УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.04.15) хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг сонслоо.
Сайд П.Наранбаяр, Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хориглоод байна. Энэ хууль нь 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ.
Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байна гэв.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Фэйсбүүк бол зөвхөн хүүхдийн биш, Монголын асуудал болсон. Дуртай нь лайв хийж бараа зардаг, хүнийг доромжилдог хэрэгсэл болсон. Цахим орчинд хүүхдийг гэмт хэргээс хамгаалахад фэйсбүүкийн асуудал хүнд байна.
Тэгэхээр надад нэг ийм санаа байна. Буруу ч байж магадгүй шүү, ерөөсөө энэ фэйсбүүкийг Монголд гурван сар хааж үзвэл яасан юм. Гэмт хэргийн статистикт яаж нөлөөлөх нь вэ, үр дагаврыг нь харвал ямар вэ?
Ямар платформ руу шилжиж байна. Фэйсбүүкгүйгээр амьдарч болно шүү дээ, ер нь бол. Өмнө нь амьдарч болоод байсан. Ингэж нэг сар, гурван сар ч юм уу хаах санаачилга гаргаж болохгүй юү. Муу муухай бүхэн фэйсбүүкт байна.
Хэсэг хугацаанд хаавал их олон асуудал харагдаж, олон зүйл шийдэгдэнэ дээ. Одоо гадаа гардаг хүүхэд байхгүй болсон. Бүгд айпад, гар утас бариад гэртээ сууж байна гэсэн саналыг Боловсролын сайдад тавилаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!