Зарим гадаадын их сургуульд элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах үед Motivation Letter буюу өөрийнхөө ирээдүйн зорилгын эсээ захидал бичих шаардлага гардаг. Ялангуяа Европын улсын их сургуулиудын элсэлт, тэтгэлгийн сонгон шалгаруулалтад энэ эсээ нь өргөдөл гаргагчийн зорилго болоод тухайн хөтөлбөрт тохирох байдлыг илэрхийлэх чухал баримт бичгийн нэг болдог.
АНУ-ын Personal Statement эсээтэй харьцуулахад Motivation Letter нь яагаад тухайн хөтөлбөрийг сонгосон, суралцах хугацаандаа ямар мэдлэг, ур чадвар эзэмшихийг хүсэж байгааг бичих хэрэгэтэй байдаг. Мөн цаашид түүнийгээ хэрхэн ашиглах талаарх зорилгод илүү төвлөрсөн байдгаараа онцлог. Гэхдээ энэ нь сурлагын амжилт, туршлагаа жагсаасан CV бичихтэй адил гэсэн үг биш юм. Харин өмнөх туршлага, одоогийн сонголт, ирээдүйн зорилгоо хооронд нь уялдуулан, өөрийнхөө тухай ойлгомжтой, үнэн зөв түүх мэдээллээ багтаах нь чухал.
Тэгвэл Motivation Letter бичихдээ юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
ЯАГААД ТУХАЙН ХӨТӨЛБӨРТ ӨРГӨДӨЛ ГАРГАЖ БУЙГАА ТОДОРХОЙ ИЛЭРХИЙЛЭХ

Motivation Letter бичихдээ хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тухайн сургууль, хөтөлбөрийг сонгосон шалтгаанаа тодорхой илэрхийлэх юм. “Танай сургууль надад таалагддаг учраас суралцах хүсэлтэй байна” гэж ерөнхий бичиж огт болохгүй. Яагаад энэ чиглэлийг сонгосон, тухайн хөтөлбөр таны сонирхол, өмнөх туршлага, ирээдүйн зорилготой хэрхэн холбогдож байгааг тайлбарлах хэрэгтэй.
Жишээ нь, мэдээлэл технологийн чиглэлээр суралцахаар өргөдөл гаргаж буй бол технологид сонирхолтой гэдгээ илэрхийлэхдээ тухайн хүсэл зорилго тань хэрхэн бий болсон, ямар нэгэн төсөл хэрэгжүүлж байсан эсэх болоод цаашид ямар чиглэлээр мэдлэгээ тэлэхийг хүсэж байгаагаа бичиж болно. Үүнийгээ уялдуулан тодорхой бичсэнээр тодорхой шалтгаан, зорилгод тулгуурласан гэдэг нь харагдана.
АМЖИЛТАА ЖАГСААХ БИШ, ТҮҮНИЙ ЦААД УЯЛДАА ХОЛБООГ ТАЙЛБАРЛАХ
Motivation Letter бичихдээ сурлагын амжилт, төсөл, сайн дурын ажил, дадлагын ажил зэргээ дурдаж болно. Гэхдээ эдгээрийг CV шиг дараалуулан жагсаах нь таныг бусад өргөдөл гаргагчдаас ялгаруулахад садаа болох эрсдэлтэй.
Хэрвээ ямар нэг амжилтаа багтааж бичиж байгаа бол тэр амжилтаасаа юу сураад ямар туршлага хуримтлуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Мөн аль төрлийн ур чадвар эзэмшсэн, ямар асуудалтай тулгараад түүнийгээ хэрхэн шийдвэрлэж байсан талаараа тайлбарлах нь илүү үр дүнтэй. Гэхдээ маш сайн анхаарах зүйл нь тэдгээр туршлага таны сонгосон мэргэжил, цаашдын зорилготой хэрхэн холбогдож байгааг харуулж байгаа эсэхийг дахин дахин няглтах нь зүйтэй. Ийм дараалалтай бичсэнээр уншигч таны юу хийж байсныг бус хэрхэн өдийг хүртэл өөрийгөө хөгжүүлсэн, цаашид ямар боломжийг ашиглахад бэлэн байгааг ойлгох боломжтой.
ТУХАЙН СУРГУУЛИЙГ ТӨГСӨӨД ЭХ ОРОНДОО ЮУ ХИЙХ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГОО БАГТААХ

Motivation Letter-ийн чухал хэсгүүдийн нэг нь суралцаж төгссөний дараах зорилго юм. Та ямар чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа, эзэмших мэдлэг, ур чадвараа хэрхэн ашиглаж цаашид ямар асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах талаар бодож үзээрэй.
Гэхдээ ирээдүйн зорилгоо хэт ерөнхий байдлаар илэрхийлэхээс зайлсхийх хэрэгтэй. “Би эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсдэг” гэж бичихийн оронд ямар салбарт аль чиглэлээр яаж хувь нэмэр оруулахыг хүсэж байгаагаа тодорхойлон бичих нь давуу талтай.
Мөн тухайн хөтөлбөрт суралцаж эзэмших мэдлэгээ ирээдүйн зорилготойгоо холбож бичээрэй. Хэрэв хөтөлбөрийн шаардлагад эх орондоо буцаж ирээд ажиллах, мэдлэгээ нийгэмдээ ашиглах төлөвлөгөөг тайлбарлахыг хүссэн бол энэ хэсэгт илүү түлхүү анхаарах нь зүйтэй.
ЯАГААД ЗААВАЛ ТУХАЙН СУРГУУЛЬ ВЭ?

Тухайн сургуулийн талаар урьдчилан маш сайн судлах нь чухал. Их сургууль бүрийн сургалтын хөтөлбөр, судалгааны чиглэл, сургалтын арга барил зэрэг өөр байдаг. Тиймээс тухайн сургуульд суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ өөрийн зорилготой нийцэж буй тодорхой боломжуудыг дурдаарай. Дараах асуултад хариулт авч болохуйц мэдээллүүдийг судлах хэрэгтэй.
- Тухайн сургууль нь яг ямар судалгааны чиглэлээр дээгүүрт жагсдаг вэ?
- Ямар боломжуудыг оюутнуудад олгодог вэ?
- Бусад сургуулиудтай харьцуулахад давуу тал юу вэ?
- Ямар хичээлийг аль багш дээр хичээлээ сонгож үзмээр байна вэ?
- Бусад сургуультай харьцуулахад сул тал юу байна вэ? гэх мэт асуултуудыг тавьж судалгаа хийгээрэй.
Дараа нь мэдээллээ ашиглаад Motivation Letter-тээ яг чухал, хэрэг болох мэдээллүүдийг өөртэйгөө холбож багтаавал давуу талтай. Жишээлбэл, сонгосон хөтөлбөрийн тодорхой хичээл, судалгааны чиглэл эсвэл дадлагын боломж таны ирээдүйн зорилгод хэрхэн туслахыг тайлбарлаж болно. Ерөнхий өгүүлбэр бичихээс илүүтэй тухайн хөтөлбөрт зориулан эсээгээ боловсруулбал сайн.
ХЭТ ЕРӨНХИЙ, ХИЙМЭЛ СОНСОГДОХ ӨГҮҮЛБЭРЭЭС ЗАЙЛСХИЙХ

Мэдээж англи хэл эсвэл тухайн орны хэлээр Motivation Letter-ээ бичиж байгаа болохоор яг яаж тухайн орны хэлээр бичвэл уншихад сэтгэлд нь хүрэхүйц бичихэд анхаарах чухал. “Би багаасаа энэ мэргэжлийг мөрөөдсөн”, “Танай сургууль бол хамгийн шилдэг сургууль” гэх мэт ерөнхий өгүүлбэрийг ямар нэгэн тайлбар, жишээгүй ашиглах нь эсээний гол хэлэх гээд байгаа санаа, үнэ цэнийг бууруулдаг.
Өөрийн туршлагаас сонгосон нэг жишээ ч таны ур чадвар, хандлага, зорилгыг ерөнхий магтаалын өгүүлбэрээс илүү тодорхой харуулж чадна. Гэхдээ юу ч бичсэн үгийн сонголт, өгүүлбэрээ хэрхэн бичихээ анхаарах хэрэгтэй. Тийм учраас гадаад ном уншихыг зөвлөж байна.
Мөн хэт сүржин үг хэллэг ашиглаж, өөрийгөө бусдаас илүү гэдгийг батлах гэж хичээх шаардлагагүй. Харин өөрийнхөө давуу тал, суралцах хүсэлээ энгийн хэрнээ сэтгэлд хүрэхүйцээр бодитоор илэрхийлэх нь чухал.
ХЭТ АЛБАН ЁСНЫ ӨНГӨ АЯСТАЙ БИЧИХГҮЙ БАЙХ
Motivation Letter нь албан бичгийн шинжтэй боловч хэт хөндий, хиймэл хэллэгээр дүүрэн байх шаардлагагүй. Хэт албан ёсны үг хэллэг ашиглах гэж хичээхдээ өөрийн бодол, туршлагаа ойлгомжгүй болгох нь түгээмэл алдааны нэг юм.
Эсээгээ бичихдээ уншигчид таныг ямар хүн болох тухай зорилго, тухайн хөтөлбөрт яагаад тохирох талаар ойлгомжтой төсөөлөл төрүүлэхийг хичээгээрэй. Өгүүлбэр бүр тодорхой санаа илэрхийлж, таны зорилгыг түлхэц болж байх хэрэгтэй. Ерөнхийдөө Motivation Letter нь хэтэрхий албан ёсны баримт бичиг биш гэдгийг санаарай. Албан ёсны хэв маягийг агуулах ч гэсэн таны академик болон мэргэжлийн зорилгыг нэгтгэн харуулж байх хэрэгтэй юм.
ХАМГИЙН СҮҮЛД НЯГТЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

Эхний бичсэн хувилбараа бичиж дууссаны дараа хэд хэдэн удаа уншиж, давтагдсан санаагаа хасаад гол санаагаа илүү сайн тодорхойлж нэг л хэсэгт үлдээх нь зүйтэй. Хэт урт өгүүлбэр, зорилготойгоо холбоогүй мэдээллийг хасаарай. Боломжтой бол эхлээд эсээгээ тухайн салбарын мэргэжилтан багш, ажилтнаар уншуулж үзээд зөвлөгөө аваарай. Дараа нь англи хэлний мэдлэг сайтай хүнд уншуулж, хэрхэн бичвэл илүү тухайн улсын хүн шиг бичих талаар санал хүсэлт авахыг хичээгээрэй.
Гэхдээ бусдын саналыг дагаж бүх эсээний хэсгүүдийг өөрчлөхийн оронд өөрийн санааг зөв, ойлгомжтой илэрхийлж чадсан эсэхэд давхар анхаарах нь чухал шүү. Мөн тухайн их сургууль, тэтгэлгийн хөтөлбөрөөс өгсөн зааврыг дахин шалгаарай. Үгийн тоо, асуултын шаардлага, формат болон илгээх хэлбэрийг зөв дагаж мөрдөх нь агуулгаа сайн илэрхийлэхтэй адил чухал юм.
ЭЦЭСТ НЬ
Motivation Letter бичихдээ заавал маш том амжилт, онцгой түүхтэй байх шаардлагагүй. Харин өөрийн зорилго, сурахыг хүсч байгаа мэргэжлээ хооронд нь уялдуулан, яагаад тухайн боломжийг ашиглахыг хүсэж байгаагаа үнэн зөвөөр тайлбарлах нь чухал.
Сайн Motivation Letter нь дан ганц өнгөрсөн хугацаанд юу хийснийг харуулахгүй. Харин тухайн туршлагаас юу сурсан, одоо ямар зорилготой байгаа бөгөөд ирээдүйд эзэмшсэн мэдлэгээ хэрхэн ашиглахыг хүсэж байгааг илэрхийлдэг. Тиймээс захидлаа бичихийн өмнө өөрөөсөө “Би яагаад энэ хөтөлбөрийг сонгосон бэ?”, “Энэ боломж надад юу өгөх вэ?”, “Би сурсан зүйлээ цаашид хэрхэн ашиглах вэ?” гэсэн асуултуудыг асууж, хариултаа өөрийн бодит туршлагаар бататгаарай.



349











