Камер унтрахад


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Олны танил эрхмүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байдаг бол гэж чи нэг удаа ч болов бодож байсан биз ээ. Камерын өмнө үргэлж инээмсэглэж, сахиусан тэнгэр мэт эелдэг дүр төрхийг үзүүлдэг тэд үнэхээр тийм төгс хүмүүс үү, эсвэл алдар нэр, карьераа хамгаалахын тулд жүжиглэдэг юм болов уу?

Магадгүй энэ асуултад зөвхөн тэдэнтэй бодит амьдрал дээр уулзаж үзсэн хүмүүс л хариулж чадах байх. Тэгвэл энэхүү нийтлэлд бид дэлхийн алдартнуудтай санамсаргүй байдлаар таарсан хүмүүсийн сонирхолтой түүхүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

@BlackIsTheSoul

Би өмнө нь Muchmusic (Канадын телевизийн суваг)-т ажилладаг байлаа. Ажиллах хугацаандаа олон алдартнуудтай таарч байсан ч сэтгэлд хамгийн тод үлдсэн хоёр хүн бий. Taylor Swift-ээс эхэлье. Taylor Swift үнэхээр эелдэг, сайхан үнэртэй, хамт ажиллахад амар хүн байсан. Манай ажилчидтай ямар гайхалтай харьцсан гэдгийг нь хэлэх нь зүйтэй байх. Нөгөө хүн нь Ryan Reynolds. Тэр зүгээр л солиотой амьтан. Намайг ингэж хэлэхээр хүмүүс итгэдэггүй ч үнэн ийм л байна. Миний хамтарч ажиллаж байсан алдартнуудаас хамгийн аймшигтай нь.

@spwf

Хэдэн жилийн өмнө Will Smith-тэй ажиллах болсон юм. Тэр бүх хүмүүстэй мэндэлдэг байсан ба үргэлж л ажилчидтай хошигнож хүмүүсийг инээлгэж явдаг догь залуу байсан.

@deleted

Хуурай эгч маань Gorden Ramsay-ийн байнга очиж үйлчлүүлдэг Cornwall-д байх ресторанд зөөгч хийдэг байсан. Тэгээд тэр Gorden Ramsay-г хараад хэт сандрахдаа ус асгачихсан гэсэн. Түүнийг яах аа мэдэхгүй айн зогсож байхад Ramsay түүн рүү дулаахнаар инээмсэглээд “Битгий санаа зов доо, зүгээр” гэж хэлээд хамт ирсэн хүнтэйгээ ярьж байсан зүйлээ үргэлжлүүлсэн гэнэ лээ.

Мөн намайг жаахан байхад бид гэр бүлээрээ дэлгүүр хэсэж явсан юм. Хүүхэд байсан болохоор аав, ээж хоёрыг бараа сонирхож байх хооронд дэлгүүрээр сахилгүйтэн гүйж байхдаа үнэхээр танил царайтай хүнтэй таараад “Та үнэхээр танил харагдаад байх юм. Бид өмнө нь уулзаж байсан бил үү?” гэхэд тэр инээмсэглээд “Үгүй ээ, гэхдээ хүмүүс надтай таарах бүртээ ингэж хэлдэг юм” гээд цаашаа яваад өгсөн.

Түүнийг явсан даруйд аав минь дэргэд ирээд “…Чиний сая ярьсан хүн Mr Bean гэдгийг мэдэж байгаа биз дээ?” хэмээхэд нь л түүнийг яагаад тийм танил санагдаад байсныг ойлгосон юм даа.

@flea902

Paris Hilton- Би түүнтэй биеэр уулзаагүй л дээ. Гэхдээ би нислэгийн компанид лавлахаар ажилладаг байлаа. Тэр манай компани руу шинэ жилийн өдөр нисэх байсан нислэгийнхээ цагийн хуваарийг өөрчлүүлэх гэж шөнийн гурван цагийн үед залгасан бөгөөд утасны цаанаас үдэшлэг болж байгаа бололтой маш чанга чимээ гарч байсан. Яг тэр өдрийн өмнөх өдөр нь би найзуудтайгаа ууж суусан болохоор шарталт гэж авах юмгүй, юун ажил хийх манатай л байсан. Харин тэр миний будилуу байдалд уурлах байтугай эсрэгээрээ надад маш хүлээцтэй хандаж бүр жижиг хувийн яриа ч өрнүүлээд амжсан. Би үнэхээр их гайхсан шүү.

@FemtoSenju

Хэдэн жилийн өмнө би New York-т дуу бичлэгийн студид ажилладаг байсан. Нуугаад яах вэ DJ Khaled камер унтраастай үед үнэхээр муухай ааштай. Би түүнийг дадлагажигч руу маш чангаар “Тийм болохоор л миний цомог #1-т бичигдсэн, харин чамд юу байгаа юм дээ?” гэж хашхирч байхыг сонссон.

Justin bieber-ийн хувьд тэр үнэндээ үнэхээр тайван залуу байсан л даа. Чи түүнтэй энгийн харьцах юм бол тэр ч чамтай энгийн л харьцана. Харин түүнтэй алдартан шиг харьцвал тэр тухгүй болж эхэлж байгаа нь илт байдаг байсан.

@Lola’s wife

Би Elizabeth II хатныг амьд байхад түүн рүү үргэлж захидал бичдэг байсан юм. Төрсөн өдрийн мэнд хүргэе, Зул сарын мэнд гэх мэтчилэн. Ихэнхдээ надад түүний туслах ч бил үү нарийн бичиг ч бил үү хүнээс “Хатан танд талархлаа илэрхийлж байна” гэсэн хариу авдаг байсан ч нэг өдөр надад хатан ӨӨРӨӨ талархлаа илэрхийлж захидал явуулсан. Би тэр захиаг хайрцганд хийгээд хадгалчихсан байгаа.

@Emma

Нэг удаа би рестораны угаалгын өрөөнд Olivia Rodrigo-той таарсан. Тэр надаас нойлын цаас байгаа эсхийг асуусан гээд боддоо. Галзуу байгаа биз!

@Emily

Би зүгээр л гудамжаар явж байхдаа Adam Sandler-ийг охидуудтайгаа явж байхад нь таарсан. Тэр надад гутлын минь үдээс тайлагдсан байна гэдгийг хэлсэн юм.

@jamo

Rihanna-аас би цуг зураг авхуулахыг гуйхад тэр надад “Одоо биш ээ” гэж хэлсэн. Энэ явдал одоо ч толгойноос минь гардаггүй. Одоо л биш бол бид дахиж хэзээ уулзана гэж?

Эх сурвалж: Reddit

#олны танил