Маш олон иргэд хол болон ойроос ирэн настай цагаан арьст эмэгтэйг хүчиндээд хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хар арьст эрийн дүүжлэн цаазлах үйл явцыг үзэхээр Кентукки голын эрэг дагуу цугларан зогсоцгоожээ.
Энэ бол 1936 оны наймдугаар сарын 14-ний өдөр, Кентукки мужийн Оуэнсборо хотод түүхэнд үлдсэн асар их халуун давалгааны дундах бүгчим баасан гараг байлаа. Зарим хүмүүс авсан байрлалаа алдахгүйн тулд дүүжлүүрийн дэргэд хоносон бол бусад нь цаазын ял гүйцэтгэх өдрийн өмнөх орой нь 'хүзүүний зүүлт'-ний үдэшлэг зохион байгуулсан байна.
Үүний үр дүнд маргааш нь Кентукки голын эрэг дагуу шартсан хүмүүс олноороо байсан бөгөөд өсвөр насны хүүхдүүд үзэгчдэд попкорн, ундаа зарж байв.

Цааз гүйцэтгэх хугацаа болох өглөөний 05:00 цаг гэхэд цугларсан олны тоо баримжаагаар 20,000-д хүрч байв. Яг тэр мөчид 70 настай Лишиа Эдвардсыг дээрэмдэж, хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэргээ хүлээсэн гэгдэж, үхлийн ял сонссон 20 гаруй насны өнчин залуу Рэйни Бетеа дүүжлүүр өөд алхан гарав. Өмнөх өдрийн үдээс хойш тэрээр амьдралынхаа сүүлчийн хоолонд шарсан тахиа, гахайн хавирга, нухсан төмс, даршилсан өргөст хэмх, эрдэнэ шишийн талх, нимбэгний бялуу болон зайрмаг идсэн байжээ.

Холын холоос буюу Чикаго, Нью Йорк зэрэг хотуудаас ирсэн хэвлэл мэдээллийнхнээс гадна цугларсан хүмүүс дотроос ихэнх нь цуу яриа болоод байсан “эмэгтэй цааз гүйцэтгэгч”-ийг харахаар ирсэн байв. Энэхүү цуу ярианы цаад учир нь тухайн орон нутгийн шериф дөрвөн сарын өмнө нас барсан ба түүний оронд эхнэр нь шериф болсон байжээ. Гэсэн ч эмэгтэй цаазын ял гүйцэтгэхээс татгалзаж түүний оронд хөлсний цааз гүйцэтгэгч Бетеаг үхэл рүү нь илгээсэн байна.
Энэ мөч бол АНУ-д болсон хамгийн сүүлийн олон нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэсэн тохиолдол байв. Бетеагийн үхлийг тойрсон тэрхүү циркийн үзүүлбэр үзэх мэт замбараагүй байдал нь Кентукки мужийн олон хүнийг шившигт байдалд оруулсан тул, 18 сарын дараа мужийн амбан захирагч олон нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэхийг хуулиар хоригложээ.
Тухайн үед нийгмийн хандлага арай илүү хүнлэг, далд аргуудыг эрэлхийлэх болсноор ихэнх мужууд олон нийтийн нүдэн дээр цаазын ял гүйцэтгэхийг хэдийнээ халаад байсан үе.
Рэйни Бетеаг цаазаар авснаас хойш 90 гаруй жилийн дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет 2009 онд Техас мужийн Форт Хүүд цэргийн баазад зэвсэггүй байсан 13 цэргийг хөнөөсөн Нидал Хасаныг олон нийтийн өмнө цаазаар авна гэдгийг мэдэгджээ. Үүгээр ч зогсохгүй Пентагоноос цаазаар авах ялыг интернэтээр шууд дамжуулна гэсэн байна.

Хегсет энэ тухай тайлбарлахдаа “Иймэрхүү гэмт хэрэг үйлдэх нь үргэлж ардаасаа ноцтой үр дүнг дагуулдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй” гэжээ.

Колорадогийн их сургуулийн хүндэт профессор, цаазын ялын чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн Майкл Раделет үүнд маш их цочирдсон байна. Тэрээр “Би дахиж олон нийтийн өмнө цаазын ял гүйцэтгэнэ гэж хэзээ ч төсөөлж байсангүй” хэмээсэн байна.

Тэрээр цаазын ялыг олон нийтийн өмнө гүйцэтгэхийг дэмжих олон нийтийн дэмжлэг ерөнхийдөө буурч байгааг онцлохдоо, 1994 онд энэ талаар олон нийтийн үзэл 80% эерэг байсан бол өдгөө 52% хүртлээ буурсныг дурджээ.
Энэ талаар АНУ-ын иргэд ямар бодолтой байгааг дүгнэхэд хэтэрхий эрт байгаа ч шууд дамжуулалтыг хэдэн сая эсвэл тэрнээс ч их хүн үзнэ гэдэг нь тодорхой.
Хегсетийн мэдэгдлийн дараагаар Раделет шударга ёсны төлөөх цаазын ял олон нийтийн зугаагаа хангах зүйл болж хувирч байна. Найзуудтайгаа цуг попкорн идэнгээ үзээд л…
Бетеагийн хэргийн тухай өнгөрсөн жил ном бичсэн Соняа Леа олон нийтэд шууд дамжуулалтаар хүргэх цаазын тухай сонсоод, ирээдүйн хойч үедээ бид юуг үлдээгээд байгаа талаар аймшигтай мэдрэмжийг мэдэрсэн байна.
“Тэд 1936 онд олон нийтийн өмнө цаазаар авах байдлыг садисм гэж нэрлэж байснаа өнөөдөр 20,000-аас хэдэн арав, зуу дахин илүү хүнд технологийн тусламжтайгаар хүргэх гэж байгаа нь илүү аймшигтай” гэжээ.
Эх сурвалж: ВВС



239











