Хүний тархинд чип суулгах мэс ажилбар амжилттай болсныг Илон Маск зарлав


А.Номин | YOLO.MN
2024-02-02
Зургийн эх сурвалж: Reauters

Тэрбумтан Илон Маскын “Neuralink” компани хүний тархинд чип суулгах мэс ажилбараа амжилттай хийсэн байна.

Тус компани мэс ажилбар хийх зөвшөөрлөө АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний албанаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан бөгөөд сайн дурын хүн хайж байсан юм.

Тэгвэл Илон Маск цахим хуудсаараа дамжуулан хүний тархинд чип суулгах мэс ажилбар нь амжилттай болсныг зарлажээ. Тодруулбал тэрбээр мэс ажилбар амжилттай болж, чип суулгуулсан хүний биеийн байдал сайн байгааг хэлэв.

“Neuralink” компани уг туршилтаараа хүмүүс бодлоороо компьютер удирдах боломжтой болгохыг зорьж байгаа юм. 

Одоогоор тус компанийн зүгээс мэс ажилбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ. 

Компанийн албан ёсны сайт дээр байгаа мэдээллээр чип суулгаснаар дөрвөн мөч нь саажилттай хүмүүс бодлоороо төхөөрөмж удирдахад нь туслах холбоо хамаарлыг судална гэсэн юм. 

Хүний тархинд чип суулгахаас өмнө, 2020 онд гахайнд суулгаж, тархины үйл ажиллагааг нь судалж байсан. Мөн сармагчны тархинд чип суулгаж, видео тоглоом тоглуулах туршилт хийж байв. 

Эх сурвалж: Reuters, Neuralink

#мэдээ