Жеймс Камероны алдарт “Avatar” киноны гуравдугаар анги болох “Avatar: Fire and Ash” энэ оны арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Уг киноны эсрэг талын гол дүр болох Varang-ийн анхны төрхийг саяхан танилцуулсан бөгөөд уг дүрийг жүжигчин Oona Chaplin бүтээж байна. Тэрээр “Ash” овгийн төлөөлөл ба Jake Sully-ийн гол дайсан болон гарч ирэх аж.
2009 онд анх нээлтээ хийсэн "Avatar" кино шинжлэх ухааны уран зөгнөлт төрлийн бүтээлүүдийн түүхэнд шинэ хуудас нээж, дэлхий даяар шуугиулж байсан түүхтэй. Pandora гариг дээр өрнөх энэхүү түүх нь байгаль, хүн төрөлхтөн болон харийн соёлын хоорондын харилцаа, зөрчлийг хөндөн харуулдаг. 2022 онд цувралын хоёрдугаар анги болох “Avatar: The Way of Water” үзэгчдэд хүрсэн бол удахгүй гарах “Fire and Ash” ангид гол дүрүүд Jake Sully болон Neytiri нар “Ash” овгийн шинэ аюултай тулах болно.
Трейлэрийн хэсэгчилсэн дүрс нь цахим орчинд тархсан ч төд удалгүй устгагджээ. Харин АНУ-ын хэд хэдэн хэвлэлийн төлөөлөл Disney-ийн Нью-Йорк дахь төв байранд зохион байгуулсан хаалттай арга хэмжээнд оролцож, трейлэрийг урьдчилан үзсэн байна. (Трейлэрийг нь үзэхэд заавал 3D шил хэрэгтэй байсан гэнэ)
Хэвлэлүүдийн мэдээлснээр киноны трейлэрт харуулсан Varang-ийн шинэ дүр төрх постер зургаасаа илүү сүр хүчтэй, аймшигтай харагддаг гэлээ. Varang-ийн шинэ дүр толгойдоо улаан өнгийн чимэгтэй, нүүрэндээ галт уулын үнс түрхсэн бөгөөд гартаа гал барьсан ч огтхон ч шатдаггүй чадвартай. Metkayina овог далайтай харилцан шүтэлцээтэй байдаг шиг, Ash овог галт элементтэй холбоотой хөгжсөн бололтой.
Киноны албан ёсны твиттер хуудсын мэдээлснээр “Avatar: Fire and Ash” киноны трейлэр тун удахгүй цацагдах юм. Мөн “Avatar” цувралын дөрөвдүгээр анги 2029 оны арванхоёрдугаар сарын 21-нд, тавдугаар анги нь 2031 оны арванхоёрдугаар сарын 19-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.
Эх сурвалж: Entertainment Weekly
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!