“Ирээдүйн Марадона” хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн зохиогдоно


Т.Онон | YOLO.MN
2025-06-03

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Ирээдүйн Марадона” нэртэй үндэсний хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

200 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээн 2025 оны 9-р сарын 1-нээс 21 аймаг, 3 хотын 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй байх ба охид, хөвгүүдийн 4 насны ангиллаар явагдана.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Хүүхдүүдийг дэлгэц, цахим тоглоомоос ангид байлгаж, спортоор хичээллүүлэх замаар эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхэд энэхүү тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцоллоо.

Мөн МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар хэлэхдээ, “Монголчуудын хувьд багийн спорт орхигдож ирсэн. Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох чадварыг суралцана. Энэ бол ирээдүйн удирдагчдыг бэлтгэх суурь юм” гэлээ.

Тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хамтарсан ажлын хэсэг хариуцах бөгөөд шинэ хичээлийн жилийн өмнө бүх бэлтгэл бүрэн хангагдахаар төлөвлөгдөж байна.

#Ирээдүйн Марадона #хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн