Солонгос оддын оролцсон “Couriers in Mongolia” наймдугаар сард дэлгэцнээ гарна


А.Номин | YOLO.MN
2023-07-18

Солонгосын JTBC телевизээс Монголд хүргэлт, шуудангийн үйлчилгээг танилцуулах зорилготой “Couriers in Mongolia” буюу “Монгол дахь шуудан зөөгчид” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэж эхэлсэн.

Уг нэвтрүүлгийн хүрээнд тус улсын нэрт дуучин, жүжигчид өнгөрсөн сард манай улсад ирж, зураг авалтаа хийсэн юм. Гишүүдийн бүрэлдэхүүнд “Сэргэлэн охин Ян Сун” киноны дүрээр нь Монголчуудын сайн таних жүжигчин Жан Хёг бий. Тэрбээр өөрийн хоёр сайн найз болох дуучин Ким Жонгүк, жүжигчин Ча Тэхён нартай хамт нэвтрүүлэгт оролцож буйгаараа онцлог.

JTBC телевизээс нэвтрүүлгийн тийзэр бичлэгийг цацсан бөгөөд наймдугаар сарын 18-ны өдөр эхний дугаар олон нийтэд хүрэх аж. 

Уг бичлэгт Монголын байгалийг гадаад орнуудынхтай адилтган харуулж, “Эдгээр бүгдийг нэг дор багтаасан Монгол” хэмээн тайлбартай оруулжээ. Дуучин Ким Жонгүк энэ талаар “Монгол яг л Азийн Швейцар шиг юм” хэмээн хэлж буй хэсэг гарах бөгөөд Хөвсгөл нуурыг “Энэ бол нуур биш, далай байна” гэжээ.

Эх сурвалж: Allkpop

#мэдээ