2026 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 10-ны мягмар гарагт тохиож, бүх нийтээр амарна.
Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу Их эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь Монгол бахархлын өдөр юм.
Шинжлэх ухааны академиас Их эзэн Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж тогтоосон байдаг. Үүний дагуу Монгол Улс 2012 оноос эхлэн түүний мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж иржээ.
Монгол бахархлын өдөр нь Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны түүхэн үүрэг, монголчуудын өв соёл, үндэсний үнэт зүйл, тусгаар тогтнолын үнэ цэнийг эргэцүүлэн дээдлэх утга агуулгатай.
Ташрамд дурдахад, 2026 онд арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласан өдөр, арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож, мөн бүх нийтээр амарна.


156











