TOEFL-д бэлдэцгээе!


Ө.Түмэндарь | YOLO.MN
2019-10-12

Хүн бүр л TOEFL гэх нэрийг сонссон байх. Тэдэн дунд энэхүү шалгалтын талаар сонсож байсан ч бэлдэх аргаа олохгүй байгаа хүмүүс ч олон байгаа байх. Тэгвэл таны мэдлэгт нэмэр болох үүднээс англи хэлний түвшин тогтоох уг шалгалт нь бусад англи хэлний шалгалтаас юугаараа онцлог болох, хэн өгч болох, тус шалгалтыг өгснөөр ямар ямар боломжууд нээгддэг зэрэг цогц мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэх болно. Ингээд эхний нийтлэлээрээ TOEFL шалгалтын талаарх ерөнхий мэдээллийг хүргэе.

Англи хэлний түвшин тогтоох хамгийн түгээмэл шалгалтуудын нэг болох TOEFL шалгалтын нэр нь "Test of English as a Foreign Language" гэх үгний товчлол бөгөөд Англиас бусад хэлээр ярилцдаг орны хүмүүсээс АНУ-ын их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг нь тогтоох зорилготой авдаг шалгалт юм.

Зөвхөн АНУ ч гэлтгүй Англи, Канад, Шинэ Зеланд, Герман зэрэг дэлхийн 150 гаруй орны 10,000 орчим их дээд сургуулиуд энэхүү шалгалтыг хүлээн зөвшөөрдөг. Ерөнхийдөө та эдгээр улсад суралцах, тэтгэлэгт өрсөлдөхөөр шийдсэн бол тус шалгалтыг өгөх шаардлагатай гэсэн үг юм. 

  • Бид гадаадын их сургуулиудад суралцахаар төлөвлөхдөө зөвхөн аль нэг сургуульд орно гэж биш олон хувилбартайгаар төлөвлөдөг. Жишээлбэл би Кембрижийн их сургуульд орно. Орж чадахгүй бол Торонтогийн их сургуульд, бүр чадахгүй бол Мичиганы их сургуульд гэх мэт. cheeky Судалгаагаар TOEFL шалгалтыг өгсөн хүмүүсийн 90% нь өөрийн орно гэсэн эхний 1 эсвэл 2 дахь сургуульдаа орж чадсан байдаг. 
  • Мөн АНУ-д ихэнх сургууль TOEFL шалгалтыг бусад англи хэлний түвшин тогтоох шалгалтаас илүүд үздэг. 

Тус шалгалт нь унших, сонсох, ярих, бичих гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр 30 оноотой. Та хамгийн багадаа 0, хамгийн ихдээ 120 оноо авах боломжтой. Аль улсад өгөхөөсөө шалтгаалаад энэхүү шалгалтыг компьютер болон цаасан хэлбэрээр өгөх боломжтой бөгөөд манай улсын шалгуулагчид ихэвчлэн компьютер дээр суурилсан хэлбэрээр өгдөг.
Энэ нь хурдан шивдэг, эсвэл цаасан дээр гаргацгүй бичдэг хүмүүсийн хувьд давуу тал болдог билээ. Ингээд шалгалтын 4 хэсэг тус бүрийг задлан танилцуулъя. 

1. УНШИХ ХЭСЭГ

  • 3-4 бичвэр уншина.
  • Бичвэр тус бүрд 10 асуулт ирнэ. 
  • 1 асуултад хариулах хугацаа: 1 минут 48 секунд.
  • Нийт хугацаа: 54-72 минут. 

2. СОНСОХ ХЭСЭГ

  • Эхний хэсэгт 3-4 лекц сонсоно. (Лекц тус бүр 6 асуулттай.)
  • Дараагийн хэсэгт 2-3 харилцан яриа сонсоно. (Харилцан яриа тус бүр 5 асуулттай.)
  • 1 асуултад хариулах хугацаа: 35 секунд.
  • Нийт хугацаа: 41-57 минут.

(Сонсох хэсгийн шалгалтыг өгч дууссаны дараа 10 минут завсарлана.)

3. ЯРИХ ХЭСЭГ

  • Эхний хэсэгт 3 бичвэр уншина. Мөн бичвэртэй холбоотой лекц, эсвэл харилцан ярианы хэсгээс сонсоно. Ингээд уншиж сонссон мэдээллээ боловсруулж ярина. 
  • Дараагийн хэсэгт өгөгдсөн 1 ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг тусган хариулах ёстой. 
  • Нийт хугацаа: 17 минут.

4. БИЧИХ ХЭСЭГ

  • Эхний хэсэгт эх бичвэр уншина. Мөн тухайн сэдэвтэй холбоотой лекц, эсвэл харилцан яриаг сонссоны үндсэн дээр эссе бичнэ. 
  • Дараагийн хэсэгт өгөгдсөн 1 ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг тусган эссе бичнэ. 
  • Нийт хугацаа: 50 минут (Эхний хэсэгт 20 минут, дараагийн хэсэгт 30 минут.)

Зарим хүмүүс АНУ-ын их сургуулиудад суралцах бол зөвхөн TOEFL, Европын сургуулиудад суралцах бол IELTS өгөх ёстой гэсэн буруу ташаа ойлголттойгоос болоод өөрт тохирох шалгалтаа өгч чаддаггүй. Одоогийн байдлаар гадаадын ихэнх их дээд сургуулиуд энэхүү 2 шалгалтын оноог хөрвүүлдэг болсон. Жишээлбэл та IELTS-ийн шалгалт өгөөд 7.5 оноо авсан бол энэ нь TOEFL-ийн 102-109 оноо авсантай тэнцдэг.

Гадаадад суралцах гэж буй та бүхэн сурахыг хүссэн сургуулиас тань ямар шалгалт өгөхийг шаардаж байгаа, мөн тус 2 шалгалтыг хүлээн зөвшөөрч, оноог нь хөрвүүлдэг эсэхийг судалж үзсэний дараа аль шалгалтыг нь өгөхөө шийдэх хэрэгтэй. Бид одоо TOEFL шалгалтын талаар ерөнхий ойлголттой болсон тул дараагийн цувралаар хэрхэн бие даан бэлдэх тухай хүргэх болно. Тиймээс үзэг цаасаа бэлдээд хүлээж байгаарай. enlightened

Эх сурвалж: www.ets.org

#TOEFL #Боловсрол