Ghibli студийн зурсан интерьерийг бодит амьдрал дээр буулгавал ямар харагдах вэ?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-07-08

Бага зэрэг айдас төрөм ч Studio Ghibli-гийн ертөнц үнэхээр биширмээр биш гэж үү? Ghibli студийн бүтээлүүд гараар зурсан үзэсгэлэнтэй хэв маягаараа алдартай. Тэрхүү олон янзын сонирхолтой интерьер дизайн бодит ертөнцөд ямархуу харагдах бол? Ингээд бидэнд хэдийнээ танил болсон Ghibli студийн бүтээлүүдээс таван өрөөг 3D дүрслэлээр бүтээснийг сонирхоцгооё.

Арриетигийн унтлагын өрөө - (The secret world of Arrietty, 2010)

Арриетигийн нууц ертөнц дэх “бяцхан хүмүүс”-ийг Мэри Нортоны “The Borrowers” хүүхдийн уран зөгнөлт романаас сэдэвлэсэн байдаг. Харин Ghibli студиэс номын ид шидийг цэнхэр дэлгэцнээ амилуулсан билээ. 

Арриетигийн унтлагын өрөө замбараагүй харагдаж магадгүй. Гэсэн ч тэрээр үүнийгээ өөрийн “бяцхан цэцэрлэг” гэж үздэг. Та унтлагын эсвэл ажлын өрөөгөө иймэрхүү загвараар өөрчилбөл “төгс” урам зориг авах болно. Ялангуяа том хэмжээтэй гэрийн ургамал нүдэнд тань тогтмол харагдаж байх нэг төрлийн төгс тайвшрал биш гэж үү?

Зенибагийн гал тогоо - (Spirited away, 2001)

Гал тогоо бол талх хувааж идэнгээ шинэ найзтай болж болох гайхалтай газар. Аймшигтай шулам Зениба, Сэн болон түүний зочдыг цай уухаар урихад яг ийм зүйл тохиолддог. Гэрийнхээ гал тогооны тав тухтай байдлаар Зениба өөрийгөө сүрдмээр дайсан гэхээсээ илүү найрсаг зочломтгой “эмээ” гэдгээ харуулсан.

Зенибагийн гал тогооны юу нь тийм тайвшруулам гэж бодож байна? Энэ бол бүтэц, гэрэлтүүлэг, зан араншин. Ил харагдаж байгаа тоосгон өрлөг, шалны хавтан нь тосгоны энгийн нэгний мэдрэмжийг төрүүлнэ. Муухан хосолсон сав суулга бүхий тавиурууд нь Зенибагийн хувь хүний өвөрмөц шинж, сэтгэл булаам зан чанарыг илэрхийлжээ. Унжлага багатай дүүжин гэрэл нь ойр дотно мэт мэдрэмж төрүүлэх бол ил гал нь Зенибаг дулаахан сэтгэлтэй хүн гэдгийг эргэцүүлэхэд хүргэнэ.

Хөүлийн ариун цэврийн өрөө - (Howl’s Moving Castle, 2004)

Хаяао Мияазакагийн алдартай бүтээлүүдийн нэг бол яах аргагүй Хөүлийн явдаг цайз. Атаархуу шулам Софи хэмээх залуу охиныг хөгшин эмэгтэй болгон хувиргадаг. Софи хараалыг хариулах гэж явахдаа шидтэний гайхалтай цайзад үйлчлэгчээр ажиллаж эхэлнэ. Хөүлийн цайз бол интерьер дизайн уран сэтгэмжийн архитектурын хувьд кино урлагийн үнэмлэхгүй сайн бүтээлүүдийн нэг.

Хөгшин Софигийн нүдээр бол Хөүлийн ариун цэврийн өрөө хамгийн бохир замбараагүй өрөө. Харин Хөүлийн хувьд энэ хэрэг арай өөр. Түүний ариун цэврийн өрөө бол “Дориан Грэеийн зураг” мөн хувийн орон зай нь юм. Сонгодог үеийн зэс хоолой, цорго зэрэг нь дэвшилтэт технологи гэхээсээ илүүтэй механик зүйлсийн хослолын зохицлыг харуулсан. Мөн ийм сонгодог хэв маягийн угаалгын өрөөнд зэрлэг гэмээр будгийн хослолуудыг нэмж өгсөн нь ид шидийн мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Аннагийн унтлагын өрөө - (When Marnie Was There, 2014)

Анна Сасаки хэмээх 12 настай, бүрэг ичимхий охин өргөмөл эцэг эхтэйгээ амьдардаг бөгөөд нэгэн өдөр астма өвчин нь сэдэрдэг. Эцэг эх нь эмчийн зөвлөснөөр Аннаг зуны амралтаараа цэвэр агаар бүхий хөдөө аваачдаг. Нэгэн өдөр  охин зэргэлдээх харшид очоод Марни хэмээх урт шаргал үстэй охинтой танилцдаг.

Аннагийн орсон хүн ашигладаггүй байсан өрөө энгийн атлаа сэтгэл татам. Цаасан чийдэн нь Исаму Ногучигийн алдарт “Akari” гэрлийн баримал шиг мэдрэмжийг төрүүлнэ. Орны унжуургыг гэрэл нэвтэрдэг цэвэрхэн хөшигтэй хослуулсан нь цаанаасаа л амар амгаланг мэдрүүлнэ. Мөн тайвшрам ногоон өнгө модон эдлэлтэй тун донжтой зохицсон байгааг та харж болно.

Муурны товчоо - (The Cat Returns, 2002)

17 настай охин нэгэн мууранд тусалсныхаа дараа ид шидийн ертөнцийн муурын ханхүүтэй сүй тавихаар болно. Ингээд гол дүр Хару муурын товчооноос зөвлөгөө авахаар очно. Тэрээр энд Барон Хумберт фоэ Гиккингэнтэй уулзана. 

Хэдий тийм ч, муурын товчоо ажлын байр гэхээсээ илүүтэй бяцхан амралтын өрөөг санагдуулна. Товчооны бичгийн ширээг асар том цэцгийн хажууд байрлуулсан нь онцгой шинж чанарыг нэмэгдүүлж өгчээ. Харин өрөөний тэгш хэмийг харвал Вес Андерсоны ч атаархлыг төрүүлэм сүр жавхлант мэдрэмжийг өгөхөөр байна.

 

Гэрийн дотор заслаа хийж байх үед онгод олох гэдэг бол бяцхан тулаан л гэсэн үг. Тийм учраас дээрх санаанууд танд багахан ч гэсэн тус болох болов уу. Мөн та өрөөнийхөө интерьерийг өөрчлөх бодолтой байгаа бол дээрх зургуудаас санаа авч болох юм.

Эх сурвалж: House Hold

 

#Кино урлаг #Ghibli