Их сургуулийн өргөдөл гаргах явцад өөрийгөө илэрхийлсэн эсээ бичих нь анх удаа их сургуулийн эсээ бичиж буй хүмүүсийн хувьд томоохон сорилтуудын нэг байдаг. АНУ-ын их сургуулиудын personal statement эсээ нь бусад улсынхаас өөр хэв маягтай буюу хувь хувь хүний дотоод ертөнц, үзэл бодолд төвлөрдгөөрөө онцлог. Тиймээс хэрхэн эхлэх, өөрийнхөө тухай юу бичихээ мэдэхгүй төөрөлдөх үе цөөнгүй.
Өөрийнхөө тухай 650 үгэнд багтаан бичих нь санагдсан шиг амархан биш. Өөрт тохиолдсон олон зүйлээс алийг нь сонгож, хэрхэн өөрийн өнцгөөс илэрхийлэхээ шийдэхэд цаг хугацаа ч их шаардагдана.
Миний хувьд АНУ-ын 10 гаруй их сургуульд өргөдөл гаргах явцдаа personal statement эсээгээ олон дахин засаж, өөрийнхөө түүхийг нэг бүрчлэн эргэцүүлсэн юм. Энэ хугацаанд personal statement эсээ бичихдээ яг юун дээр анхаарах ёстой, ямар алдаа гаргаж болохгүй болоод хэрхэн бичвэл тэтгэлэг авах боломжтой талаар ойлгосон. Тиймээс өөрийн туршлагаас тухайн төрлийн эсээг бичих явцад анхаарах хэрэгтэй зөвлөмж мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
БУСДЫН ЭСЭЭГ ХЭТ ИХ УНШИХГҮЙ БАЙХ

Personal statement хэрхэн бичихээ мэдэхгүй үедээ бусад их сургуульд тэнцсэн оюутнуудын эсээг унших нь бүтцийн хувьд санаах авах сайн арга. Миний хувьд “Харвардад тэнцсэн 100 оюутны эсээ” зэрэг олон жишээ уншиж байсан. Уншсаны эцэст ерөнхийдөө яаж бичих бүтэц, ойлголтоо сайн авч чадсан.
Гэхдээ хэт олон эсээ унших нь сүүлдээ өөрийнхөөрөө сэтгэхэд саад болох эрсдэлтэй байдаг. Бусдын бичсэнтэй өөрийнхөө эсээг харьцуулж, тэдэнтэй адил бичих ёстой мэт санагдах үе гардаг. Тиймээс цөөн хэдэн чанартай жишээнээс санаа аваад, өөрийнхөө түүхийг сайтар бодож, төвлөрөхөд цаг гарган өөрийн өнцгөөс илэрхийлэхэд анхаараарай.
ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭХ: ЯАЖ БИЧИХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ СОНГОЛТ
Personal statement эсээний нэг давуу тал нь өөрийгөө илэрхийлэх арга барилаа ямар ч байдлаар илэрхийлж болох бөгөөд чөлөөт буюу бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж болох боломж юм. Миний уншиж байсан нэг эсээ одоог хүртэл тод санагддаг юм. Тэрхүү эсээнд түүхийн хичээлд дуртай нэг хүү өөрийгөө эртний түүхэн үеийн баатар мэтээр төсөөлж, уншигчийг өөрийн төсөөллийн ертөнцөөр аялуулсан байдлаар эсээгээ бичсэн байлаа. Эсээг эхнээс нь дуустал уншихад түүний төсөөлөлд хамт аялж байгаа мэт мэдрэмж төрүүлж байсан нь их сонирхолтой санагдсан.
Тухайн эсээнд хүү өөрийн сонирхол, төсөөлөн бодох чадвараа эсээндээ шингээсэн нь түүнийг бусдаас ялгаруулж байв. Тиймээс заавал тодорхой нэг загвараар бичих гэж хичээхээс илүүтэй, өөрийгөө хамгийн сайн илэрхийлж чадах арга барилаа олох нь чухал.
ЮМСЫГ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЖ СУРАХ

Эсээндээ заавал онцгой үйл явдал, түүх бичих шаардлагагүй. Өөрийн гэсэн содон түүхгүй байсан ч өдөр тутмын энгийн зүйлсийг хэрхэн харж, хүлээн авдгаа сонирхолтойгоор илэрхийлж болно. Жишээлбэл, бусдын хувьд зүгээр л нэг мод байхад та түүнийг өөр зүйлтэй зүйрлэн, өөрийн өнцгөөс харж болох юм. Гол нь бусдын анзаараагүй зүйлийг олж харж, түүнийгээ өөрийн бодолтой холбон илэрхийлэх чадвараа хөгжүүлэх нь чухал. Ийм байдлаар бичвэл энгийн зүйл ч таны үзэл бодол, бүтээлч сэтгэлгээг харуулах сонирхолтой түүх болж чадна.
БҮТЭЦ, ҮГИЙН ТООНД БАРИГДАХГҮЙ БАЙХ
650 үгэнд өөрийгөө бүрэн илэрхийлэх гэдэг нь маш цөөхөн үгэнд багтааж бичнэ гэсэн үг. Ихэнх хүүхдүүдийн гаргадаг алдаа нь эхнээсээ үгийн тоог эхлэл, гол, төгсгөл хэсэг бүрд хуваарилсан бүтэц баримталдаг. Гэхдээ энэ байдлаар хувааж бичихдээ илүү анхаарснаар бүтэц, үгийн тоонд хэт баригдан чөлөөтэй сэтгэх нөхцөлийг хаах нь эрсдэлтэй.
Тийм болохоор эхлээд бодож байгаа зүйлсээ үгийн тоонд баригдалгүй чөлөөтэй бичиж, дараа нь гол санаануудаа багтаагаад үгийн тоогоо багасгахад англи хэлний богино хэлц үг зэргийг ашиглан хураангуйлахад ямар ч асуудал байхгүй. Мөн яг бүтэцийн дагуу бичсэн эсээ робот шиг модон уншигддаг гэдгийг санах хэрэгтэй.
ХЭЦҮҮ БАЙСАН ҮЕЭЭ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ӨНГӨ АЯСТАЙ ХЭТЭРХИЙ ИХ БИЧИХГҮЙ БАЙХ

Challenge and Growth төрлийн эсээг олон хүн сонгон бичдэг. Энэ төрлийн эсээ бичихдээ хэцүү үеэ хэрхэн даван туулсан, түүнээс юу сурсан тухайгаа бичих нь мэдээж таныг сайн тодорхойлоход тусална. Гэхдээ зөвхөн тухайн үеийнхээ тухай яриад өнгөрөх нь сул тал болж болно. Харин тэр туршлага өнөөдрийн таныг хэрхэн бүтээсэн, түүнээс хойш юу хийж, ямар алхамуудыг бодитоор хэрэгжүүлсэн гэдэг нь чухал.
Цаашлаад ирээдүйд тань хэрхэн нөлөөлөх талаар бичих нь багтаа ёстой хэсэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Хэцүү байсан….Тийм зүйл сурсан.” гэх бүтэцтэй бичвэл алдана гэж тооцох хэрэгтэй. Харин яг юу сурсан, тэр нь таныг хэрхэн өөрчилсөн, цаашид хэрхэн хөгжихөд тань нөлөөлж байгааг эсээндээ тусгаарай.
ЭСЭЭНИЙХЭЭ СҮҮЛИЙН ХУВИЛБАРЫГ Л ӨӨР ӨӨР ХҮМҮҮСЭЭР УНШУУЛАХ
Эсээгээ өөрөө хэд хэдэн удаа засаж, өөрийн санааг тодорхой болгож дууссаны дараа бусдаар уншуулах нь үр дүнтэй. Хэт эрт санал бусад хүмүүсээс санал авахад бусдын санааг дагах гэж хичээсээр өөрийн дуу хоолойгоо алдах сөрөг нөлөөтэй байж болно. Харин эцсийн хувилбарыг уншуулснаар ойлгомжгүй хэсэг, засах шаардлагатай зүйлсийг олж харахад илүү үр дүнтэй нөлөөлдөг юм шүү.
ЭХЭНД АШИГЛАСАН ЗҮЙРЛЭЛЭЭ ТӨГСГӨЛД ДАХИН ХОЛБОХ

Эсээгээ эхлүүлэхдээ hook sentence буюу уншигчийн анхаарлыг татах эхний өгүүлбэрт metaphor буюу зүйрлэл ашигласан бол төгсгөлдөө эргэн холбож болно. Жишээлбэл, жимс эсвэл ямар нэгэн эд зүйлийг өөртэйгөө холбон эсээгээ эхлүүлсэн бол төгсгөл хэсэгтээ тухайн зүйлийн утга санааг эргэн сануулж, бичсэн түүхтэйгээ холбож дуусгаарай. Ийнхүү бичсэнээр эсээний эхлэл, төгсгөл хоорондоо уялдаж, уншигчид илүү бүрэн дүүрэн сэтгэгдэл үлдээхэд тусалдаг.



2086











