Хунтайж Эндрюгийн хэргэм зэргийг хурааж авлаа


С.Оюундарь | YOLO.MN
2025-11-07

Их Британийн эзэн хаан Чарлез өөрийн дүү хунтайж Эндрюгийн бүх цол хэргэмийг хураан авч Виндзор дахь ордноос нь нүүхийг шаардсан талаар Букингемийн ордноос мэдэгдлээ. Хунтайж Эндрю бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой болох нь тогтоогдоод байсан юм.

Хатан хаан Элизабетийн хоёр дахь хүү болох 65 настай Эндрю нь Эпстейнтэй тун дотно байсан бөгөөд үүнээсээ болоод сүүлийн жилүүдэд маш их шүүмжлэлийг ард иргэдээс хүртээд буй. Арван сарын эхээр түүний “Йоркийн герцог” цолыг хурааснаас хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй байхад ийнхүү ханхүү хэргэмийг нь ч мөн хурааж авлаа. Одооноос эхлэн тэрбээр зүгээр л Эндрю Маунтбаттен Виндзор нэрээр явах юм.

Ордноос мэдээлснээр Эндрю, Виндзорын эзэмшил дэх “Royal Lodge” ордны түрээсийг буцаан өгч, Лондонд байх Сандрингемийн эзэмшил дэх хувийн сууц руу нүүх ёстой аж.

Хаан одоо ч хорт хавдрын эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд түүний гаргасан энэ шийдвэр нь орчин цагийн Британийн түүхэн дэх хааны гэр бүлийн эсрэг хийгдсэн хамгийн ноцтой арга хэмжээний нэг болж байна.

“Эндрю өөрийнх нь эсрэг гарсан мэдээллүүдийг үгүйсгэсээр байгаа ч дээрх арга хэмжээнүүдийг авах нь зайлшгүй байсан” хэмээн ордноос тайлбарлав.

Эндрю нь 1980 оны үед Фолкландын дайнд оролцож явсан бөгөөд эр зоригт тэнгисийн цэрэг хэмээн нэрлэгдэж байсан түүхтэй. Тэрээр 2011 онд Их Британий худалдааны элчин төлөөлөгч суудлаасаа бууж, 2019 онд язгууртны үүргүүдээсээ татгалзан, 2022 онд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй холбогдсоноор цэргийн цолуудаа хураалгаад байсан юм.

Мөн тэр жил Эндрю, Виржиниа Жюффре хэмээх эмэгтэйг өсвөр настай байхад өөрт нь бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан хэмээх нэхэмжлэлийг шүүхээс гадуур тохиролцож шуугианыг намжааж байв. Эндрю энэ хэрэгт өөрийгөө ямар ч холбоогүй хэмээн үгүйсгэсээр байсан ч Жеффрегийн дурсамж ном хэвлэгдсэний дараа хэрэг дахин олон нийтийн анхааралд оржээ.

Эх сурвалж: Reuters

#Хунтайж Эндрю