Хөтөч М.Мядагмаа: Маш тэвчээртэй, эерэг хандлагатай, мэдрэмжтэй байх хэрэгтэй


Аялал жуулчлалын “Жуулчин” ХХК-д ажиллаж байхдаа шилдэг хөтөч-тайлбарлагч болж байсан M.Мядагмаагаас авсан ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. Тэрээр ярилцлагадаа англи хэлээ сайжруулах, мэргэжлээ зөв сонгох,  хөтөч, орчуулагч ажлын давуу тал, тавигдах шаардлагууд зэрэг мэдээлэл зөвлөгөөнүүд өглөө. Ирэх зун өөрийгөө сорьж энэ чиглэлээр ажиллаад үзэхийг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл өгөхийг зорьсон юм.

YOLOСайн байна уу? Та өөрийгөө уншигч хүүхдүүдэд минь танилцуулаач.

-Юуны түрүүнд намайг урьсанд баярлалаа. Мөн Yolo.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Mишигдоржийн Мядагмаа гэдэг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи, Орос хэлний багшийн мэргэжлээр төгссөн. Хэдийгээр мэргэжил маань багш ч гэсэн жуулчин компанид 10 жил хөтөч-тайлбарлагчаар ажиллаад сүүлийн нэг жил Amicus компанид хөтөч-тайлбарлагчаар ажиллаж байна.

YOLOХамгийн түрүүнд таны мэргэжлийн талаар асуултаа эхэлье. Хөтөч-тайлбарлагч байхын давуу тал юу вэ?

-Энэ мэргэжил дан ганц хэл мэддэг хүн хийдэг ажил биш. Эх орноо жуулчдын өмнө төлөөлж байгаа төлөөлөгч гэсэн үг. Тийм ч учраас Монгол орныхоо түүх, соёл, ёс заншил, өв уламжлалаас эхлээд газарзүй, палеонтологи, археологи хийгээд улс төр, эдийн засгийн гээд олон талын өргөн мэдлэгтэй байхаас гадна эх орныг маань үзэхээр зорин ирсэн жуулчдын амь нас эрүүл мэндийг бүрэн хариуцаж, жуулчдаа сэтгэл хангалуун буцааж Монголд дахиж ирж аялах  сэтгэгдэлтэй буцаах тал дээр хичээж ажиллах хэрэгтэй байдаг.

YOLOХөтөч-тайлбарлагч болох сонирхолтой хүүхдүүд бий байх. Тэгвэл тэд нараас энэ мэргэжил яг ямар зүйл шаардах вэ?

-Хамгийн түрүүнд хөтөч хийхийн тулд 18 насанд хүрсэн Монгол улсын иргэн байх хэрэгтэй. Мөн хөтөч-тайлбарлагчийн  сургалтад сууж хөтөчийн чадварт суралцсан байх хэрэгтэй байдаг. Хөтчийн ур чадвар болон техникийн чадамжийг сайжруулах  ерөнхий мэдлэгийн сургалтуудад хамрагдах хэрэгтэй. Мөн маш тэвчээртэй, эерэг хандлагатай, мэдрэмжтэй байж тухайн жуулчныхаа хэрэгцээг мэдэрч ажиллах  ёстой болдог учраас хувь хүнээс маш зөв хандлага, хүмүүжил төлөвшилт болон олон талын чадвар шаарддаг ажил. Энэ ч утгаараа хувь хүнийг маш сайн хөгжүүлдэг. Яагаад мэдрэмжтэй байх ёстой гэж хэлсэн бэ гэхээр хөтөч орчуулагч хийж буй жуулчнаа хараад л энэ хүн өвдөж байна уу, ямар нэгэн юм хэрэгтэй байна уу, ямар нэгэн юманд санаа зовж байна уу гэдгийг мэдэж тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй.

YOLOТа яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

Намайг Завханд ерөнхий боловсролын сургуульд сурч байхад манай аймагт маш гоё царайлаг, боловсролтой, соёлтой эгч ирээд аймгийн төвийг америк жуулчдад танилцуулж байсан. Тэр үед би тэр эгчийг хараад “Ямар гоё эгч вэ? Энэ эгч шиг ийм сайхан ажил хийвэл гоё байх байхдаа гээд л… Би том болоод энэ эгч шиг л болно доо” гэж бодож байсан нь миний хөтөч-тайлбарлагч болох эхлэл байсан. Тэр үеэс эхлээд л “Би энэ эгч шиг болохын тулд эхлээд англи хэлээ сайн сурах ёстой. Хоёрдугаарт хөтөч-тайлбарлагч гэсэн мэргэжлийг эзэмших ёстой юм байна. Гуравдугаарт маш олон талын чадварт суралцах ёстой юм байна” гэж бодоод хичээж эхэлсэн дээ. Тэгээд одоо би багадаа хүсдэг байсан мэргэжлээрээ ажиллаад арван хэдэн жил болж байна даа. Одоо ч суралцсан хэвээрээ байгаа. Үүндээ ч маш их баяртай байдаг.

YOLOТа хэддүгээр ангиасаа англи хэл сурсан бэ? Бие дааж сурч байсан уу, сургалтад суудаг байсан уу?

-Англи хэлийг ЕБС-д тавдугаар ангиас заадаг. Яг л тэр ёсоор анх тавдугаар ангидаа бусад хүүхдүүдийн адил л сурч байсан. Гэхдээ англи хэл сурах маш их сонирхолтой байсан болохоор Христийн сүмд явсан. Христ шүтдэгтээ биш англи хэлээ дээшлүүлэхийн тулд багш нартай нь ярих дадлага хийхийн тулд. Мөн англи хэлээр маш их кино үздэг байсан.

YOLOХүн болгонд хэл сурах өөр өөрийн арга барилтай байдаг. Та өөрийнхөө арга барилаас хуваалцаач.

-Нэг их тийм сонин содон арга барил байдаггүй ээ. Багш нар маань л надад англи хэлийг заасан гэхэд болно. Дунд сургуульд багшаасаа нэмэлт даалгавар авч хийх дуртай байсан. Мөн 1-р курсдээ хотод ирэнгүүтээ сургалтын төвд цагаар багшилж, зунд нь хөтөч тайлбарлагч хийж эхэлсэн. Англи хэл сурах хамгийн гол зүйл бол тухайн хэлэндээ дурлах, бас хүмүүстэй шууд харилцан англиар ярилцах. 

YOLOАнгли хэл сурч байгаа хүмүүс юун дээр хамгийн их алддаг вэ? Түүнийгээ алдахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл бол дүрэм л сураад, түүнийгээ яг таг цээжлээд л, текстэн дээр үг орчуулаад бичээд л байдаг.  Түүн дээр хамгийн их цаг хугацаагаа алддаг. Түүний оронд өөртөө орчин үүсгээд, тоглоом тоглоод, эсвэл аман ярианы аргаар ч юм уу өөртөө илүү хялбар байдлаар сурвал илүү хялбар, сайн сурна. Англи хэлээ сайжруулахыг хүсвэл шууд л ярьж эхлэх хэрэгтэй. Жоохон хүүхэд эхлээд нэг үг хэлж сурдаг дараа нь өгүүлбэр хэлж сурдаг. Тэгээд дараа нь хоёр, гурван өгүүлбэр хэлж сурдаг. Дараа нь өөрийгөө бүрэн илэрхийлж сурдаг. Анх би хотод орж ирээд гадаад хүн таарах юм бол шууд гүйж очоод л ярьчихдаг байсан. Мэдээж анх ярихдаа буруу, зөрүү ярина. Нөгөө хүн маань хараад инээгээд л ямар хөөрхөн юм бэ гэдэг байсан. Тэгээд л нэг мэдэхэд арай гайгүй ярьдаг болсон байсан. Тийм болохоор англи хэл сурах гол зүйл бол шууд харилцан ярьж сурах.

YOLOМанай уншигч хүүхдүүдийн ихэнх нь өсвөр насныхан. Тэдэнд тулгардаг хамгийн том асуудал бол мэргэжлээ сонгох. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч.

-Нэгдүгээрт: Өөрийгөө маш сайн сонсох хэрэгтэй. Би юу хүсэж байна, хэн болохыг хүсэж байна, ямар мөрөөдөлтэй вэ, 10, 20 жилийн дараа хэн болсон байх вэ зэрэг асуултуудад хариулах хэрэгтэй. Сүүлийн үед ээж аавууд “Нэг айлд заавал эмч, цагдаа, хуульч байх ёстой. Чи заавал эмч, цагдаа, хуульч бол” гэж шаарддаг. Тэр хүүхдүүд нь өөрсдийнхөө хүсээгүй мэргэжлээр сурсан сураагүй яваад төгсөнө. Хэн ч хүсээгүй мэргэжлээрээ ажиллахгүй. Тийм болохоор өөрсдийн дуртай мэргэжлээ олж мэдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт: Мэргэжлийг голох хэрэггүй. Мэргэжлээ маш сайн эзэмшчихсэн, түүндээ ч итгэлтэй мундаг жолооч, мундаг үсчин зөндөө байна. Манай нэг найз байдаг. Тэр одоо өөрийн гэсэн хувийн салонтой. Тэр салондоо байнгын үйлчлүүлэгчтэй, брэндийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Тэд нар өөрсдийн дуртай зүйлийг олсон болохоор амьдралдаа сэтгэл хангалуун явж байна.

Гуравдугаарт: Би үүнийг эзэмших ёстой гээд бодчихсон бол түүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэх хэрэгтэй. Зарим хүмүүс жоохон шантрах үе гарангуут л больчихдог шүү дээ.

YOLOТаны амьдралаас авч байсан хамгийн том сургамж юу вэ? Таньд өсвөр насандаа ийм зүйл хийж байхгүй яав даа гэсэн харамсал байдаг уу?

-Надад бол нэг их тийм харамсаад байх зүйл байдаггүй. Бидний үеийн хөдөөний хүүхдүүд ер нь их суурь хүмүүжил сайтай өссөн. Гэхдээ хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгөө нээлттэй ярилцаж чадаагүйгээсээ болоод их алддаг шиг санагддаг. Бид хэзээ ч ээж аавтайгаа өсвөр насны биологийн өөрчлөлтийн, хайр дурлал, үерхэл нөхөрлөл, анхны үнэсэлт энэ тэрийн талаар ярьдаггүй. Тэр талаар найзуудаасаа, эсвэл зурагтаас л мэдэж авдаг. Хэрвээ арван жилдээ найз хөвгүүнтэй болчих юм бол түүнийгээ ээж ааваасаа үхтлээ нууна шдээ. /инээв/

Түүнээсээ болоод олон хүүхдүүд алддаг. Тийм болохоор өсвөр насныхан маань юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр аав ээжтэйгээ биш юмаа гэхэд ах эгчтэйгээ ч юм уу өөрийнхөө итгэдэг хүнтэйгээ сайн ярилцах, илэн далангүй харилцаатай байх хэрэгтэй.

YOLOТа өөрийгөө ямар амьтнаар төсөөлөх вэ? Яагаад?

-Үнэг. Монгол үлгэрүүд дээр үнэгийг их муу талаас нь гаргадаг л даа. Зальтай, зальхай хүнийг хуурдаг гэх мэт. Яг үнэн чанар дээрээ үнэг их хөрвөх, амьдрах чадвар сайтай ухаантай амьтан. Би өөрөө эмэгтэй хүн, мөн ээж, эхнэр, айлын том охин. Доороо олон дүү нартай учраас олон зүйлд нэг зэрэг анхаарал хандуулах шаардлагатай болж хөрвөж чаддаг. Өөрөөр хэлбэл ямар ч үед, ямар ч зүйлд би өөрийгөө аваад гарчихдаг. Олон жил хөтөчийн хийсэн маань намайг ийм болгосон. Үнэг мөн уян зөөлөн, торгон мэдрэмжтэй ихэмсэг зантай амьтан. Тийм болохоор би өөрийгөө үнэгтэй л зүйрлэнэ дээ.

YOLOЯрилцлага өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд ч бас ажлын амжилт хүсье.

#МэргэжилСонголт