

Монгол Улсын урт хугацааны болон дунд хугацааны хөгжлийн бодлого, өвчний дарамт, судалгаа, нотолгоонд үндэслэн Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заавал хийх дархлаажуулалтад хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг сэргийлэх тарилгыг нэмсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталж, дархлаажуулалтыг улсын хэмжээнд хийж буй.
2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 33,955 гаруй хүүхдийг дархлаажуулжээ. Эдгээр хүүхдэд ямар нэгэн урвал хүндрэл гараагүй болохыг ЭМЯ-аас мэдээлсэн.
Тэгвэл дэлхий дахинд 2006 оноос хойш ХПВ-ийн халдварын эсрэг вакцинд 270 гаруй сая хүн хамрагдаад буй. Уг вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд бий. Тухайлбал, АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХX-ын 16, 18 хэв шинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй гарсан байна.
Нийслэлийн Баянгол, Багануур дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн ХПВ-ийн халдварын эсрэг вакцины 3 тунд хамрагдсан охидыг 11 жилийн дараа дагаж судалсан Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-ын судалгаагаар вакцинд хамрагдсан бүлэгт ХПВ-ийн 16 болон 18-р хэв шинжийн тархалт вакцинд хамрагдаагүй бүлэгтэй харьцуулахад 9 дахин буурч, түүн дотроо ХПВ 16-р хэв шинжийн тархалт 8 дахин буурсан байна.
Мөн ХПВ-ийн вакцин нь ХПВ-ийн өндөр эрсдэлтэй 16-р хэв шинжээс 5 жилийн дараа 90 хувь, 11 жилийн дараа 100 хувь хамгаалсан үр дүн гарсан бөгөөд жирэмслэлт болон төрөлт ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан бүлэг болон вакцингүй тухайн насны бүлэгт 5, 11 жилийн дараа ижил байсан бөгөөд жирэмслэлт, төрөлтөд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй байна.
Тэгвэл 2012 онд Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг Монголд анх эхлүүлсэн. Тус оноос хойш Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтыг зогсоогоогүй буюу жил бүр 1000-2000 хүн тун вакциныг сайн дураар хийлгэсэн дүн мэдээ бий.
Сайн дурын вакцинжуулалтад хамрагдсан Төв аймгийн Баян сумын Өгөөмөр II багийн малчин Б.Баяржаргал хэлэхдээ, "Би нутагтаа нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Анх 2015 онд Гардасил /Хүний папиллома вирусийн эсрэг вакцин/ гэх вакциныг хийлгэж байсан. Гардасил гэх вакцины талаар телевизээс мэдээлэл авч байлаа.
Тухайн үед бага насны хүүхдүүдэд хийдэг вакцин гэж байсан. Насанд хүрэгчид шинжилгээ өгөөд эрүүл бол хийлгэж болно гэж сонсоод хийлгэе гэж бодоод шинжилгээг нь өгсөн. Тэгээд эрүүл гарсны үндсэн дээр 2015 онд энэ вакциныг хийлгэсэн юм.
Түүнээс хойш 2021 онд миний бага хүү гарсан. Энэ вакциныг хийлгэснээр надад ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Өвдөх зовуурь ч байгаагүй. Миний хүүд ч гэсэн ялгаагүй. Одоо дөрвөн настай. Эрүүл, саруул хүүхэд гүйж явна.

Тухайн үед мэдээнээс ойлгохдоо энэ вакциныг хийлгэснээр өвчилсөн хойно нь эмчлэх биш, өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга юм байна гэдгийг ойлгоод энэ вакциныг хийлгэж байсан. Манай хөдөөгийнхөн бол вакцины талаар эсвэл тарилга тарианы талаар "өө буруу, тэрийг хийлгэсний дор хийлгээгүй явсан нь зөв гэдэг ч юм уу" бие биеэсээ ам яриагаар сонсдогоос биш, мэдээлэл бага байсан. Одоо бол интернэт, сошиал орчин хөгжсөн, гар утаснаасаа их мэдээлэл авч байна.
Тиймээс энэ вакциныг хийлгэснээр бид өөрсдийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга юм байна гэж ойлгосон. Энэ талаарх мэдээллийг өөртэйгөө ижил малчид болон хөдөө амьдардаг бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ хэлмээр байна" гэв.
Мөн 2012 онд Эрүүл мэндийн яамны халдварт өвчин хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Нарангэрэлийн ярианаас онцолбол, "Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-аас үр дүнгийн судалгаа хийсэн. Судалгаанд вакцин хийлгэсэн дөрвөн газраас 18-23 насны 1903 эмэгтэйг хамруулж асуумж болон вирус ирүүлэх шинжилгээнд хамруулсан байдаг. Шинжилгээгээр вакцины үр дүн 90 хувь, дархлал тогтцын түвшин маш сайн гарсан. Вакцин хийлгэсэн хүмүүс дотор үргүйдэлд хүрсэн хүн нэг ч байхгүй гэж судалгааны үр дүн гарсан байдаг.
Харин вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдэд ХПВ-ийн 16, 18-р хэв шинж буюу умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэл хамгийн өндөртэй вирус илэрсэн. Тэгэхээр хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийснээр үр дүн гарсан нь нотлогдсон" гэдгийг тодотгожээ.
Гэрэл зургийг Г.Өнөболд
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!