Энэ асуултад хариулахаар эрдэмтэд олон таамаглал дэвшүүлдэг. Нялх хүүхдүүдэд ой санамж байдаг уу? Хэрэв тийм бол тэдгээр ой санамж хаачив? Бид яагаад санахгүй байна вэ?
Бидний анхны алхам, анх удаа хэлсэн үг зэрэг нь маш чухал боловч бид санадаггүй. Үүнийг ой тогтоолтын гажиг гэж нэрлэжээ.
Тархи, мэдрэл судлаачид энэ асуудлыг олон жил судалж байна. АНУ-ын Иелийн их сургуулийн тархины эмч, профессор Ник Турк-Браун "Бага насанд ой санамж бий ч бид олон жилийн дараа тэдгээрийг татан гаргаж ирээд ашиглаж чаддаггүй юу? Эсвэл дурсамж огт үүсдэггүй юу? Миний бодлоор нялх хүүхдүүдийн тархинд ой санамж үүсдэггүй" гэжээ.
Энэ үзэл сүүлийн арван жилийн турш түгээмэл байв. Хүүхдэд би гэх үзэл суугаагүй, ярьж сураагүй тул өнгөрснөө тогтоодоггүй гэж тайлбарладаг байжээ. Мөн дөрвөн нас хүртэлх хүүхдийн тархинд нь өнгөрснийг хадгалах үүрэгтэй хэсэг бүрэн хөгжөөгүй байдаг гэх судлаач ч бий. Гэвч хамгийн сүүлийн судалгаа эдгээр дүгнэлтийг үгүйсгэжээ.
Судлаачид 4-12 сартай, 26 хүүхдийг судалгаанд хамруулсан байна. Тэдэнд зураг үзүүлэнгээ тархийг нь сканердаж, тархин дахь ой санамжийн хэсэг идэвхтэй байгаа, эсэхийг шалгажээ.
Дараа нь хүүхдүүдэд шинэ зураг үзүүлж, тэдгээрийн дотор өмнөх нэг зургийг багтаасан байна.
Шинэ, хуучин хоёр зургийн аль руу нь хүүхэд илүү удаан харсныг хэмжиж, нүдний хөдөлгөөнийг нь ажиглажээ. Хэрэв хүүхдүүд өмнө харсан зургаа илүү удаан ширтвэл хүүхэд тэр зургийг санаж, таньж байна гэсэн үг юм.
Үр дүнд нь судлаачид 12-оос дээш сартай хүүхдүүд зургийг санах магадлал өндөг байгааг тогтоожээ. Тэгэхээр тархин дахь ой санамжийн хэсэг хүүхэд хэдэн сартайгаас нь эхлэн хөгждөгийг тогтоох боломжтой.
Тэгвэл бидний дурсамж хаачив?
АНУ-ын Иелийн их сургуулийн тархины эмч,профессор Ник Турк-Браун өөрийнхөө боддогоос огт өөр үр дүнд хүрсэн судалгааг ахалсан. Хэрэв нэг настайд нь ой санамжийн хэсэг тархинд бүрдсэн бол ой санамжууд хаачив гэдэг асуулт үүснэ.
2023 оны судалгаа хулгана төөрдөг байшингаас хэрхэн гарах аргыг эрт сурдаг ч насанд хүрсэн хойноо мартдагийг тогтоожээ. Хүн ч мөн адил уу гэдгийг хараахан тогтоогоогүй байна.
Нэг ойтой хүүхдийн тархины санах хэсэг идэвхтэй байгаа бол түүнийг хиймлээр идэвхжүүлж, ой санамжийг эргүүлэн авчирч болох уу?
Хүүхэд цэцэрлэгээсээ ирээд өдөр юу хийснээ ярьдаг ч хэдэн жилийн дараа тэдгээрийг санадаггүй. Иймд бидний ой санамж түр зуурын шинжтэй. Мөн бид өнгөрснөө эргэн бодож, ухамсартай үйлдэл хийх, эсэх нь нөлөөтэй аж.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!