
Охид бүр л бага байхдаа гүнж болж тоглодог байсан байх. Ингэж тоглоход бидэнд царайлаг ханхүү, цагаан ордон, аварга хулуу, шидэт дохиур гэх мэт зүйлс бус харин ганц л зүйл хэрэгтэй байсан нь мэдээж титэм. Монголчууд бид эрдэнийн чулуугаар шигтгэсэн титэм зүүдэггүй болохоор барууны эрхэс дээдсүүдийн эрх мэдлийг тодорхойлогч титмийн талаар тийм ч сайн мэдээд байдаггүй. Хүүхэд байхдаа л хүүхэлдэйн киноноос харж байсан тэдгээр гоёл бодит амьдрал дээр хэр үнэ хүрдэг талаарх итгэмээргүй мэдээллийг уншигч танд хүргэж байна.
1. Хатан Мэригийн титэм – Үнэлэх боломжгүй

Жагсаалтын нэгдүгээрт хатан Мэригийн мөнгөөр үнэлж боломгүй алдарт титмийг орууллаа. Энэ гайхалтай титмийг Хатан хаан хоёрдугаар Элизабеть хуримын ёслолдоо сонгож зүүсэн бөгөөд уг титэм нь Британий хааны гэр бүлийн титмийн цуглуулгын салшгүй нэг хэсэг билээ. Титэмд ашиглагдсан алмазууд нь анх Хатан хаан Викториагаас Хатан хаан Мэрид бэлэглэсэн хүзүүний зүүлтийн хэсэг байсан ч Мэри тэрхүү зүүлтийг түүхэнд мөнхлөгдөн бичигдэх гайхалтай титэм болгож хувиргажээ.
2. Хабсбургийн Лоррейн титэм – 80 сая ам.доллар

Хабсбургийн Лоррейн титэм мөн өөрөөр Австрийн эзэнт гүрний титэм гэж нэрлэгддэг Лоррейн титэм нь 18-р зууны эхээр бүтээгдсэн ба Хабсбургийн гэр бүлийн сүр хүчийг илтгэдэг. Урлагийн бүтээл ч гэж хэлж болох энэхүү титэм нь маш нарийн хийцтэй бөгөөд алмаз болон маргад эрдэнийн чулуугаар цэцгэн хээ гаргаж Колумб индранилыг шигтгэж өгсөн нь титмийн үзэмжийг тодотгож өгдөг байна.
3. Владимирын Их Герцогийн титэм – 50 сая ам.доллар

Романовын гэр бүлээс гаралтай энэхүү нүд унагам үзэсгэлэнт титэм нь 1874 онд хийгдсэн бөгөөд алмазаар битүү шигтгэсэн дугуйнуудыг сувд болон маргад эрдэнээр хослуулан чимэглэж өгчээ. Харамсалтай нь титмийг Оросын хувьсгалын үеэр Британий тусламжтайгаар эх орноос нь нууцаар гаргасан гэдэг.
4. Голландын индранил титэм – Үнэлэх боломжгүй

Голландын индранил титэм нь Голландын хааны гэр бүлийн чухал үнэт эдлэлийн нэг яах арга үгүй мөн. Энэхүү гоёлыг 1966 онд Голланд гаралтай үнэт эдлэлийн дархан Van der Stichel-ээр Нидерландын хатан Юлиана захиалан хийлгэжээ. Титэм нь Нидерландын Дренте, Флеволанд, Фрисланд, Гелдерланд, Гроннинген, Лимбург, Умард Брабант, Умард Голланд, Оверйссел гэх есөн аймгийн нэгдлийг илэрхийлдэг. Титмийн босоо багана нэг бүр есөн аймгийн нэгийг илтгэдэг гэсэн үг. Хэдийгээр Юлиана хатны уг титмийн үнийг тодорхойлох боломжгүй ч нарийн хийцтэй загвар, урлаачийн ур чадвар, өндөр чанартай эрдэнийн чулуунууд ашигласан гэдэг дээр үндэслэвэл мөн л хэдэн сая ам.доллароор үнэлэгдэх болов уу.
5. Муваадын титэм – 10 сая ам.доллар

Муваадын алдартай үнэт эдлэлийн газарт хийгдсэн Муваадын титэм нь тансаг байдлаараа хүмүүсийг алмайруулдаг. Титмийн хийцийн хувьд 100 гаруй өнгөгүй алмазыг голд нь сүндэрлэх 60 каратын шаргал чулуутай маш ухаалгаар загварчлан хослуулжээ. Дахин давтагдашгүй нарийн хийц болон алмаз эрдэнийг харамгүй ашигласан нь уг титмийг 10 сая ам.доллароор үнэлэх гол хүчин зүйл болжээ.
Эх сурвалж: adastra jewelry
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!