IHC Esports баг ESL мэргэжлийн лигийн урьдчилсан шатанд тоглоно


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-12-18

Монголын IHC Esports баг "ESL Challenger League"-ын 43 дахь улирлын Ази-Номхон далайн бүсэд амжилттай оролцож мэргэжлийн лигийн урьдчилсан шатанд тоглох эрхээ авлаа.

E-Sport-ын томоохон байгууллага ESL-ээс зохиодог CSGO-ын мэргэжлийн лиг буюу "ESL Pro League"-ын 17 дахь улирал ирэх оны гуравдугаар сард эхэлнэ.

Бага чансаатай багууд тус тэмцээнд оролцохын тулд "ESL Pro League Conference" буюу урьдчилсан шатны тоглолт хийдэг бөгөөд "ESL Challenger League"-ын улирлуудад түрүүлсэн багууд тус урьдчилсан шатанд тоглох эрх авдаг.

Монголын IHC Esports багийн хувьд "ESL Challenger League Season 42: Asia-Pacific"-т сайн тоглосон ч эрхээ авч чадаагүй бол энэ удаа "ESL Challenger League Season 43: Asia-Pacific"-ын финалд шалгарснаар эрхээ авсан.

Ази-Номхон далайн бүсэд тоглосон Хятадын "Lynn Vision" баг "ESL Challenger League Season 42: Asia-Pacific"-аас эрхээ авсан байсан тул гранд финалын тоглолт хийх шаардлагагүйгээр IHC Esports эрхээ авсан юм.

ESL Challenger League-ын 43 дахь улиралд Монголын Aravt, Clutch Gaming, Flaggers болон Монгол тоглогчтой Team NKT багууд оролцсон.

"ESL Pro League Conference Season 17" 2023 оны хоёрдугаар сарын 21-д эхэлнэ. Imperial Esports, Outsiders, Grayhound Gaming, Eternal Fire, 00 Nation зэрэг мажорын багууд оролцох тус шатнаас шилдэг зургаан баг нь мэргэжлийн лигт тоглох эрхээ авна.

17 дахь улирлын мэргэжлийн лигт тэднийг дэлхийн хамгийн шилдэг 15 баг хүлээж байна. Тус тэмцээний 16 дахь улиралд Францын Team Vitality баг түрүүлсэн.

#Мэдээ