Эрдэнэт хотод урлагийн үзлэгийн бэлтгэлтэй холбоотойгоор хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Үүний дараа урлагийн үзлэгийг цаашид зохион байгуулах эсэх асуудал олон нийтийн анхааралд орж, цахим орчинд ч янз бүрийн байр суурь илэрхийлэх болжээ.
Гэвч урлагийн үзлэг, шинэ жилийн баяр, төгсөлтийн арга хэмжээ хүүхдүүдийн хувьд зүгээр нэг дуу дуулж, бүжиглэх, баяр тэмдэглэх төдий зүйл биш. Энэ бол ангийнхантайгаа нэг зорилгын төлөө бэлдэж, өөрийгөө нээж, нөхөрлөж, олон жилийн дараа ч дурсан ярих нандин дурсамж бүтээх боломж юм.
Эдгээр арга хэмжээг цуцлахад тэд зөвхөн баяраа бус, ангийнхантайгаа хамт бэлдэж, авьяасаа харуулах боломжоо ч алддаг.
ДАХИАД Л ХОРИГЛОЧИХ ВИЙ ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙНА
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8Б ангийн сурагч А энэ жилийн урлагийн наадмаа тэсэн ядан хүлээж буйгаа ярив. Гэвч өмнөх жил урлагийн наадам нь зохион байгуулагдаагүй учраас энэ жил ч бас цуцлагдах вий гэж санаа зовж байгаа аж.
Тэрээр “Энэ жилийн урлагийн наадмаа их догдлон хүлээж байгаа. Өнгөрсөн жил урлагийн наадам болоогүй учраас энэ жил бүр ч их хүлээж байна. Гэвч саяхан болсон харамсалтай үйл явдлаас шалтгаалан энэ жилийн наадмыг ч бас хориглочих вий гэж санаа зовж байна. Манай ангийнхан урлагийн наадам, шинэ жилээ жил бүр тэсэн ядан хүлээдэг. Тиймээс догдлон хүлээсэн эдгээр арга хэмжээ цуцлагдахад их урам хугардаг” гэсэн юм.
Урлагийн үзлэгт бэлдэх нь сурагчдын хувьд зөвхөн тайзан дээр гарах бэлтгэл биш. Олон хоног ангийнхантайгаа хамтдаа хичээллэж, нэг үзүүлбэрийн төлөө хичээж, бие биеэ дэмжих боломж гэдгийг тэрээр хэлсэн юм.
Жаргалтхаан сумын 9А, 9Б, 10А ангийн сурагчид ч мөн шинэ жил, урлагийн үзлэгийг хичээлийн дундах баяр хөөр, амралт төдийгүй ангийнхнаа илүү сайн таньж мэдэх, авьяасаа хөгжүүлэх боломж гэв. Тэд олон жил шинэ жилээ тэмдэглээгүй учраас энэ жил ангиараа гоё хувцаслаж, баяраа хамтдаа тэмдэглэхийг хүсэж байна гэсэн юм.
ХУВААЖ ИДСЭН АМТТАН, ХАМТДАА ИНЭЭЛДСЭН МӨЧҮҮД МАРТАГДДАГГҮЙ
Сурагчийн ширээнээс холдоод найман жил болсон Заяагийн хувьд урлагийн үзлэг, шинэ жилийн баяртай холбоотой дурсамж нь хүүхэд насанд ангийнхантайгаа хамтдаа баярлах боломж ямар үнэ цэнтэйг сануулдаг байна.
Тэрээр “Хүүхэд байхад урлагийн үзлэг бол сургууль, ангийнхандаа үнэлэгдэх, өөрийгөө таниулах, авьяасаа нээж хөгжүүлэх чухал үйл ажиллагаа. Нэг үзүүлбэрт орсон ч бэлтгэлийн бүх хугацаанд ангийнхаа найзуудтай хамт байж, нэг сав ундаа, ганц уут жигнэмгээ хувааж идэх нь хүртэл аз жаргал. Эргээд бодоход энэ бүхэн хамгийн тод дурсамж болон үлддэг” хэмээн дурсав.
Гэвч түүнийг сурагч байхад шинэ жилийн баярыг хориглож, хонхны баярыг нь ч цомхон зохион байгуулсан байна.
“Хүүхэд байхдаа ангидаа гоё даашинз өмсөөд, ангийнхантайгаа бялуу хувааж идэхийг маш их хүсдэг байсан. Гэвч тийм боломж надад огт олдоогүй. Тиймээс долоодугаар ангидаа арванхоёрдугаар сард ангийнхаа найман хүүхэдтэй шинэ жил тэмдэглэхээр төлөвлөсөн юм. Бид боломжоороо мөнгө цуглуулж, ганц бялуу, том ундаа, хэдэн чихэр, жигнэмэг авч ширээ зассан. Гэтэл удалгүй жижүүртээ баригдаж, загнуулсан. Шинэ жил тэмдэглэж үзэх гэсэн биш бөөн хэрэгт орсон доо” хэмээн тэр инээмсэглэн ярив.
Ширээ дүүрэн идээ ундаа байгаагүй ч найзуудтайгаа хамт баярлах гэсэн хүсэл тэднийг нэгтгэжээ. Харин олон жилийн дараа эргээд харахад Заяад хамгийн их харамсалтай санагддаг зүйл нь хүссэн баяраа тэмдэглэж чадаагүйгээс гадна хүүхэд насандаа хүсэж байсан дурсамжаа бүтээх боломжгүй өнгөрсөн явдал аж.
ХОРИГЛОХЫН ОРОНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ ХАНГАЖ БОЛОХ УУ
Эрдэнэт хотод гарсан харамсалтай хэрэг хүүхдийн аюулгүй байдал, арга хэмжээний зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг дахин хөндөж байна. Хүүхдийн амь нас, эрүүл мэндээс илүү чухал зүйл үгүй. Тиймээс урлагийн үзлэг, шинэ жил, төгсөлтийн баярыг зохион байгуулахдаа бэлтгэл хийх орчин, хугацаа, багш болон эцэг эхийн хяналт, аюулгүй ажиллагааны шаардлагыг сайтар тооцох хэрэгтэй.
Гэхдээ нэг харамсалтай хэрэг гарсны дараа бүх хүүхдийн урлагийн үзлэг, баяр тэмдэглэх боломжийг хязгаарлах нь цорын ганц шийдэл биш юм. Арга хэмжээг бүрмөсөн зогсоохын оронд эрсдэлийг нь бууруулж, хүүхдүүдийг аюулгүй орчинд оролцуулах боломжийг эрэлхийлж болох юм.
Хүүхдүүдийн хувьд урлагийн үзлэг, шинэ жил гэдэг тайзан дээр гарах, гоё хувцас өмсөхөөс илүү зүйл юм. Ангийнхантайгаа хамт бэлдэж, инээлдэж, баярласан тэр мөчүүд нь хожим дурсах сайхан дурсамж болон үлддэг.
Хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах ёстой. Гэхдээ энэ нь тэдний хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, хамтдаа дурсамж бүтээх боломжийг нь үгүй хийх гэсэн үг биш. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хүүхэд насны дурсамжийг бүтээх боломжийг ч бас хамгаалах нь чухал.
Хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах ёстой. Гэхдээ үүний тулд тэдний баярлаж, ангийнхантайгаа хамт дурсамж бүтээх боломжийг хязгаарлах нь шийдэл биш.


120











