Л.Ганбат: ЭЕШ-ын дүн онооны батламж хуудсаа ТҮЦ машинаас авч болно


Б.Нямдарь | YOLO.MN
2022-06-23

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуульд  Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд ЭЕШ-ын явцын талаар мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:

Их дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт Монгол Улсын түүх хичээлээр өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ жил 36253 шалгуулагч байгаагаас энэ жилийн төгсөгч 29200, үлдсэн 7000 гаруй нь өмнөх төгсөгчид байна.

Шалгуулагчдын дийлэнх нь 80 хувь англи хэл, нийгэм, математикийн хичээлээр шалгалт өгч байна.

Нийт 49 шалгалтын байр, 2800 орчим багш, ажилтнууд, цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

ЭЕШ-ыг зургаа болон арванхоёрдугаар сард буюу жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Түүнээс гадна олон улсын дүн оноог Монгол Улсын ЭЕШ дүн оноотой дүйцүүлэх, түүгээрээ дотоодын их сургуульд элсэх боломжийг энэ жилээс бүрдүүлсэн. Энэ жил 560 орчим шалгуулагчдад олон улсын дүнг дүйцүүлсэн батламж хуудас олгоод байна.

Түүнээс гадна өнгөрсөн хоёр жилийн 100 хувь цахимын сургалтын улмаас хоцрогдлыг арилгах, мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулах, шалгуулагчдад зөвлөгөө өгч ажиллаж байна. ЭЕШ-ын зорилго нь шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаахад чиглэсэн уралдаант шалгалт бөгөөд үр дүн нь 2,5 жилийн хүчинтэй байдаг. Оноог гаргах аргачлал нь тухайн жил шалгалт өгсөн шалгуулагчдын оноотой л харьцуулагддаг гэдгийг тодотгомоор байна.

Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал: математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд хувиар тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

Хэмжээст оноо /200-800 хүртэл/ гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

Проценталь оноо /100 хувь хүртэл/ нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

Шалгалтын дараа байр бүрд шалгалтын дүн тухайн өдрөө гарах ба нэгдсэн жагсаалтыг БҮТ-ийн eec.mn сайтад олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

ЭЕШ-ыг зургаадугаар сарын 23-26-н хүртэл авах ба 28-ны өдрөөс эхлэн цахимаар батламж хуудсаа шууд хэвлэн авах боломжтой. Мөн ТҮЦ машинаас дүн онооны батламж хуудсаа хэвлэн авч болно. Өнөөдрийн түүхийн хичээлийн шалгалтад хоцорсон тохиолдол гарсангүй. Гэхдээ замын түгжрэл, зам засвар, хувийн зохион байгуулалт хангалтгүйн улмаас хоцрох тохиолдол гардаг.

#Мэдээ