Их Британийн зэрлэг амьтдын хүрээлэнд барын дайралтад өртөж амиа алдсан 23 настай Уильям Чапманы ар гэр түүний үхлийн бичлэгийг цахим орчинд түгээх нь тэдэнд маш хэцүү байгааг мэдэгдэж, хүмүүсийг цаашид хуваалцахгүй байхыг хүсжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг бичлэгийг өөрийн Truth Social платформоор дамжуулан олон сая дагагчдаа түгээсний дараа талийгаачийн ар гэр ийнхүү мэдэгдэл гаргасан байна.
Чапман аравдугаар сарын 10-ны бямба гарагт Английн Донкастер хотын ойролцоох Yorkshire Wildlife Park хүрээлэнгийн барын хашаа руу орсны дараа дайралтад өртөж, хэргийн газарт амиа алдсан юм.

Трамп аравдугаар сарын 13-ны мягмар гарагт бар залуу руу дайрч буй бичлэгийг “Байгальтай хэзээ ч бүү сөргөлд” гэсэн утгатай тайлбарын хамт нийтэлжээ. Үүний дараа тэрээр өөрийгөө бартай ноцолдож, улмаар түүнийг тэвэрч буй мэт дүрсэлсэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг мөн нийтэлсэн байна. Уг дүрс нь Чапманы хэрэг явдалтай төстэй байдлаар бүтээгджээ.
Талийгаачийн ар гэр мэдэгдэлдээ “Бид хайртай хүнээ алдсандаа туйлын их гашуудаж, болсон явдлыг хүлээн зөвшөөрөх гэж хичээж байна. Маш эмзэг энэ үед гүнээ доромжлол агуулсан медиа контентыг нийтэлж, түгээж байгаа нь бидэнд асар их сэтгэл санааны шаналал учруулж байна. Хүмүүсийг үүнийгээ зогсоохыг хүсэж байна” гэжээ.
Мөн тэд Уильямыг гэр бүлийнхнийхээ хайртай, ухаалаг, халуун дулаан сэтгэлтэй, бусадтай нийтэч харилцдаг залуу байсан хэмээн дурссан байна.
Ар гэрийнхний мэдээлснээр Чапман хэдэн жилийн турш сэтгэцийн эрүүл мэндийн ноцтой асуудалтай байсан бөгөөд түүнд хүчтэй эмийн эмчилгээ бичиж өгдөг байжээ. Гэвч энэ нөхцөл байдал түүний үхэлд ямар нөлөө үзүүлснийг тогтоох нь шүүх эмнэлгийн шинжээчийн үүрэг гэдгийг тэд онцолж, холбогдох шалгалтын явцыг хүндэтгэхийг олон нийтээс хүссэн байна.
Эх сурвалж: The Guardian


201











