18 НАС, 18 МӨРӨӨДӨЛ


Г.Өнөболд | YOLO.MN
2022-06-01

Зайсан, Баянхошуу, Нисэх, Шинэ яармаг, Цайз-16, Их наран...Улаанбаатар хотын дүүрэг, хороо, хотхон хороолол, гудамж, гэр хороолол гээд бүхий л орчинд, жаргалтай, гунигтай, инээдтэй, нулимстай 582.860 хүүхэд амьдарч байна.

Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр 0-18 насны 18 хүүхдийн 18 инээд, 18 өөр ертөнцийн бас мөрөөдлийн эрэлд гарлаа. Биелэх ч, биелэхгүй ч, оюутан болоод л өөрчилж магадгүй ч, бүр орхиж мэдэх ч, огт өөрийг хүсэн, тэмүүлж болох ч тэд өнөөдөр мөрөөдөж чадаж байна.

Монгол хүүхдүүд юу мөрөөддөг юм бол?

С.Бямба-Очир 6 сартай. Тэр айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. /Сонгинохайрхан дүүрэг. Баянхошуу. 2022.05.27/

С.Эрдэнэ-Очир 1 настай. Тэрбээр С.Бямба-Очирын ах. Дөнгөж 11 сар хүрээд байхад нь ээж нь дүүг нь төрүүлснээр тэр "том ах" болжээ. /Сонгинохайрхан дүүрэг. Баянхошуу. 2022.05.27/

Х.Цэлмүүн 2 настай. Түүнийг аав, ээж болон ахтайгаа хамт "Автомашингүй өдөр"-өөр Сүхбаатарын талбайг зорин ирсэн үед гэрэл зургийг нь ийн буулгав. /Сүхбаатарын талбай. 2022.05.28/

Г.Цэндбаатар 3 настай. Аав, ээжийнхээ анхны үр болон мэндэлсэн тэрбээр гэртээ өсөн, торниж байна. /Хан-Уул дүүрэг, Шинэ яармаг хотхон. 2022.05.31/

Д.Тэмүүлэн 4 настай. Тэрбээр цэцэрлэгийн сугалаанд "тэнцээгүй" тул өдрийг ээжтэйгээ хамт гэртээ өнгөрүүлж байна. /Сонгинохайрхан дүүрэг. Ихнарангийн гудамж. 2022.05.27/

А.Мишээл 5 настай. Тэрбээр "Мон-Эрин" цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт суралцдаг. Эрвээхий болохыг мөрөөддөг тэрбээр өндөр нисээд хамгийн гоё, сайхан бүхнийг харахыг хүсдэг гэсэн. Ээж нь түүнийг "Их романтик" гэж тодорхойлов. Түүнийг тоглоом хамгийн ихээр аз жаргалтай болгодог бол харин хүмүүс өөрийг нь гомдооход маш их гунигладаг гэнэ лээ. /Баянгол дүүрэг, Мон-Эрин цэцэрлэг. 2022.05.27/

Э.Цэцэнгоо 6 настай. Нийслэлийн 118 дугаар сургуулийн 1Г ангийн сурагч. Тэр том болоод менежер болохыг мөрөөддөг. Тэр өнөөдөр нэгдүгээр ангиа онц дүнтэй дүүргэж байна. Тэрбээр хүн бүр гудамжинд хогоо хаядаггүй, бас амны хаалтаа бүгд зүүдэг байгаасай гэж хүссэн. /Хан-Уул дүүрэг, 118 дугаар сургууль.2022.05.31/

Е.Содгэрэл 7 настай. Тэрбээр Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн сурагч. Тэр бүжиглэх дуртай. Ирээдүйд балетчин болохыг хүсдэг. Тэр үсэглэлийн баяраа тун саяхан тэмдэглэсэн бөгөөд С үсэг болжээ. Үүнээс хойш түүний хамгийн дуртай баяр нь үсэглэлийн баяр болсон гэнэ. /Хан-Уул дүүрэг, Буянт-Ухаа хороолол. 2022.05.31/

Б.Чинбат 8 настай. Нийслэлийн 31 дүгээр сургуулийн 3В ангид сурдаг. Тэрбээр "5 minute craft"-ийн бичлэгүүдийг үзэх дуртай болохоор бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хичээлүүдэд илүү шамддаг. Харин монгол хэл, математикийн хичээлүүд их юм бичдэг, гар өвддөг болохоор тийм ч дуртай биш аж. Тэр эмээтэйгээ байхдаа л хамгийн жаргалтай гэнэ. /Сүхбаатар дүүрэг. 2022.05.31/

Т.Түвшин-Ундрах 9 настай. Нийслэлийн 28 дугаар сургуулийн 3Г ангид сурдаг. Тэр онгоцны жолооч болоод гэр бүлийнхнээ хүссэн газарт нь хүргэж өгөхийг мөрөөддөг. Түүнийг хамгийн ихээр аз жаргалтай болдог зүйл нь хүүхдийн парк гэнэ. Мөн гэр бүлээрээ хооллох хамгийн дуртай аж. Тэр Улаанбаатарыг ирээдүйд аз жаргалтай хот болно гэж боддог. /2022.05.31/

С.Бадаргуун 10 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 38-р сургуулийн 4-2 ангийн сурагч. Аав, ээжийгээ аз жаргалтай амьдруулахыг хүсдэг тэрбээр үүний тулд сайн хүн болж, сайхан амьдрах хэрэгтэй гэсэн юм. Монгол Улсаа технологийн дэвшлийг нэвтрүүлэн, хөгжиж дэвшинэ гэж итгэдэг энэ хүү олон мэргэжил эзэмшихийг хүсдэг. Тэр дундаас багаасаа бас хамгийн их хүсэж, сонирхдог мэргэжил нь амьтан судлаач. Олон төрлийн амьтдыг судалж, тусламж хэрэгтэй амьтдыг асарч, тэжээхийг хүсдэг гэв. /2022.05.31/

Н.Уянга 11 настай. "Гёте" сургуулийн 5А ангийн сурагч. Ирээдүйд цагдаа болохыг мөрөөддөг. Хууль, дүрмээ мөрдөхгүй байгаа хүмүүст "хатуу анхааруулах" хэрэгтэй гэв. Тэрбээр аз жаргалыг аав, ээжийнхээ тэврэлт, халуун дулаан үгнээс хамгийн ихээр мэдэрдэг. /Сүхбаатарын талбай. 2022.05.27/

З.Дөлгөөнмөрөн 12 настай. Нийслэлийн 33 дугаар сургуулийн 6Е ангид сурдаг. Тэрбээр ирээдүйд онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг. Одоогоор онгоцонд сууж амжаагүй ч хүүхэлдэйн киноноос үзсэнээр газраас хөөрч байгаа нь, тийм урт, том тээврийн хэрэгслийг удирдан жолоодно гэдэг тун догь санагддаг гэнэ. З.Дөлгөөнмөрөн Монгол Улс утаагүй болж бас коронавирус бүрэн арилаад хүүхдүүд гадаа чөлөөтэй тоглох, тийм орчныг хүсдэг. /Баянзүрх дүүрэг. Сансар. 2022.05.31/

Д.Өнөболд 13 настай. Тэр 30 дугаар сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Хоол хийх дуртай. Хамгийн сайн хийдэг хоол нь гуляш. Ирээдүйд инженер эсхүл тогооч болохыг мөрөөддөг. Мөн Монгол Улсыг ирээдүйд Япон шиг өндөр хөгжилтэй, цэвэрхэн хот болоосой гэж хүсдэг. /Баянзүрх дүүрэг, Цайз-16. 2022.05.27/

Б.Ананд 14 настай. Нийслэлийн 115 дугаар сургуулийн 8Д ангийн сурагч. Тэрбээр "Манай ээж хөгжлийн бэрхшээлтэй. Бид гадуур явахад хүмүүс ээжийн таяг руу хараад байдаг. Энэ хандлагаа л больчхоосой гэж хүсдэг дээ" гэв. Б.Ананд том болоод Японд сурч, Германд амьдарна.Тэндээс хуулийг нь судалж байгаад Монголын хөгжлийн бэрхшээлтэй, сурах боломжгүй хүүхдүүдэд асрамжийн газар, эсхүл сургууль байгуулж өгөхийг мөрөөддөг. /Хан-Уул дүүрэг. 2022.05.31/

Э.Боорчи 15 настай. Нийслэлийн 118 дугаар сургуулийн 10В ангийн сурагч. "Монголын ирээдүйг тун дажгүйгээр төсөөлдөг" хэмээх тэрбээр ирээдүйд том компанийн IT инженер болоод давхар тамирчин болох мөрөөдөлтэй. Математик, физикийн хичээлдээ илүү дуртай. /Хан-Уул дүүрэг, 118 дугаар сургууль. 2022.05.31/

Г.Нандин 16 настай. Тэр "Эрхэм баян эрдэм" сургуулийн 10 дугаар ангид суралцдаг. Багадаа дуучин, жүжигчин, загвар өмсөгч болохыг хүсдэг байв. Харин одоо санхүүгийн салбарт ажиллахыг мөрөөддөг болсон. Мэргэжлээ эцсийн байдлаар сонгоогүй ч тэтгэлэг авч АНУ-д суралцахыг мөрөөддөг. Тэр найзуудтайгаа хамт байх, ангийнхантайгаа даалгавраа хамт хийх, сагс тоглох дуртай. /Сүхбаатар дүүрэг, МПМ цогцолбор. 2022.05.30/

-Б.Нандин-Эрдэнэ 17 настай. Сакура сургуулийн 11А ангийн сурагч. Тэр ирээдүйд эх орондоо хэрэгтэй л хүн болно гэж мөрөөддөг. Манай Улсад сэргээгдэх эрчим хүч хамгийн их хэрэгтэй гэж боддог тул БНХАУ-д инженерээр суралцахыг хүсдэг. /Хан-Уул дүүрэг, Сакура сургууль. 2022.05.31/

Н.Лхагвадулам 18 настай. Нийслэлийн 77 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг. Удахгүй математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа. Ирээдүйд Монгол Улсаа илүү хөгжүүлэхийн тулд хуульч мэргэжилтэй болохыг зорьж буй. Би "Би бүх хүмүүс өөрийнхөөрөө байгаасай" гэж хүсдэг гэлээ. /Сүхбаатарын талбай. 2022.05.27/

Тэд гуниггүй ирээдүйг, өнөөдрийнхөөс илүү хөгжсөн, цэвэрхэн Монголыг мөрөөддөг юм байна. Бас алсад суралцаж IT инженер, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн болж  эх орондоо, энэ хотод хэрэгтэй хүн болохын төлөө өнөөдөр шамдан суралцаж байгаа аж. Харин хэн нь ч ирэхгүй явж, буцахгүй суурьшиж өөр орны өндөр хөгжлийг шүтэх тухай дурдсангүй.

Тийм ээ, тэдний мөрөөдөл Монголын ирээдүйг гэрэлтүүлж байна.

#Баярын өдөр