Өмнөд Солонгос Улсаас гаралтай, дэлхийн алдарт Blackpink хамтлаг “Deadline” гэх дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Эл тоглолтоо энэ оны долоодугаар сарын 5-ны өдөр Сөүл хотын Goyang цэнгэлдэх хүрээлэнд эхлүүлсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сард өндөрлөх юм.
Шинэ дуугаа цацсанаас хойш гурван жилийн турш хамтлагаараа ямар ч идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байсан тэд удаан хугацааны дараа аялан тоглолтоо хийж буй нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа фенүүдийнх нь сэтгэлийг баярлуулсан нь лавтай. Ихэнх дууныхаа бүжгийг шинээр дэглэж, сүүлийн зургаан жил тоглолтынхоо тайзан дээр огт дуулаагүй байсан “Really”, “See you later” зэрэг фенүүдийнхээ сонсохыг хүссэн дууг дуулжээ.
Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ “Deadline” тоглолтын онцлох үйл явдлууд болон гишүүдийн дэгжин хувцаслалтуудыг сонирхуулж байна.
“KILL THIS LOVE” ДУУГААРАА ТОГЛОЛТОО НЭЭВ
Гурван жилийн турш хамтлагаараа идэвхтэй уран бүтээл хийгээгүй Blackpink-ийг фенүүд нь хамгийн түрүүнд тайзнаа ямар дуугаар эргэн ирэх бол гэж тэсэн ядан хүлээж байсан. Харин тэд тэртээ 2019 онд цацагдаж байсан “Kill This Love” дуугаараа тоглолтоо нээв. Эрч хүчтэй бүжгийн хөдөлгөөн, хүчирхэг хөгжмийн аялгуу, гишүүдийн дэгжин хувцаслалт, хоолой гээд тайзны дүр төрх нь фенүүд нь ихээхэн таалагджээ.
ГИШҮҮД БИЕ БИЕИЙНХЭЭ СОЛО ДУУГ ХАМТДАА ДУУЛАВ
Сүүлийн жилүүдэд Jisoo, Jennie, Lisa, Rose нар соло уран бүтээлдээ илүү анхаарч, ажиллаж байгаа билээ. Тэдний гаргасан дуу бүр дэлхийд тренд болж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тэд тоглолтын үеэр бие биеийнхээ соло дууг хамтдаа дуулан фенүүдээ гэнэтийн бэлэг барив. Тодруулбал Jisoo-ийн “Earthquake”, Jennie-ийн “Like Jennie”, Rose-ийн “APT” болон Lisa-ийн “FUTW” дуунуудыг дуулсан байна.
ROSE БА BRUNO MARS
“Don’t you want me like I want you baby
Don’t you need me like I need you now
Sleep tomorrow but tonight go crazy
All you gotta do is just meet me at the
Apateu, apateu, apateu, apateu”
“APT” энэ жилийн хамгийн тренд дуу гэхэд буруудахгүй л болов уу. Лос Анжелес хотод болсон Blackpink хамтлагийн “Deadline” тоглолтын үеэр Bruno Mars гэнэтийн зочноор оролцож, Rose-тэй хамт “APT” дуугаа тайзнаа амилуулсан юм.
К-ПОПЫН ТОМООХОН ОДОД “DEADLINE” ТОГЛОЛТ ДЭЭР ЦУГЛАВ
BTS хамтлагийн RM, Jhope, Suga, Twice хамтлагийн Nayeon, Jihyo, Newjeans хамтлагийн Hanni, Redvelvet хамтлагийн Irene, Seulgi, Exo хамтлагийн Suho болон Seventeen, Straykids, Treasure, Babymonster, Le sserafim, Winner зэрэг маш олон к-поп дуучид ирж тэдний тоглолтыг үзжээ. Мөн дуучдаас гадна Lee Hyeri, Jung Hae In, Kim Jiwon, Lee Min Ho, Hoyeon, Eugene зэрэг жүжигчид ч хүрэлцэн ирсэн байна. Мөн зарим алдартанд Jisoo хамтлагийнхаа мерч бүтээгдэхүүнээс бэлэглэжээ.
ЦОО ШИНЭ ДҮР ТӨРХ, ШИНЭ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭХ “JUMP” ДУУ
Blackpink хамтлагийнхан хамгийн сүүлд “Jump” гэх шинэхэн уран бүтээлээ сонсогчдын хүртээл болгоод буй. Энэхүү дуу нь тэдний өмнөх уран бүтээлүүдээс өөр байсан бөгөөд илүү шинэлэг, эрч хүчтэй хэмнэлтэй. Дууны клипний хувьд ч өмнөх дүр төрхөөс нь огт өөр байгааг харж болно. Тэд “Deadline” тоглолтынхоо үеэр “Jump” дуугаараа анх удаа тайзан дээр үзүүлбэр үзүүлсэн юм.
LISA СУПЕР БААТРУУДЫН ДҮРД ХУВИРСАН НЬ
Тоглолтын уур амьсгал, гайхалтай дуулалтаас гадна үзэгчдийн хамгийн их анхаарал татаж буй зүйл бол тэдний хувцаслалт. Өвөрмөц хэр нь дэгжин хувцаслалтууд нь олон хүний анхаарлыг татаж байсан. Lisa тоглолтын туршид супер баатар, Labubu зэрэг сонирхолтой хувцаслалтаар гангарчээ.
JISOO ПАРИС ДАХ ТОГЛОЛТ ДЭЭРЭЭ “EARTHQUAKE” ДУУГАА АНГЛИ ХЭЛ ДЭЭР ДУУЛЛАА
Jisoo энэ оны хоёрдугаар сарын 19-нд “Earthquake” гэх дуугаа олны хүртээл болгосон. Уг дууны дийлэнх хэсэг нь солонгос хэлээр дуулагдсан байсан. Гэтэл “Deadline” тоглолтын үеэр энэхүү дуугаа бүтэн англи хэлээр шинэчлэн дуулжээ.
ТАСАЛБАР БОРЛУУЛАЛТААР РЕКОРД ТОГТООЛОО
“Deadline” аялан тоглолтын тасалбар эхний өдрөөсөө эхлэн хэдхэн минутын дотор зарагдаж дуусжээ. Сөүл, Лос Анжелес, Нью-Йорк зэрэг хотуудад хоёр өдөр дараалан тоглолтоо хийсэн. Гэсэн ч тасалбар худалдаж авах хүсэлтэй хүмүүс нэмэгдсээр байсан тул зарим хотуудад нэмэлт тоглолт зарлахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тэдний Парис дах аялан тоглолтыг хоёр өдрийн турш нийт 110 мянга гаруй хүн үзжээ. Ингэснээр Blackpink к-попын түүхэнд хамгийн их тасалбар борлуулсан уран бүтээлчид болж рекорд тогтоолоо.
ТОГЛОЛТЫН ДЭГЖИН ХУВЦАСЛАЛТУУДААС...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!