О.Хулан: Бид та нарын ачаар энэ долоо хоног супер баатрууд шиг өөрсдөдөө маш итгэлтэй байж чадлаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Монгол улсын эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Дэлхий аварга 3х3  2025” тэмцээний мөнгөн медалийн эзэд боллоо.

Хагас шигшээ тоглолтод манай эмэгтэй баг Польш улсын хүчирхэг багийг эсрэг сэтгэл түгшээсэн тоглолт хийн 18:17 онооны харьцаагаар хожин  тэмцээний финалд шалгарсан юм. Энэ тоглолтын хожлын шидэлтийг Монгол улсыг шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг хийн төгсгөсөн билээ.

Үүний дараагаар алтан медалийн төлөөх тоглолтыг Нидерланд улсын багтай өрсөлдөн 9:15 оноогоор хожигдсоноор мөнгөн медалийн эзэд боллоо. Энэ бол түүхэн мөч гэдгийг онцлох хэрэгтэй юм. Учир манай улсын шигшээ баг анх удаагаа “Дэлхийн аварга 3х3” тэмцээнээс медаль хүртэж чадлаа.

Мөн “Дэлхий аварга 3х3 2025” тэмцээний эмэгтэй, эрэгтэй бэлгэдлийн тоглогчид тодорсонд манай шигшээ багийн тоглогч О.Хулан багтав. Түүний хамгаалалт, шидэлт энэ жил илүү сайжран багтаа маш том нөлөө үзүүлж чадав.

О.Хулан Primer Sport Network-д өгсөн ярилцлагадаа “Үнэхээр их гайхалтай байна. Яг одоо энэ уур амьсгал мөрөөдөл биелж байгаа юм шиг санагдаж байна. Хичээл зүтгэл эцэст нь үр дүн гардаг юм байна. Энэ мөчийг маш олон удаа төсөөлж мөрөөдсөн. Ингээд энэ медалийг авсандаа итгэж чадахгүй байна.  Энэ их зүйлийг бий болгохын тулд маш олон хүмүүс бидний ард ажиллаж байгаа. Энэ гайхалтай тэмцээнийг зохион байгуулсан “Монголын 3х3 холбоо”-доо маш их баярлалаа.  Мөн бидний дэмжсэн бүх хүн, байгууллагуудаа баярлаж байна.  Мэдээж бас бүх цаг үед дэмждэг Монголчууддаа баярлалаа. Бид нар та нарын ачаар  энэ долоо хоног супер баатрууд шиг өөрсдөдөө маш итгэлтэй байж чадлаа.  Яагаад гэвэл бид нар 3 сая хүн бидний ард байгаа гэж мэдэж байгаа болохоор. Бид нар цаашдаа илүү сайжрах болноо.” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Ийнхүү “Дэлхийн аварга 3х3 2025” өндөрлөн дараах шагналт байрууд тодорлоо. “Дэлхийн аварга 3х3 2025”  тэмцээний эмэгтэй багууд:

Нидерланд улсын шигшээ баг 1-р байр, алтан медаль

Монгол улсын шигшээ баг 2-р байр, мөнгөн медаль

Канад улсын шигшээ аг 3-р байр, хүрэл медаль

 

“Дэлхийн аварга 3х3 2025” тэмцээний эрэгтэй багууд:

Испани улсын шигшээ баг 1-р байр, алтан медаль

Швейцар улсын шигшээ баг 2-р байр, мөнгөн медаль

Серби улсын шигшээ баг 3-р байр, хүрэл медаль тус тус хүртлээ.

Эх сурвалж: FIBA 3x3

#3x3 #сагсан бөмбөг