

Монгол Улсад анх удаа залуусын дуу хоолойг дижитал орчинд хүргэх, тэдний оролцоог бодлого, шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилготой “Hack the Future” хакатон 2025 оны 11 дүгээр сарын 6–8-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.
36 цагийн турш тасралтгүй үргэлжлэх энэхүү хакатон нь залуусыг “Оролцоогоо нэгтгэж ирээдүйгээ бүтээе!” уриан дор нэгтгэж, дижитал оролцооны шинэ санаачилга, нөлөөллийн аяны төлөвлөгөө боловсруулах бүтээлч уралдаан байх юм.
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг 15–34 насны залуус эзэлдэг. Гэвч бодит амьдрал дээр тэдний санал, санаачилга, оролцоо шийдвэр гаргах түвшинд төдийлөн хүрдэггүй хэвээр байна. Залуус улс төр, нийгмийн сэдвээр сошиал орчинд илүү идэвхтэй оролцдог ч, энэ дуу хоолой бодлого болж хувирдаггүй нь оролцооны гинжин хэлхээ тасалдаж байгааг илтгэдэг.
“Hack the Future” хакатон бол энэ гинжин хэлхээг сэргээх нэг алхам юм. Тус арга хэмжээ нь залуус өөрсдийн санааг дижитал орчинд хэрэгжүүлж, бодлого тодорхойлогчидтой илүү үр дүнтэй харилцах шийдлийг хамтдаа бүтээхэд чиглэнэ.
Метагийн “Like” товч, X-ийн “Hashtag”, мөн Японы KobeTech хакатоноос төрсөн QR кодын хэрэглээний шинэ хувилбарууд зэрэг нь бүгд хакатоноос урган гарсан санаанууд юм.
Тиймээс “Hack the Future” нь Монголд залуусын оролцоог нэмэгдүүлэх технологийн шийдэл, сошиал кампанит ажлын санааг тодорхойлох, бодит нөлөөллийн хөтөлбөр боловсруулах орон зай болж байна.
Хакатон 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө эхэлж, 8-ны орой дүнгээ гаргана. Энэ хугацаанд оролцогчид 36 цагийн турш тасралтгүй багийн ажиллагаа явуулж, судалгаа, санаа боловсруулах, дижитал бүтээгдэхүүн бүтээх, нөлөөллийн аяны төлөвлөгөө гаргах зэрэг сорилтуудыг гүйцэтгэнэ.
Оролцогчид мэргэжлийн ментор, сургалт, туршлага хуваалцах уулзалт, ажил хэрэгч хэлэлцүүлэгт хамрагдах бөгөөд финалын шатанд хамгийн шилдэг санаачилгуудыг танилцуулж, шүүгчдийн баг үнэлгээ өгнө.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд инновац, технологийн салбарын мэргэжилтнүүд, залуучуудын оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцоно.
Хакатоны нийт шагналын сан 30 сая төгрөг бөгөөд залуусын дижитал оролцоог дэмжих хамгийн бүтээлч, хэрэгжих боломжтой гурван санаачилгыг урамшуулж, улмаар бүтээлч төлөвлөгөөгөө контент бүтээгч нөлөөлөгч залуустай хамтран бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгоно. Гол санаа нь зөвхөн мөнгөн урамшуулал бус, төсөл санаагаа бодит ажил болгох дараагийн шатны дэмжлэг, олон улсын байгууллагуудын хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгнө.
Хамгийн шилдэг санаачилгууд “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд туршилтын түвшинд хэрэгжиж, залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх бодит жишээг бий болгохыг зорьж байна. Өнөөдөр залуусын дижитал хэрэглээ өндөр ч, бодит нөлөөллийн оролцоо сул байна. “Hack the Future” нь энэ тэнцвэрийг бий болгож, дижитал мэдлэг, чадварыг иргэний идэвхтэй оролцоотой холбох зорилготой хэмээн хакатоны хамтран зохион байгуулагч, ментор Ц.Чимэддондог мэдэгдлээ.
Ийм төрлийн хакатон нь зөвхөн технологийн төдийгүй нийгмийн шинэ шийдэл гаргадаг нь онцлог. Оролцогч залуус дижитал кампанит ажил, цахим оролцооны платформ, апп-ууд, өгөгдлийн өгүүлэмж, мэдээллийн нөлөөллийн стратеги зэрэг олон чиглэлээр ажиллана.
“Hack the Future” хакатон нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Voices for Change – Өөрчлөлтийн дуу хоолой” төслийн хүрээнд болж байна.
Төслийг Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле Академи (DW Akademie), FARO foundation ТББ, Монголын Залуучуудын Эвсэл ТББ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын залуусын дуу хоолой, санал санаачилгыг бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэсэн иргэний нийгмийн байгууллагуудын хамтын санаачилга юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!