Бүтээлч санаа, шийдэл болоод уран сэтгэмж гэдэг зөвхөн уран бүтээлчид эсвэл дизайнеруудад байдаг төрөлхийн авьяас биш юм. Бид өдөр тутмын амьдралдаа асуудлыг шийдэх, аливааг өөр өнцгөөс харах болон өмнө нь байгаагүй санаа гаргахдаа ч бүтээлч сэтгэлгээгээ ашигладаг. Харин зарим хүмүүс яагаад бусдаас илүү олон санаа гаргаж, нэг асуудлыг өөр өөр өнцгөөс харж чаддаг юм бол?
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд бүтээлч сэтгэлгээ нь сониуч зан, шинэ туршлагад нээлттэй байх, тодорхойгүй нөхцөлд уян хатан хандах зэрэг хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байдаг. Тэгвэл бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсд түгээмэл ажиглагддаг долоон нийтлэг зан төлөвийг хүргэж байна.
ТЭД БҮХ ЗҮЙЛД СОНИУЧ БАЙДАГ
Зарим хүн аливааг байгаагаар нь хүлээж авдаг бол сониуч хүмүүс “Яагаад?”, “Үүнийг өөрөөр хийж болохгүй гэж үү?” гэж боддог. Тэд шинэ зүйл сурах болон энгийн зүйлсийн цаана юу байгааг ойлгох сонирхолтой. Жишээ нь, нэг хүн өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнээ зүгээр л хэрэглээд өнгөрөхөд нөгөө нь яагаад ийм загвартай, өөрөөр хийвэл илүү тохиромжтой болох эсэхийг бодож болно.
2019 онд “The Journal of Creative Behavior” сэтгүүлд нийтлэгдсэн мета-анализ судалгаагаар 2,692 оролцогчийг хамарсан 10 судалгааны үр дүнг нэгтгэхэд сониуч зан болон бүтээлч байдлын хооронд мэдэгдэхүйц эерэг хамаарал илэрчээ. Тиймээс шинэ зүйл мэдэх, судлах хүсэл нь бүтээлч сэтгэлгээтэй холбоотой чухал хүчин зүйлсийн нэг юм.
“ЗААВАЛ ИНГЭХ ЁСТОЙ” ГЭСЭН УЛАМЖЛАЛТ ХАНДЛАГААС ЭСРЭГ ҮЗЭЛТЭЙ

“Үргэлж ингэж хийдэг”, “Өөр арга байхгүй” гэх мэт хандлага бүтээлч хүмүүст огтоос тохирдоггүй. Тэд тогтсон уламжлалд хандлага болон арга барилыг шууд үгүйсгэхгүй ч яагаад заавал тэр аргыг сонгох ёстойг эргэцүүлдэг.
Жишээлбэл, нэг даалгаврыг бүгд ижил аргаар гүйцэтгэж байхад өөр шийдэл туршиж үзэх, өдөр тутмын ажлаа илүү хялбар болгох арга олоод нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголтыг шинэ баримтаар дахин авч үзэх нь бүтээлч сэтгэлгээний илрэл байж болно.
Гол зүйл нь бусдаас ялгарахын тулд албаар ийм хандлага гаргадаг гэсэн үг биш. Харин шаардлагатай үед өөр өнцгөөс харж, үндэслэлтэй шинэ хувилбар санал болгох чадвар юм.
ХООРОНДОО ХАМААРАЛГҮЙ МЭТ ЗҮЙЛСИЙГ ХОЛБОЖ ЧАДДАГ

Хальт харж анзаарахад хоорондоо ямар ч хамааралгүй мэт зүйлсийг бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс холбож чаддаг. Энэ нь жижиг деталь зүйлсийг тэд сайн анзаарч хооронд нь нэгтгэвэл юу бүтээж болох вэ гэж боддог шинжтэй нь холбоотой юм. Энэ чадвар нв технологийг урлагтай, тоглоомын арга барилыг боловсролтой, эсвэл байгалийн бүтцийг архитектуртай хослуулж шинэ зүйл бүтээхэд хэрэгтэй юм.
Ийм хүмүүс нэг сэдвийн хүрээнд бодохоос илүү олон төрлийн мэдээлэл, туршлагаас санаа авдаг. Тэдний давуу тал нь бусдын олж хараагүй холбоог олж харах, танил зүйлсийг шинэ байдлаар нэгтгэх чадвар юм.
БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХЫГ ХҮЛЭЭДЭГГҮЙ

Шинэ санаа гаргах үед үр дүн нь эхнээсээ тодорхой байдаггүй. Заримдаа санаа ажиллах эсэх, бусдад таалагдах эсэх, бүр яг юунд хүргэх нь ч мэдэгдэхгүй үе гарах нь бий. Ийм нөхцөлд шууд хариулт олохыг шаардахын оронд туршиж, ажиглаж, боломжуудыг нээлттэй үлдээх нь чухал.
2025 онд The Journal of Creative Behavior сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тоймд тодорхойгүй байдлыг тэсвэрлэх чадвар нь бүтээлч үйл ажиллагаанд тууштай оролцох, шинэ хувилбар турших, санаагаа хөгжүүлэхтэй холбоотойг онцолсон байна.
Энэ нь бүтээлч хүмүүс эрсдэлээс огт айдаггүй гэсэн үг биш. Харин бүх хариултыг урьдчилан мэдэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, тодорхойгүй байдлын дунд ч ажлаа үргэлжлүүлж чаддаг гэсэн үг.
АЛДААГ ЭЦЭС ТӨГСГӨЛ ГЭЖ ХАРДАГГҮЙ
Анхны оролдлогоороо төгс үр дүнд хүрэх нь ховор. Шинэ санаа хэрэгжүүлэхэд бүтэлгүйтэж, бүр эхнээс нь эхлэх үе гарна. Харин ийм үед алдаагаа өөрийн чадваргүй байдлын баталгаа гэж үзэх үү, эсвэл дараагийн удаа юуг өөрчлөхөө ойлгох боломж гэж харах уу гэдэг чухал.
Бүтээлч үйл явцад туршилтаас эхлээд дахин засварлах үе зайлшгүй багтдаг. Энэ нь яг юуг ажиллаагүйг ойлгож, түүнээс суралцаад дараагийн хувилбараа сайжруулах тухай юм. Тиймээс бүтээлч заримдаа эргэлзэж байсан ч туршиж үзэх хүсэл нь тэднийг урагшлуулдаг.
ТӨСӨӨЛЛӨӨ БОДИТ АМЬДРАЛТАЙ ХОЛБОЖ ЧАДДАГ

Уран сэтгэмжтэй байна гэдэг олон санаа бодож олохын нэр төдий биш. Тэр санааг бодит нөхцөлд хэрэгжүүлэх, боломжтой эсэхийг шалгах, шаардлагатай өөрчлөлтийг хийх чадвар ч мөн чухал.
Сэтгэл судлаач Mihaly Csikszentmihalyi бүтээлч байдлыг судлахдаа бүтээлч хүмүүсийн зан төлөвт эсрэг мэт харагдах шинжүүд зэрэгцэн оршиж болохыг онцолсон байдаг. Тухайлбал, тэд нэг талаар төсөөлөн бодох чадвартай ч нөгөө талаар санаагаа хөгжүүлэхийн тулд төвлөрч, тууштай ажиллах шаардлагатай.
Сайн санаа гаргах болон түүнийгээ хэрэгжүүлэх нь хоёр өөр чадвар шүү дээ. Шинэ санаа гаргахын зэрэгцээ бодит нөхцөл байдал дээрх боломжуудыг тооцож чадвал бүтээлч байдал илүү үнэ цэнтэй үр дүнд хүрнэ.
ГАНЦААРАА БОДОХОД ИХ ЦАГ ГАРГАДАГ

Зарим санаа заавал ширээний ард сууж, хүчээр бодох цаг гаргасан үед орж ирдэггүй. Алхаж явахдаа, хөгжим сонсож байхдаа эсвэл хэсэг хугацаанд дэлгэцээс холдоход гэнэт л чийдэн асаж буй мэт шинэ санаа, шийдэл олдох үе бий.
Учир нь бүтээлч сэтгэлгээнд яг цаг зааж хүчээр төвлөрөх бус мэдээллээ эргэцүүлэх, өмнөх бодлуудын хооронд шинэ холбоо үүсгэх цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ бүх бүтээлч хүн ганцаараа байх дуртай эсвэл бусдаас зай барьдаг гэсэн үг биш. Зарим хүнд нам гүм орчин тохирдог бол зарим нь ярилцаж, бусдын санааг сонсох үедээ илүү бүтээлч байдаг.
Гол нь өөртөө бодлоо цэгцлэх, шинэ санаагаа анзаарах боломж өгөх юм. Завгүй байх нь үргэлж үр бүтээлтэй байна гэсэн үг биш шүү дээ.
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЖ БОЛОХ УУ?
Мэдээж болно. Хүн бүрийн бүтээлч чадвар харилцан адилгүй ч шинэ зүйл судлаж юмсыг олон өнцгөөс бодох, санаагаа турших дадлыг хөгжүүлэх боломжтой.
Эхлэхийн тулд өдөр бүр нэг зүйлд “Яагаад?” гэж асууж, асуудал бүрд дор хаяж гурван өөр шийдэл бодон шинэ сэдвээр мэдлэгээ тэлж болно. Мөн анхны санаагаа шууд шүүмжлэхийн оронд эхлээд тэмдэглэж аваад, дараа нь аль нь хэрэгжих боломжтойг үнэлэх хэрэгтэй.
Бүтээлч сэтгэлгээтэй байна гэдэг бүх цаг үед шинэлэг санаа гаргаж, алдаа гаргадаггүй хүн байна гэсэн үг биш. Харин танил зүйлсийг дахин харж, асуулт тавьж санаагаа бага багаар хөгжүүлэх хандлагын суурь зарчмаас эхэлдэг. Магадгүй бидэнд шинэ санаа дутагдаад байгаа биш, харин түүнийг олж харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй ч байж болох юм.



756











