“Шинэ Эрин”-ий сурагчид Олон улсын тэмцээнд шагналт байрт оржээ


Сондор | YOLO.MN
2017-08-29

Солонгос Улсын Боловсролын яам, Ази Номхон Далайн орнуудын Боловсролын Хамтын Ажиллагааны Институт /APEC/-ээс зохион байгуулдаг "e-Icon" гар утасны аппликэшн хөгжүүлэлтийн олон улсын 7 дугаар тэмцээн наймдугаар сарын 17-24 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн Солонгос улсын Бусан хотын Шинжлэх, ухаан технологийн Улсан Үндэсний Инситут дээр болж "Шинэ-Эрин" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар багш Г. Идэржаргалийн удирдлага дор "Digital Ubiquity School" нэртэй гар утасны аппликэшнээрээ амжилттай оролцож "Best Creativity Award" шагналт байрыг эзэлсэн байна.

Тус тэмцээн нь боловсролын салбарт олон улсын багш, сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, баг болж ажиллах  боломжийг бүрдүүлснээр дэлхийн хэмжээний цахим сургалтыг хөгжүүлэх, олон үндэстний онцлог, соёл, зан заншлыг сургалтын орчинд нэвтрүүлэх үндсэн зорилготой юм байна.

Дэлхийн 14 орны 160 багш, сурагч 38 багт хуваагдан өөрсдийн зохион бүтээсэн гар утасны програмаар өрсөлдсөн бөгөөд нэг орноос 2 сурагч 1 багш нэг баг болж Солонгос улсын нэг багтай хамтран програм хөгжүүлэлтийг хийж, оролцсон байна.

Тэмцээн нь зайн сургалт буюу бэлтгэл хангах, тэмцээнд оролцох, тэмцээний дараах хамтын ажиллагаа гэсэн үндсэн 3 хэсэг үйл ажиллагаанаас бүрдсэн бөгөөд тэмцээний өмнө энэ оны 5-р сараас эхлэн багш, сурагчид өөрийн орондоо бэлтгэл ханган, Солонгосын багтай зайнаас хамтын ажиллагаа эхлүүлж, тэмцээнд оролцох сэдэв сонгож, програмын шийдэл гаргасан бол тэмцээний үеэр 3 өдрийн туршид 2 баг тэмцээн зохиогдсон газар хамтран ажиллаж, програмыг дуусган, танилцуулга хийж, өрсөлдсөн байна.

Тус тэмцээн нь энэ жил 7 дах удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсаас анх удаан оролцсон багш, сурагчид маань амжилт гаргаснаар манай хүүхдүүд мэдээллийн технологийн салбарт гар утасны аппликэшн хөгжүүлэлтээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай гэдгээ батлан харууллаа.

#E-Icon #World #Award