оролцов. 

Умайн хүзүүний, толгой хүзүүний гэх мэт зургаан төрлийн хорт хавдрыг үүсгэдэг, хоруу чанартай вирус болох хүний папиллома вирусийн халдвар ихээхэн түгээмэл. Нийт насанд хүрэгчдийн 90 хувь нь энэ вирусийн халдварыг авдаг. Иймд 11-ээс дээш насны хүүхдүүд вакцин хийлгэх нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм.                 

Гэрэл зургийг:  Т. Бархас
































#өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт