“Toyota Safetybook” хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай биет болон интерактив хосолсон контент мэндэллээ


YOLO.mn | YOLO.MN
2022-03-08

Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 485 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, 51 хүүхдийн амь нас хохирсон байна. Тэдний талаас илүү хувь нь ердөө 0-7 настай хүүхдүүд байсныг дурдахад дэндүү харамсалтай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдэлтэй энэ мэт ослын тоог бууруулахад эерэгээр нөлөөлөх, бага насны хүүхдүүдэд холбогдох мэдлэг мэдээллийг олгох зорилготойгоор "Тоёота Сэйлс Монголиа" компани гуравдахь жилдээ "Toyota Safetybook" төслийг санаачлан хэрэгжүүлж буй билээ.

Төсөл хэрэгжүүлэгч: Тоёота Сэйлс Монголиа ХХК

Хамтрагч: Unread Media, Medlee.mn

Төсөл эхэлсэн: 2018 оноос хойш гурав дахь жилдээ

Төслийн зорилго: Бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг энгийн, ойлгомжтойгоор хүргэх

Холбоос: Toyota Mongolia (Фэйсбүүк), @toyota.mongolia (Инстаграм), Тото Лулу хоёрын адал явдал (Medlee.mn)

“Toyota Safetybook” төслийн талаар "Тоёота Сэйлс Монголиа" компанийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи ярихдаа:

"Манай компани нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд 2018 оноос эхлэн "Хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын ном" төслийг хэрэгжүүлж байна. Бид уг төслөөрөө дамжуулан хүүхэд багачуудыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үүний тулд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээллийг хөгжилтэй, хялбар байдлаар хүргэхийг зорьдог.

Сүүлийн үеийн мэдээллээс харахад зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд 50 орчим хүүхэд зам тээврийн ослоор нас барж, 500 орчим хүүхэд гэмтэж бэртсэн байна. Осолд өртсөн тэдгээр хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзэхэд ихэнх тохиолдолд явган зорчиж явахдаа, мөн тээврийн хэрэгсэл ухрах үед арын дугуйнд өртөж, тээврийн замд автомашин, мотоцикл онхолдох болон мөргөлдөх үед голчлон эндсэн байна. Хот суурин газарт автомашины тоо, тэр дундаа хуучин автомашины тоо хурдацтай өссөн тул зам тээврийн ослын тоо ч тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа болов уу." хэмээжээ.

TOYOTA SAFETYBOOK ТӨСЛИЙН ТУХАЙ

Уг төсөл өмнө нь 2018 онд “Аригу медиа” компанитай хамтран “Замын хөдөлгөөний орноор” хэмээх замын хөдөлгөөний сурах бичгийг боловсруулан хэвлүүлж Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн багш, ажилчид, 1-5-р ангийн 1500 сурагчдад гардуулан өгч байсан. Мөн 2019-2020 онд замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд орших ерөнхий боловсролын 28 болон 102 дугаар сургуулиудад “Замын хөдөлгөөний орноор” хэмээх гурван цуврал номоос тус бүр мөн тоогоор хандивлан замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл заах арга хэмжээг зохион байгуулж байв. Уг ажилдаа тэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албатай хоёр жил дараалан хамтран ажилласан ажээ.

2021-2022 оны тухайд тэд уг төслөө "Unread Media"-тай хамтран хэрэгжүүлж 10 хэсэг бүхий хүүхдийн зохиол, түүний зураг төслийг бүтээж, 5000 хувь комик ном хэвлүүлэн, хотын захын дүүргүүдэд байрлах замын хөдөлгөөний эрсдэл бүхий 13 сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад тараан, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлыг сурталчлан ажилласан байна.

Мөн контентын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хүүхдийн цахим сургалтын сан болох medlee.mn сайтын “Интерактив” булангийн 1-5-р ангийн хэсэгт комикын 10 ангийг интерактив байдлаар байршуулсан нь ном авч чадаагүй олон хүүхдэд сонирхолтой бас өгөөжтэй байдлаар замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх боломж болох юм.

 

Эх сурвалж: Unread.today

 

 

 

#Мэдээ