Лондонгийн хойд баруун хэсэгт амьдардаг 10 настай шатрын суут охин олон улсын мастер цолыг хүртсэн хамгийн залуу эмэгтэй болжээ.
Бодхана Сиванандан нь энэ оны эхээр Ливерпүүл хотод болсон 2025 оны Их Британийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд хасагдах шатанд 60 настай их мастер Питер Уэллсийг хожсоноор түүхэн амжилт үзүүлж, их мастерыг ялсан хамгийн залуу эмэгтэй тоглогч болсон байна.
2024 онд Бодхана нь Унгарт болсон Шатрын олимпиадад Английн эмэгтэй багт багтан тоглосноор, ямар ч спортын төрөлд Английг олон улсад төлөөлсөн хамгийн залуу тамирчин болсон гэж үзэж байв.
Түүний аав Сива өмнө нь BBC-д өгсөн ярилцлагадаа охиных нь авьяас хаанаас үүсэлтэйг сайн мэдэхгүй, учир нь өөрөө болон эхнэр нь хоёулаа инженер мэргэжилтэй бөгөөд шатар тоглодоггүй гэжээ. Бодхана анх таван настай байхдаа буюу ковидын цар тахлын үеэр шатрын спортыг сонирхож эхэлжээ.
Олон улсын шатрын холбоо X (хуучнаар Twitter) хуудсандаа “Сиванандан Ливерпүүлд болсон 2025 оны Их Британийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өрөгт 60 настай их мастер Питер Уэллсийг хожлоо” гэж бичжээ.
Тус холбоо “Сивананданы ялалт нь 10 нас 5 сар 3 хоногтойдоо Америкийн шатарчин Карисса Йипийн 2019 онд тогтоосон (10 нас 11 сар 20 хоног) дээд амжилтыг шинэчлэв” гэжээ.
Их мастер гэдэг нь шатарчны хамгийн дээд цол бөгөөд насан турш хадгалагдана. Эмэгтэй олон улсын мастер цол нь зөвхөн эмэгтэйчүүдэд олгодог хоёр дахь дээд цол бөгөөд хамгийн дээд нь эмэгтэй их мастер юм. Бодхана ирээдүйд хамгийн дээд зорилгоо биелүүлж, их мастер болохыг хүсэж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!