Герман хэлний сурахад хялбар АРВАН хэлц үг


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2021-06-28

Герман хэл ээ гэж, хүмүүсийн мэддэгээр өнөөх муухай тас түс хийсэн хатуу хэл. Гэтэл үнэндээ утга агуулгын хувьд тун сонирхолтой, хэний ч анхаарлыг татахуйц хэлц үгээр арвин. Энэ нийтлэлээр герман хэл сурч буй уншигчдадаа зориулаад ойлгоход амархан арван хэлцийн шууд ба хэлц утгыг тайлбарлан хүргэе.

um den heißen Brei herumreden

шууд утгаар: халуун тогоо/хоол тойрч ярих

Тайлбар: Ямар нэгэн юм ярихдаа яг гол зүйлийг нь хэлэхгүй тойруулаад л яриад байхыг ингэж хэлдэг аж. Хэрэв найз чинь болсон явдал ярихдаа хэт хэрэггүй зүйлсийг дахин дахин дурдаж гол санаагаа хэлэхгүй таныг зовоогоод байвал ингээд хэлчхээрэй.

die daumen drücken

шууд утга: эрхий хуруугаа дарах/атгах

Тайлбар: Шууд утгаар эрхий хуруугаа атгаж барихыг хэлнэ. Харин энэ нь хэлц утгаараа амжилт хүсэж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, солонгосчуудын fighting! гэж хэлэхдээ гараа атгадагтай адил.

Lügen haben kurze Beine

шууд утга: Худал ярих богино хөлтэй.

Тайлбар: Монгол хэлнээ адил утга бүхий хэлц бий: Дарав ч далдайна, булав ч бултайна. Худлаа ярих нь юуг ч хожихгүй, хэзээ нэгэн цагт илэрнэ гэсэн утгатай. Эсвэл өөрөөр, худал яривал хол явахгүй гэж ойлгож бас болох юм.

 

Ich glaube ich Spinne. 

шууд утга: Би аалз байх аа.

Тайлбар: Би яг галзуурсан байх аа, би галзуурах нь гэсэн утгатай хэлц. Яагаад германчууд аалз гэсэн юм бол? Магадгүй аалзыг эрт дээр үед галзуу гэж боддог байсан юм болов уу?

 

Ich verstehe nur Bahnhof

Шууд утга: Би төв өртөөг л мэднэ.

Тайлбар: Нөгөө хүнийхээ яриаг ойлгохгүй байвал хэлдэг хэлц. Өөрөөр хэлбэл “би төв өртөө буюу вокзал гэсэн үгийг л мэднэ, таны яриаг огт ойлгосонгүй” гэсэн үг.

 

einen Kater haben 

шууд утга: мууртай байх

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний дараа шартсан үедээ хэлэх хэлц. Учир нь тийм үед толгой дээрээ муур суулгачихсан юм шиг мэдрэгддэг аж.

 

mit ihm kann man Pferde stehlen

шууд утга: түүнтэй хамт морь хулгайлж болно

Тайлбар: Гуравдагч этгээдийг магтахдаа “найдвартай, итгэл даахуйц” гэж хэлэхдээ энэ хэлцийг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, “битгий ай, чи түүнтэй хамт морь ч хулгайлж чадна, тэр найдвартай”.

 

Du bist doch nicht aus Zucker.

шууд утга: Чи элсэн чихрээс бүрдээгүй шүү дээ.

Тайлбар: Зарим хүмүүс хур бороо оронгуут гэрээс гарахаа больчихдог. Цаг агаараас амьдрал нь хэт их хамаардаг. Ийм төрлийн хүмүүст “Чи элсэн чихрээс бүтээгүй шүү дээ, бороонд норлоо гээд юу болох вэ дээ. Ямар элсэн чихэр эсвэл ёотон шиг уусчих биш.” гэсэн утгаар хэлдэг аж.

 

eine Rolle spielen

шууд утга: дүрд тоглох

Тайлбар: Кино юм уу, зохиолын гол дүрд жүжигчин тоглодог шиг аливаа юм чухал үүрэгтэй бол үүнийг дүрд тоглодог гэж хэлдэг. Чухал дүрд тоглодог гэж хэлбэл чухал үүрэгтэй гэсэн үг аж. Харин эсрэгээр нь дүрд тоглодоггүй гэвэл ямар ч хамааралгүй, үүрэггүй гэж ойлгож болох юм.

 

zwei Fliegen mit einer Klappe schlagen

шууд утга: нэг цохилтоор хоёр ялаа алах

Тайлбар: Нэг сумаар хоёр туулай буудах гэсэн манай хэлцтэй агаар нэг.

 

#Гадаад хэл #Герман хэл #Хэлц үг