Энэ жил хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, иргэдийн аюулгүй байдал төдийгүй хүн, зэрлэг амьтны зэрэгцэн орших асуудлыг хөндөж байна.
2026 оны аравдугаар сарын 13-ны мэдээллээр, улсын хэмжээнд баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн 997 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан бол сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавгай үзэгдэх нь нэмэгдсэн байна.
Албаныхан баавгай суурьшлын бүсэд ойртож буйг идэш тэжээлийн хомсдолтой холбон тайлбарлаж байна. Энэ жил хушны самрын ургац бага байгаатай холбоотойгоор самар түүхийг хоригложээ.
Монголд хүрэн баавгайн тоо толгой, тархац, нүүдэл шилжилтийн талаарх нэгдсэн судалгаа, мэдээлэл хомс байгаа нь эдгээр хүчин зүйлийн нөлөөг тодорхойлоход хүндрэл учруулж байна. Гэхдээ баавгай суурьшлын бүсэд ойртож буй шалтгааныг зөвхөн идэш тэжээлийн хомсдолоор тайлбарлах боломжгүй тул амьдрах орчны өөрчлөлт, хоорондын тэмцэл, хүний үйл ажиллагааны нөлөөг судлах шаардлагатай байна.
БААВГАЙН ИДЭШ ТЭЖЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

Биологич Н.Батсайханы тайлбарласнаар хүрэн баавгай холимог идэштэн бөгөөд жимс, мөөг, хушны самар зэрэг ургамлын гаралтай хүнснээс гадна бусад амьтан, сэг зэмээр хооллодог. Баавгай өвлийн ичээнд орохын өмнө өөх хуримтлуулах шаардлагатай тул намрын улиралд идэш тэжээл элбэг байх нь чухал. Харин самар, жимс, мөөг зэрэг хүнсний нөөц хомсдвол тарга хүчээ хангалттай авахад хүндрэлтэй аж.
Үүнээс гадна биологич Н.Батсайхан чонын тоо толгой буурах нь баавгайн идэш тэжээлд нөлөөлж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Баавгай чонын барьсан амьтны үлдэгдэл, сэг зэмээр хооллодог тул чонын тоо толгой буурвал хүнсний энэ эх үүсвэр багасаж болзошгүй юм.
Гэхдээ чонын тоо толгой болон баавгайн идэш тэжээлийн хамаарлыг Монголын нөхцөлд баталсан судалгаа одоогоор байхгүй бөгөөд энэ нь судлаачийн дэвшүүлсэн таамаг юм.
ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН ТӨЛӨӨХ БААВГАЙН ӨРСӨЛДӨӨН

Баавгай суурьшлын бүсэд ойртох нэг шалтгаан нь амьдрах орчин, идэш тэжээлийн төлөөх өрсөлдөөн юм.
Биологич Н.Батсайханы тайлбарласнаар хүрэн баавгай хоол тэжээлээ олох, үр төлөө өсгөх, аюулгүй амьдрахад тохиромжтой газрыг түшиглэн нутагладаг. Гэвч хоол хүнс элбэгтэй газарт биеэр том, хүч чадалтай баавгайнууд давуу байр суурь эзэлж, жижиг биетэй болон залуу баавгайнуудыг шахах тохиолдол цөөнгүй.
Үүний улмаас тухайн нутагт идэш тэжээлээ олох, амьдрах боломж нь хязгаарлагдсан баавгай өөр газар хайж, суурьшлын бүсэд ойртох нөхцөл үүсдэг гэж хэмээн тайлбарлав.
Баавгай хоорондын ийм өрсөлдөөнийг ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн Биологийн хүрээлэнгийн судлаач Евгений Кохонов Сибирьт хүн, баавгайн хоорондын зөрчил нэмэгдэж буй асуудлыг тайлбарлахдаа мөн хөнджээ.
Түүний тайлбарласнаар идэш тэжээл сайтай газрыг нас бие гүйцсэн, хүчтэй баавгайнууд эзэмших үед залуу болон сул дорой амьтад зам, зуслан, суурин газартай ойр хэсэг рүү шахагддаг аж. Тэрбээр үүнийг самар, жимс, мөөгний ургац болон ойн орчны өөрчлөлттэй хамтатган авч үзсэн байна.
Монголд ч баавгай хоорондын өрсөлдөөн суурьшлын бүсэд ойртоход нөлөөлж байгаа эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай.
ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ОЙ, БААВГАЙН АМЬДРАХ ОРЧИН
Баавгай суурьшлын бүсэд ойртох шалтгааныг зөвхөн идэш тэжээлийн хомсдолоор тайлбарлах боломжгүй. Амьдрах орчны өөрчлөлт, баавгайн тоо толгойн хэлбэлзэл, ойн бүс дэх хүний үйл ажиллагаа зэрэг нь тэдний хөдөлгөөн, тархцад нөлөөлж болох юм.
Биологич Н.Батсайхан Монголын баавгайн тархацтай холбоотой ойн бүс, амьдрах орчны нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байна. Тэрбээр баавгайн суурьшлын бүс болох умардын ой, тухайлбал Хэнтийн нурууны бүсийг онцолжээ. Хэрэв энэ бүсэд баавгайн тоо толгой нэмэгдвэл идэш тэжээл хүрэлцэхгүй болж, түүний төлөөх өрсөлдөөн ширүүсэхийн зэрэгцээ зарим баавгай өөр нутаг хайхад хүрч болзошгүй гэсэн юм.
Үүнээс гадна хүний үйл ажиллагаа баавгайн амьдрах орчинтой давхцах нь мөн анхаарах асуудал юм. Ой модтой ойр суурьших, зөгийн аж ахуй эрхлэх зэрэг үйл ажиллагаа нь хүн, зэрлэг амьтдын орон зайг ойртуулж, тэдгээрийн харилцаанд нөлөөлөх нөхцөл үүсгэж болно.
Амьдрах орчны өөрчлөлттэй холбоотойгоор хөндөгдөж буй өөр нэг асуудал нь ойн түймэр юм. Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням энэ жил баавгай суурьшлын бүсэд ойртож буй талаар мэдээлэхдээ ОХУ-д гарсан түймрийн улмаас бамбаруушаа дагуулсан, идэш тэжээлийн дутагдалтай баавгайнууд хил даван орж ирж байж болзошгүй гэж тайлбарлажээ. Түүний мэдээлснээр баавгай 300–500 километр орчим зайд нүүдэллэх боломжтой аж.
Гэхдээ ОХУ-ын түймэр Монголд бүртгэгдсэн баавгайнуудын хөдөлгөөнд нөлөөлсөн эсэхийг тогтоохын тулд түймэр гарсан байршил, баавгай үзэгдсэн цэгүүд, нүүдлийн чиглэлийг харьцуулан судлах шаардлагатай. Ийм мэдээлэлд тулгуурлаж байж хил дамнан нүүдэллэсэн амьтдын нөлөөг үнэлэх боломжтой юм.
ХҮНСНИЙ ХАЯГДАЛ БААВГАЙГ СУУРЬШИЛД ТАТДАГ УУ?
Баавгай суурьшлын бүсэд ойртоход хүний бий болгосон хүнсний эх үүсвэр нөлөөлж болох юм. ОХУ-ын Томскийн улсын их сургуулийн судлаач Евгений Кохоновын тайлбарласнаар суурин газрын захад ил задгай хаясан хүнсний үлдэгдэл, ахуйн хог хаягдал баавгайг татдаг. Хүнээс хоол хүнс олж сурсан баавгай дахин ирэх магадлалтай бөгөөд энэ нь хүн, амьтны хоорондын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэжээ.
Тиймээс Монголд баавгай үзэгдсэн газруудад ил задгай хог, хүнсний үлдэгдэл, малын сэг зэм байсан эсэхийг бүртгэж, тухайн орчны нөхцөлийг судлах шаардлагатай. Байгаль орчны яамнаас ч баавгай орж ирсэн сум, суурин газрын ойр орчмын сэг зэм, хог хаягдлыг зайлуулахад анхаарах чиглэл өгчээ.
Хүнсний хаягдал, малын сэг зэм баавгайг суурьшлын бүсэд татаж байгаа тохиолдолд тэдгээрийг ил задгай орхихгүй, зохих журмаар зайлуулах нь эрсдэлийг бууруулах нэг арга юм. Гэхдээ энэ хүчин зүйл Монголд бүртгэгдсэн тохиолдлуудад хэр нөлөөлж байгааг одоогоор шууд дүгнэх боломжгүй. Үүнийг тогтоохын тулд баавгай үзэгдсэн газруудын нөхцөл, хүнсний хаягдал болон сэг зэмтэй холбоотой мэдээллийг бодит баримтад тулгуурлан судлах хэрэгтэй.
БААВГАЙ СУУРЬШИЛД ОЙРТОХ НЬ ШИНЭ ҮЗЭГДЭЛ БИШ
Баавгай суурьшлын бүсэд ойртох тохиолдол өмнөх жилүүдэд ч гарч байжээ. Тухайлбал, 2021 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн байна. Нутгийн байгаль хамгаалагчид бамбаруушийг асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болсны дараа байгальд нь буцаан тавьжээ.
Үүнээс хоёр жилийн дараа буюу 2023 онд Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутгийг хамардаг Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид малчин айлын өвөлжөөнөөс дөнгөж төрсөн хоёр өнчин бамбарууш олж, асран тэжээсэн байна. Мөн тухайн оны дөрөвдүгээр сард Булган аймгийн Хангал сумын нутагт хүрэн баавгай бог мал барьсан тохиолдлууд бүртгэгджээ.
Харин Улаанбаатар хотод баавгайтай холбоотой тохиолдол 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг бүртгэгдсэн талаар Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлсэн юм. Түүнчлэн 2022–2024 оны биологийн судалгааны үеэр Улиастайн эх болон Сэлбийн эхэнд байрлуулсан автомат камерт хоёр баавгай бичигджээ. Гэхдээ эдгээр баавгай суурьшлын бүсэд нэвтрээгүй, байгалийн амьдрах орчиндоо байсан аж.
Өмнөх жилүүдийн бүртгэлээс харахад баавгай малчин айлын ойролцоо бамбаруушаараа олдох, малд халдах, хотын орчимд үзэгдэх зэрэг тохиолдол гарч байжээ. Харин зарим баавгай байгалийн амьдрах орчиндоо бүртгэгдсэн байна. Эдгээр мэдээлэл нь баавгайтай холбоотой тохиолдлуудын нөхцөл харилцан адилгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ жилийн нөхцөл байдлыг илүү нарийвчлан судлах шаардлагатайг илтгэнэ.
БААВГАЙ ТООЛОХООС ИЛҮҮ ШАЛТГААНЫГ НЬ ТОДРУУЛАХ НЬ ЧУХАЛ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүрэн баавгайн тоо толгойг орчин үеийн технологи ашиглан нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөж буйгаа мэдээлсэн. Гэхдээ тоо толгойг тогтоохоос гадна баавгайн хөдөлгөөн, тархац, идэш тэжээлийн нөөц, амьдрах орчны өөрчлөлтийг хамтад нь судлах шаардлагатай байна.
Энэ онд бүртгэгдсэн 997 тохиолдол ямар бүс нутагт, ямар нөхцөлд гарсныг нарийвчлан судлах нь чухал. Баавгай үзэгдсэн газруудын идэш тэжээлийн нөөц, ойн түймэр, хүний үйл ажиллагаа болон бусад нөхцөлийг харьцуулан судалснаар суурьшлын бүсэд ойртож буй шалтгааныг илүү тодорхой ойлгох боломжтой.
Ингэж байж хүн, зэрлэг амьтны хоорондын зөрчлийг бууруулах арга хэмжээг таамаглалд бус, бодит мэдээлэлд тулгуурлан төлөвлөх нөхцөл бүрдэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн байгаль орчны газар, Томскийн улсын их сургууль, Биологийн хүрээлэнгийн судлаач Евгений Кохоновын ярилцлага


430











