Хичээл сургууль эхэлж, оюутан сурагчдын инээд хөөр бялхсан шинэ сарын мэнд. Yolo.mn сайтаас уншигчдадаа зориулан энэ сард нээлтээ хийх бүх к-драмыг багцлан хүргэж байна.
10 жилийн дараа уулзах анхны хайр, цуврал алуурчин бүсгүй, шударга ёсны төлөө нэгдсэн луйварчид, бие биедээ дургүй өрсөлдөгч найзууд, найз эсвэл хайрыг сонгох хүндхэн шийдвэртэй тулгарсан охид, нөхрийнхөө эмчилгээний зардлыг олох гэж байгаад санаандгүй гэмт хэрэгтэй холбогдож буй эмэгтэй зэрэг төрөл бүрийн 12 кино есдүгээр сард нээлтээ хийх гэж байна.
Ингээд энэ сард нээлтээ хийх к-драмуудтай танилцана уу.
“MY YOUTH”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 5
Гол дүрд: Song Joong Ki, Chun Woo Hee
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Сон Ү Хэ багадаа маш алдартай, авьяаслаг жүжигчин хүү байжээ. Гэвч өсөж томрохын хэрээр томчуудын хүсэл шуналаас болж жүжигчин мэргэжлээ орхиж, маш хүнд цаг үеийг туулна. Үүний дараа тэрээр даруухан нэгэн зохиолч, ургамал судлаач болсон байдаг. Гэтэл нэгэн өдөр анхны хайр Сон Жэ Ён нь 10 жилийн дараа түүний өмнө дахин гарч ирнэ. Тэд багаасаа л хамтдаа тоглож, нэгнийгээ хэцүү цагт нь түшиж өгдөг сайн найзууд байсан бөгөөд олон жилийн дараах уулзалт нь хуучин дурсамжийг нь дахин сэргээнэ.
“QUEEN MANTIS”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 5
Гол дүрд: Go Hyun Jung, Jang Dong Yoon
Нийт анги: 8 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Жон И Ши бол 20 жилийн өмнө таван эрэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн “Mantis” хэмээх хочтой цуврал алуурчин эмэгтэй. Тэрээр Ча Су Ёль гэх ганц хүүтэй. Хүү нь түүнийг маш ихээр үзэн яддаг бөгөөд одоо цагдаа мэргэжилтэй. Нэгэн өдөр цагдаагийн байгууллагад “Mantis”-ын аллагыг дуурайн хийгдсэн шинэ гэмт хэрэг гарч ирнэ. Ча Су Ёль эл хэргийг илрүүлэхийн тулд ээжээсээ тусламж авахаас өөр аргагүйд хүрч буйгаар үйл явдал өрнөнө.
“CONFIDENCE QUEEN”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 6
Гол дүрд: Park Min Young, Park Hee Soon, Jong Hyuk
Нийт анги: 12 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/
Өөр өөрийн гэсэн дүр төрх, имижтэй гурван луйварчин өнөө цагийн муу хүмүүсээс өшөө авах зорилготойгоор нэгдэнэ. Тэдний нэг болох Юн И Ран бол 165 IQ-тай, суут ухаантан гэгддэг бөгөөд төрөлхийн манлайлагч чадварлаг нэгэн. Харин дараах нь Жеймс. Тэрээр хошин шогийн мэдрэмжтэй, олон ур чадвартай жинхэнэ мастер луйварчин юм. Сүүлийн хүн бол Мён Гү Хо. Мён Гү багийнхаа хамгийн залуу гишүүн ба өхөөрдөм хэр нь шударга зан нь бусдад таалагддаг аж. Тэдний төлөвлөгөө бүтэх болов уу?
“TEMPEST”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 10
Гол дүрд: Jun Ji Hyun, Gang Dong Won
Нийт анги: 9
Мүн Жү дипломатч бөгөөд АНУ-д элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай эмэгтэй. Гэтэл нэгэн өдөр Өмнөд ба Хойд Солонгосыг хамарсан аллага гардаг. Үүний цаана улс төрийн бохир явуулга байсныг Мүн Жү санамсаргүй олоод мэдчихдэг. Ингээд тэрээр цэрэг Сан Хотай хамтран эл хэргийг илрүүлэхээр бүх чадлаараа тэмцэнэ.
“YOU AND EVERYTHING ELSE”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 12
Гол дүрд: Kim Go Eun, Park Ji Hyun
Нийт анги: 15
Рю Ин Жүн, Чон Сан Ён хоёр багаасаа хамт өссөн найзууд. Гэхдээ тэдний гэр бүл, зан ааш, орчин, эд хэрэглэл гээд бүх зүйл нь тэс өөр. Чон Сан Ён чинээлэг гэр бүлээс гаралтай, төрөлхийн авьяастай охин бол Рю Ин Жүн үргэлж л түүнд атаархаж, өрсөлдөж амьдардаг нэгэн. Гэсэн ч тэд найзалсаар л байдаг. Он жил урсан өнгөрсөөр 40 гаруй насандаа тэд дахин уулзав. Энэ хугацаанд тэд хоорондоо холбогдоогүй бөгөөд Рю Ин Жүн кино зохиолч, харин Чон Сан Ён амжилттай яваа кино продюсер болжээ. Нэгэн өдөр тэд уулзаж Чон Сан Ён найз Рю Ин Жүн-дээ санаанд оромгүй санал тавина.
“A HUNDRED MEMORIES”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 13
Гол дүрд: Kim Da Mi, Shin Ye Eun, Heo Nam Jun
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Киноны үйл явдал 1980-аад оны Өмнөд Солонгос Улсад өрнөнө. Ко Ён Рэ өвчтэй хэдий ч гэр бүлээ тэжээхийн тулд автобусны кондуктороор хичээнгүйлэн ажиллана. Нэгэн өдөр түүний ажилд сэргэлэн цовоо Со Жон Хү гэх охин орж ирэх ба тэд хурдан хугацаанд найзууд болдог. Нэгэн санаандгүй учралаар тэд чинээлэг гэр бүлээс гаралтай, боксчин болох мөрөөдөлтэй Хан Жэ Пил гэх хүүтэй танилцана. Гэвч хоёулаа түүнд сайн болсноор охид хайрыг сонгох уу, найзаа сонгох уу гэсэн хүндхэн асуудалтай нүүр тулах болно.
“SHIN'S PROJECT”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 15
Гол дүрд: Han Sukkyu, Bae Hyun Sung, Lee Re
Нийт анги: 12 /нэг анги нь 60 минут үргэлжилнэ/
Эл кино нь шарсан тахианы ресторан ажлуулдаг Шин ноён гэх залуугийн түүхийг өгүүлнэ. Тэрээр нээлттэй, өгөөмөр нэгэн бөгөөд хөршүүдийнхээ дунд “эвлэрүүлэгч” гэдэг нэрээрээ алдартай. Учир нь тэрээр хөршүүдийн хооронд маргаан гарах бүрд хурдан, зөв шийдвэрлэж чаддаг тул ийнхүү нэрлэжээ. Тэрээр Филип, Си Он гэх хоёр хамтрагчтайгаа нэгдэж шударга ёсны шинэ хэлбэрийг эрэлхийлнэ.
“TO THE MOON”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 19
Гол дүрд: Lee Sun Bin, Ra Miran, Jo Aram, Kim Young Dae
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Энэхүү кино нь амттай хоол, дэгжин хувцас, том хаус, загварлаг машинаар дүүрэн чинээлэг ертөнц болон тэдний цаана орших тогтворгүй хөдөлмөрийн орчин, ажлын шударга бус байдал, өр зээлээс болж өдрөөс өдөрт ядуурч буй залуусын амьдралын түүхийг харуулна.
“WALKING ON THIN ICE”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 20
Гол дүрд: Lee Young Ae, Kim Young Kwang, Park Yong Woo
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Кан Ин Сү бол жирийн нэгэн гэрийн эзэгтэй. Тэрээр хорт хавдраар өвчилсөн нөхрийнхөө эмчилгээний зардлыг төлөх гэж явахдаа хэдэн зуун тэрбум воны үнэ бүхий хар тамхийг зарж, санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдоно.
Харин нөгөө талд Ли Гён гэх дунд сургуулийн дүрслэн урлагийн багш байдаг. Ли Гён царай зүс, зан чанар, өв хөрөнгө гээд бүхий л талаараа төгс нэгэн мэт харагдах ч шөнө бүр Ганнамын алдартай клубт нэр нөлөөтэй айлын хүүхдүүдэд хар тамхи нийлүүлдэг ажилтай. Тэрээр Кан Ин Сү-тэй хамтрагч болсноор, санаанд оромгүй зүйлүүдтэй нүүр тулах болно.
“FIRST LADY”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 24
Гол дүрд: Eugene, Ji Hyun Woo, Lee Min Young
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Хён Мин Чол саяхан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан нэгэн. Гэтэл ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос ердөө 67 хоногийн өмнө тэрээр эхнэрээсээ салах шийдвэр гаргадаг. Эхнэр Ча Су Ён нь ерөнхийлөгчийн эхнэр буюу анх удаа хатагтай гэх хэргэм зэрэгтэй болохыг тэсэн ядан хүлээж байсан тул нөхрийнхөө гаргасан гэнэтийн шийдвэрт цочирддог. Ингээд Ча Су Ён нөхрөөсөө салахгүй байх арга зам хайж эхэлнэ.
“THE MURKY STREAM”
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 26
Гол дүрд: Rowoon, Shin Ye Eun, Park Seo Ham
Нийт анги: 9
Жусоны бүх мөнгө, бараа таваар дамжин өнгөрдөг Гёнган голын эргэн тойронд гурван хүний хувь тавилан огтлолцоно. Жан Ши Юл бол өнгөрснөө нуудаг, хэнэггүй эр. Чой Ин бол худалдааны бүлгийн удирдагч, шударга хүн. Харин Жон Чол бол төрийн шударга түшмэл бөгөөд Гёнган голын эргэн тойронд байгаа авлигыг устгахыг зорьдог нэгэн аж.
“MS. INCOGNITO"
Цацагдах өдөр: Есдүгээр сарын 29
Гол дүрд: Jeon Yeo Been, Jinyoung, Jang Yoon Ju
Нийт анги: 12 /нэг анги нь 1 цаг 10 минут үргэлжилнэ/
Ким Ён Ран Газун группийн эзний бие хамгаалагчаар ажилладаг. Тэрээр ядуу гэр бүлээс гаралтай ба санхүүгийн асуудлаас болж амьдрал нь хүндхэн байв. Гэвч амьдралаа бүрэн өөрчилж чадах азтай боломж гарч ирнэ. Тэрхүү боломж нь Газун группийн эзэнтэй гэр бүлийн хэлцлийн гэрээ байгуулах юм. Газун группийн эзэн өндөр настай хүн бөгөөд түүний амьдрах хугацаа тун богино. Ким Ён Ран өөрийн жинхэнэ нэрээ сольж, 3 сарын турш хуурамч нэрээр амьдран, эзний асар их өв хөрөнгийг булаан авахыг оролдож буй муу хүмүүсээс нуугдах шаардлагатай болно. Хэрвээ тэр энэ хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй амьдарч чадвал хэдхэн сарын дараа эзний хөрөнгө бүгд түүнд өвлөгдөх боломжтой. Тэр чадах болов уу?
Эх сурвалж: Korean binge, MyDramalist
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!