Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Apple, Google, Meta зэрэг дэлхийн технологийн компаниудын түүхийг сөхвөл  нэгэн ижил газар нутгийн нэр олонтаа дурдагддаг. Silicon Valley буюу Цахиурын хөндий хэмээх энэ бүсэд шинэ технологи, тэрбум долларын стартап, дэлхийн зах зээлийг өөрчлөх санаанууд төрөн гарсаар ирсэн. Тэгвэл Цахиурын хөндий гэж яг ямар газар вэ, яагаад дэлхийн технологийн төв болсон юм бол?

Цахиурын хөндий нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Францискогийн булангийн өмнөд хэсэгт байрладаг, технологийн компани, стартап болон судалгааны байгууллагууд олноор төвлөрсөн бүс нутаг юм. Энэ нь тодорхой нэг хотын нэр биш бөгөөд хэд хэдэн хот, суурин газрыг хамардаг.

Өнөөдөр тус бүсэд Apple, Google, Nvidia, Intel зэрэг дэлхийн томоохон технологийн компаниудын төв байр болон оффисууд байрладаг. Үүний зэрэгцээ шинэ санаагаа бизнес болгохоор зорьж буй олон мянган стартап энд үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Цахиурын хөндий нь зөвхөн том компаниудын төв биш, шинэ технологи, бизнесийн санаа төрж, хөгждөг орчин гэдгээрээ онцлогтой.

AnchorЯАГААД “ЦАХИУРЫН ХӨНДИЙ” ГЭЖ НЭРЛЭДЭГ ВЭ?

“Silicon” буюу цахиур нь компьютерийн чип үйлдвэрлэхэд ашиглагддаг гол материалын нэг. 20 дугаар зууны дунд үеэс энэ бүсэд semiconductor буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, судалгаа эрчимтэй хөгжсөнөөр “Silicon Valley” гэх нэр бий болжээ.

Харин “Valley” буюу “хөндий” гэдэг нь тухайн бүс нутгийн газарзүйн онцлогтой холбоотой. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тус бүсэд зөвхөн компьютерийн чип үйлдвэрлэгчид бус, software, интернет, cошиал медиа, mobile technology, AI зэрэг олон төрлийн технологийн компаниуд бий болжээ.

AnchorТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫН ЭНЭ БҮСЭД  ТӨВЛӨРСӨН ШАЛТГААН

Цахиурын хөндий хөгжихөд ойролцоох Stanford University ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Их сургуулийн судалгаа, инженерийн хөтөлбөрүүдээс шинэ технологи, бизнесийн санаанууд гарч, төгсөгчид болон судлаачид өөрсдийн компаниа байгуулах боломжтой орчин бүрджээ.

Мөн хөрөнгө оруулагчид болон компаниуд шинэ технологид хөрөнгө оруулахад идэвхтэй байдаг. Тиймээс шинэ санаатай хүн компани байгуулах, хөрөнгө оруулалт авах, чадварлаг ажилтан олох боломж харьцангуй өндөр болсон байна.

Цахиурын хөндийн нэг онцлог нь технологийн компаниуд хоорондоо ойр байрладаг явдал юм. Инженер, дизайнер, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид нэг орчинд ажиллаж, шинэ санаа, туршлагаа хуваалцдаг. Энэ нь шинэ бүтээгдэхүүн, технологи хурдан хөгжихөд нөлөөлсөн.

AnchorТОМ КОМПАНИУДААС ГАДНА СТАРТАПУУДЫН ТӨВ

Цахиурын хөндийг зөвхөн Apple, Google зэрэг том компаниудын төв байр байдаг газар гэж ойлгож болохгүй. Энэ бүсийн хамгийн чухал хэсэг нь шинэ компаниуд буюу стартапууд юм.

Жижиг баг хэдхэн хүний санаанаас эхэлсэн компани богино хугацаанд дэлхийн зах зээлд хүрэх боломжтой байдаг. Үүний улмаас дэлхийн олон орны залуус, инженерүүд, бизнес эрхлэгчид Цахиурын хөндийд очиж, шинэ компани байгуулахыг зорьдог.

Тус бүсэд технологийн компани байгуулах соёл маш хүчтэй хөгжсөн бөгөөд бүтэлгүйтсэн бизнесийг хүртэл дараагийн боломж гэж харах хандлага байдаг. Энэ нь хүмүүсийг шинэ зүйл туршиж үзэхэд түлхэц болдог.

AnchorAI-ИЙН ЭРИН ҮЕД

Сүүлийн жилүүдэд AI-ийн хөгжил хурдассанаар Цахиурын хөндийн технологийн компаниудын өрсөлдөөн улам хүчтэй болсон. Том компаниуд AI-д зориулсан шинэ загвар, программ болон төхөөрөмж хөгжүүлж байгаа бол олон стартап тодорхой салбарт AI ашиглах шинэ шийдлүүдийг бий болгож байна.

Тиймээс өнөөдөр “Цахиурын хөндий” гэдэг нь зөвхөн Калифорни дахь нэг газар нутгийг хэлэхээс гадна технологийн шинэ санаа, стартап, хөрөнгө оруулалт, инновацын төв гэсэн утгаар өргөн хэрэглэгддэг болсон.

Гэхдээ дэлхийн технологийн салбарын бүх хөгжил зөвхөн Цахиурын хөндийд төвлөрдөг гэсэн үг биш. Сүүлийн жилүүдэд АНУ-ын бусад хотууд болон дэлхийн олон оронд технологийн шинэ төвүүд бий болж байна. Гэсэн ч олон арван жилийн турш хуримтлуулсан компани, хөрөнгө оруулалт, судалгаа, мэргэжилтнүүдийн сүлжээ нь Цахиурын хөндийг дэлхийн технологийн хамгийн алдартай төвүүдийн нэг хэвээр байлгаж байна.

Эх сурвалж: Techcrunch

#Цахиурын хөндий