Далай ламыг хэрхэн сонгодог вэ


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Төвөдийн Буддын шашны оюун санааны удирдагч Далай ламыг олон зуун жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн гэгээрсэн төрөлхтнүүдийн мөнхөд үргэлжлэх хойд дүр гэж үздэг. Шинэ Далай ламыг тодруулах үйл явц нь урт хугацааны түүхтэй шашны уламжлал болон нууцлаг далд ёс заншилтай гүн бат холбоотой.

Далай лам гэж хэн бэ?

Төвөдийн Буддын шашинд лам гэх нэрийг өндөр түвшний сүнслэг оршихуйн ухааныг эзэмшсэн багш нарт олгодог. Зарим лам нарыг хувилгаан эсвэл нас барсныхаа дараа дахин төрөхийг сонгон Буддын сургаалыг үргэлжлүүлэн заах хүсэлтэй гэгээрсэн төрөлтнүүдийн хойд дүр гэж үзнэ.

Харин Далай лам нь өмнө хэн байсан нь мэдэгддэг сонирхолтой жишээнүүдийн нэг. Далай ламын анхны дүрийг Гэндэндүв хэмээдэг байсан ба тэрээр 1391 онд Төвөдийн төв хэсэг болох Цанг мужид мэндэлжээ. Үе үеийн Далай лам нар Буддын шашны Гэлүгба урсгалын тэргүүлэгч нь болдог жамтай.

Арван дөрөвдүгээр Далай ламыг хэрхэн таньсан бэ?

14-р Далай лам Данзанжамц нь 1935 онд хуучнаар Төвөдийн зүүн хойд нутаг, одоогийнхоор Хятадын Чинхай мужид энгийн нэгэн тариачин гэр бүлд мэндэлжээ. Данзанжамц ердөө хоёр настайдаа Далай ламаар тодорсон юм.

Данзанжамцын өмнөх Далай лам нас барсан даруйд Буддын шашны өндөр зиндааны лам нар түүний дараа төрлийг хайх эрлийг эхлүүлсэн байдаг. Энэхүү хайлт нь маш олон жилийг ч авах боломжтой бөгөөд дараах алхмуудыг багтаана:

-Зүүд болон үзэгдлийг тайлах буюу өндөр зиндааны лам нарт төрөх зөн совин, зүүд болон бясалгалын үеэр тодрох дүр зурагт дүн шинжилгээ хийх

-Бэлэг тэмдэг, дохиог ажиглах буюу эртний зан үйл үйлдэж, байгалийн ер бусын үзэгдэл болон элдэв сонин тэмдгүүдийг ажиглах

-Ариун газруудаар мөргөл үйлдэх буюу хойд дүрийн хаана төрсөн талаарх сэжүүр олохын тулд Лхамо Лацо гэх мэт ариун нуур, бусад шүтээний газруудаар очих

-Тэмдэг, шинжүүдийг шинжлэх буюу өмнөх Далай ламыг чандарлах үед утаа аль зүг рүү суунаглаж байгаа, эсвэл таалал төгсөх үедээ аль зүг рүү харж байсан зэргээс нь дараа төрлийнх нь төрж болох боломжтой газруудыг тодорхойлох

-Дараагийн Далай лам байж болзошгүй хүүхдүүдийн зан байдлыг шинжих буюу тухайн хүүхдүүдийн биеэ авч яваа байдал, оюун ухаан болон дотоод сэтгэлийн чанаруудыг нь ажиглаж, шалгадаг.

Далай ламын албан ёсны оффисын мэдээлснээр, лам нар Төвөдийн “Мэргэ төлгөний нуур” гэгддэг Лхамо Лацо нуурт бясалгал үйлдэж байхдаа мэдрэгдсэн зөн билгийнхээ тусламжтайгаар бяцхан Данзанжамцын гэрийг олж очсон байна.

Хайгуулыг ахалж байсан Кэвцан Ринбүүчи өөрийн хэн болохыг нууж, зарц мэт зүсээ хувилган хүүгийн гэрт очиж оройг хамт өнгөрүүлжээ. Гэтэл бяцхан хүү түүнийг “Сэра лам” хэмээн дуудсан байна. Кэвцан Ринбүүчигийн хувьд энэ нь маш том дохио болж өгсөн бөгөөд учир нь Сэра бол түүний харьяалагддаг хийдийнх нь нэр байсан юм.

Үүнээс хойш хэдэн өдрийн дараа лам нар хүүгийн гэрт хэд хэдэн эд зүйлс авчирсан ба тэдгээрийн дотор арван гуравдугаар Далай ламын эдэлж хэрэглэж байсан зүйлс ч багтсан байв. Авчирсан зүйлсээ Данзанжамцын өмнө тавихад хүү өмнөх Далай ламын хэрэглэж байсан зүйлийг амжилттайгаар олж заагаад “Энэ чинь минийх шүү дээ” хэмээн хэлсэн гэдэг.

Шинэ Далай лам хэрхэн сонгогдох бол?

Өнгөрсөн жилүүдэд Данзанжамц өөрийн дараагийн дүрийн талаар хэд хэдэн зүйлсийг хэлсэн байдаг. Түүнийхээр бол арван тав дахь Далай лам нь эмэгтэй, Хятад эсвэл Төвөдөөс өөр газарт төрсөн, насанд хүрсэн хүн байна.

Энэ бүх шинж тэмдгүүд нь маш сонирхолтой бөгөөд өмнө ийм зүйл хэзээ ч болж байгаагүйг дурдах хэрэгтэй. Учир нь урьд өмнө хэзээ ч эмэгтэй Далай лам тодорч байсан удаа байхгүй, ихэнх Далай лам нар Төвөд эсвэл Хятадаас тодордог, мөн хамгийн хачирхалтай нь түүний дараагийн төрөл нь насанд хүрсэн хүн байх буюу тэрээр эхийн хэвлийгээс дахин төрөлгүй сүнсээ шууд өөр хүнд шилжүүлнэ гэсэн үг.

Үүнээс өмнө Данзанжамц өөрийгөө хамгийн сүүлчийн Далай лам байх магадлалтай гэдгийг хэлж байсан удаатай. Тэрээр хэлэхдээ “Би хамгийн сүүлчийн Далай лам байж магадгүй. Хэрэв Төвөдийн ард түмэн Далай ламын институтийг хэрэггүй гэж үзвэл энэ уламжлал миний дүрээр дуусгавар болно” гэж байжээ.

Гэхдээ сүүлийн үед түүний мэдэгдлүүд өөрчлөгдөж Далай ламын залгамж халаа уламжлалт ёсоор үргэлжилнэ гэдгийг бататгаад байгаа юм байна.

Хэрвээ Далай ламыг сонгодог уламжлалт соёл үргэлжилбэл үүнд Хятадын засгийн газар саад болох эрсдэлтэй. БНХАУ-ын зүгээс Далай ламын дараагийн дүрийг батлах, бүр цаашлаад өөрсдөө сонгох эрхтэй хэмээн мэдэгддэг. Тэд үүнийг сугалаатай төстэй “Алтан бумба”-ны системээр дамжуулан шийдэхийг эрмэлздэг байна. Уг нөхцөл байдлаас болон ирээдүйд Далай ламын суудалд хоёр өөр залгамжлагч зэрэг гарч ирэн, хоорондоо өрсөлдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй.

Эх сурвалж: History

#далай лам