ЖООМ, ААВ, КАФКА


YOLO.mn | YOLO.MN
2023-12-28

Франц Кафка. Тэрбээр 1983 оны долоодугаар сарын 3-нд Австри-Унгарын эзэнт гүрний Прага хотод байрлах дундаж давхаргын Еврей гэр бүлд Херманн Кафкагийн 6 хүүхдийн дундах хүүхэд нь болж мэндэлсэн бөгөөд доороо 3 эмэгтэй дүүтэй өссөн аж. 

Франц Кафка нь дээд боловсрол эзэмшихдээ хуулийн чиглэлээр мэргэшин доктор зэрэгтэй төгсөөд даатгалын компанид ажилтнаар орсон. Гэвч эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн үүрэгт ажлаасаа эрт тэтгэвэрт гарсан бөгөөд ажлаасаа гадна албан ёсоор ЗОХИОЛЧ гэх тодотголгүй байсан гэдэг. Гэвч 20-р зууны хамгийн агуу РЕАЛИЗМЫН УРАН ЗӨГНӨЛЧ-үүдийн төлөөлөл болсон түүний бүтээлүүд насан эцэслэснийх нь дараа ч дэлхий даяар алдаршиж чадсан. 

Жоом. 

Зургаан хөл нь ийш тийш арвалзсан аварга том ЖООМ! 

Анх ХУВИРАЛ буюу МЕТАМОРФОЗИС гэх богино өгүүллийг уншаад Франц Кафка гэх нэрийг дахиад мартахгүй болтол гүн сэтгэгдэл үлдэж билээ. Энэ өгүүллэг маш сонирхолтой. Толгой эргүүлмээр ч юм шиг. Анх уншаад дуусан дуустал нь нэг л юу болоод байгааг нь ойлголгүй хөмсгөө зангидан бодлогоширсоор таарч билээ. 

Зүүд юм уу? Уран зөгнөл юм уу? Төсөөлөл юм уу? Эсвэл үнэхээр ийм явдал болж байсныг яриад байгаа юм биш биз дээ? Үгүй байлгүй дээ! 

“Хувирал”-ыг гурав дахь удаагаа уншиж байж л тархинд сая нэг бүтэн дүрслэлүүд бууж ирж байсныг бүр цохон тэмдэглэмээр санагддаг юм. 

Одоо бодоод үзэхэд тэр үед яагаад энэ өгүүллийг дахин дахин уншаад ойлгохгүй байсан учраа бага багаар ойлгож байна. Яагаад ойлгоогүй гол шалтгаан нь Кафкагийн гаргаж ирж байгаа шиг ийм хурц, бие арзайлгам дүрслэл, илэрхийлэмж нь өмнө нь хэзээ ч номоос авч байгаагүй шив шинэ зүйл байсанд гэж бодогдлоо. Шууд базаад хэлбэл Кафкагийн өөрийгөө өрөөний буланд гологдож, таягдуулсан жоом мэтээр мэдэрсэн энэ мэдрэмж тийм ч олон хүнд ингэж айхтар хүчтэйгээр бууж ирээгүй байдаг учраас эхлээд ойлгох гэж хэсэг хугацааг зарцуулдаг байх. 

Үүнээс л түүнийг бага балчир, идэр залуу насных нь туршид хэмхлэн өвтгөж байсан сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл харагдаж болох юм шиг. 

Хувирал-ын эхний мөрүүдийг уншаад бие арзайгаад цаашаа үргэлжлүүлэхээс ч дотор жийрхэж байсан нь тод санагддаг. Тэр том хүн шиг жоомыг төсөөлнө гэдэг ч… 

Гэхдээ энэ өгүүллийг дахин дахин унших тусам өнөөх арвалзсан “АЙМААР” жоомыг өрөвдөж, хайрлах сэтгэл төрж байсан нь хамгийн гоё мэдрэмж. Жоомыг өрөвдсөндөө гэхээс илүү өөрийгөө ЖООМ юм шигээр мэдэрч, бүхий л амьдралаа жоомны өнцгөөс төсөөлж харж чадаж байсан зохиолчийн илэрхийлэмжийг уншаад тэр хүний дотор руу жаахан ч болов өнгийх боломж олдож байгаа мэт санагдсан. 

Одоо л лав дахиж бие арзайх мэдрэмж төрөхгүй гэдгийг мэдэж байна. 

Зохиолчийн бичиглэлийн хэлбэр, арга барил нь их сонирхолтой. Юу нь вэ гэж үү? Зүгээр л нэг явдлыг өгүүлээд байгаа мэт атлаа үг бүр нь уншигчдаа хүрч, дүрслэл буулгаж чаддаг явдал нь. 

Гэхдээ түүний энэ бичиглэл нь зүгээр л давтаж, даган бичсээр байгаад өөрийн болгоод авдаг зүйл биш юм шиг тийм онцгой сэтгэгдэл төрүүлдэг нь бүр сонин. Үнэхээр л Кафкагийн амьдралаар түүний оронд амьдрахаас нааш өөрийн болгох, эзэмших боломжгүй байх даа гэж бодогдуулдаг харах өнцөг, бичгийн чадвар, дүрслэлийн арга барилыг нэг доор цогцлоосон учраас л түүний бичвэрүүд онцгойрдог болтой. 

Кафкагийн бас нэгэн бүтээл болох “ШҮҮХ” роман нь их алдартай. Уг роман дээр Хувирал өгүүлэл дээрхээс өөр үйл явдлууд өрнөдөг ч уншаад дууссаны дараа давхардаж төрөх мэдрэмжүүд их олон. Нэг л хүн бичсэн шүү дээ гэдэг бодол бас төрүүлнэ. Гэхдээ ШҮҮХ роман бол Кафка насан эцэслэхээсээ өмнө бүрэн дуусгаж чадаагүй бичвэр нь. 

Удахгүй ШҮҮХ романы тэмдэглэлээ оруулах болно оо. 

Эцэст нь гэвэл зохиолчийн хувийн амьдрал, зохиолчийн карьерын талаар улам илүү мэдэхийг хүсвэл энэхүү бичлэгийг хуваалцмаар байна. 

                                                                                                                                                                                              Сэтгүүлч М.Анужин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

#нийтлэл