Гэрэлтдэг аварга загастай танилцах уу?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-03-09

Хорвоо дэлхий өргөн уудам. Тэр дундаа бидний нэрлэж заншсанаар хөлгүй их далайн гүнд хүн төрөлхтний олж нээгээгүй асар олон зүйлс нуугдаж буй. Далайд мэдээж олон сонирхолтой амьтад оршдог. Хамгийн хачирхалтай нь далайн гүний харанхуйд гэрэлтдэг аварга загас байдаг гэнэ. Итгэмээргүй байгаа биз? 

Шинэ Зеландын зүүн эрэг орчимд ажилладаг аварга загас судлаачид олон жилийн турш далайн гүнд судалгаа хийсний үр дүнд аварга загасны гурван төрөл зүйл харанхуйд гэрэлтдэг болохыг тогтоожээ. Далайн гүний бүсэд амьдардаг китефин, хар хэвлийт болон өмнөдийн аварга загаснууд өөрөөсөө хөх ногоон өнгийн гэрэл ялгаруулдаг байна. Китефин аварга загас нь одоогоор тогтоогдсон хамгийн том биетэй сээр нуруутан бөгөөд биеийн урт нь 180 см хүрдэг байна.

Судлагдсан дээрх гурван төрөл зүйлийн аварга загас нь далайн “бүрэнхий бүс” гэж нэрлэгддэг хэсэгт амьдардаг байна. Cудлаачдын хэлж буйгаар аварга загаснууд өөрөөсөө гэрэл хэрхэн ялгаруулдгийг тодорхойлох хялбар биш аж. Шалтгааны хувьд нарны гэрэл нэвтрэхгүй энэ хэсэгт амьдардаг амьтад эрэгчин эмэгчнээ татах, олзоо хайх, өнгөлөн далдлах зэрэг маш олон шалтгааны улмаас гэрэлтдэг гэнэ.   

Судлаачид 1840-өөд оны үеэс амьд организм өөрөөсөө гэрэл ялгаруулах үзэгдлийн судалгааг эхлүүлж байжээ. Одоогоор судлагдсан 540 гаруй зүйлийн аварга загасны 57 буюу 10 гаруй хувь нь гэрэлтдэг. Далайн гүн дэх аварга загасны судалгааны ажил хөгжихийн хэрээр энэ тоо үүнээс ч илүү нэмэгдэх боломжтой. Мөн амьд организм өөрөөсөө гэрэл ялгаруулах үзэгдэл далайд түгээмэл тохиолддог. Тухайлбал медуз, бактери, загас, толгой-хөлт зөөлөн биетэн гээд далайн олон төрлийн организмууд өөрөөсөө гэрэл ялгаруулдаг байна.

Эх сурвалж: BBC

#Сонин хачин #Амьтад