П. Номин: : Хүнтэй зөв, сайхан харилцах чадвар гэдэг хаана ч хэрэгтэй хамгийн том чадвар


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг дэлхийн хэмжээнд хэлэлцэж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр 600 гаруй сайн дурын ажилтан тус арга хэмжээний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Тэдний нэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсад Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа Пүрэвбаатарын Номин юм.

Тэрээр COP17-ийн Blue Zone-д сайн дурын ажилтнаар ажиллаж, олон орны төлөөлөгчидтэй харилцан, олон улсын хэмжээний томоохон арга хэмжээний нэг хэсэг болж байна. Тиймээс түүний сайн дурын идэвхтнээр ажиллаж буйн үнэ цэнэ, хуримтлуулж байгаа туршлага болоод залуусын байгаль орчны асуудалд оруулах хувь нэмрийн талаар түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, Өөрийгөө товч танилцуулаач. COP17 шиг олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнд сайн дурын ажилтнаар оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намайг Пүрэвбаатарын Номин гэдэг. Би одоогоор Солонгос улсад Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байгаа. Анх COP17-ийн цахим хуудсаар дамжуулан сайн дурын ажилтны бүртгэл явагдаж байгааг хараад шууд бүртгүүлэхээр шийдсэн. Нийт 2000 гаруй хүн бүртгүүлснээс 600 гаруй сайн дурын ажилтан сонгогдсон бөгөөд тэр хүмүүсийн нэг болж, одоо Солонгос улсаас эх орондоо зорьж ирээд энэ томоохон хурал, арга хэмжээнд өөрийн өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баяртай байна.

Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Анх сайн дурын ажилтнаар сонгогдсон тухай имэйлийг хүлээж авсан өдрөөсөө хойш маш их догдолсон. Тэгээд одоо ингээд хүрээд ирчихсэн, хурал маань дундаа орж байна. Энэ хугацаанд маш олон хүнтэй танилцаж, олон шинэ зүйл сурч, үнэхээр том туршлага хуримтлуулж байна.

-Та COP17-ийн Blue Zone-д ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Таны нэг өдрийн ажил ерөнхийдөө хэрхэн өрнөдөг вэ?
-Манай сайн дурын багт UNV-тэй гэрээтэй 500 гаруй ажилтан, мөн өсвөр насны 100 хүүхэд ажиллаж байгаа. Сайн дурын ажилтнуудыг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг хариуцаж, сургалт зохион байгуулан, удирдан чиглүүлж байгаа. Ерөнхийдөө COP17-ийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй 650 гаруй сайн дурын идэвхтэн байна.

Манайх Blue Zone-ийн аравтийн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа. Баг бүр өөр өөрийн гэсэн чиглэл, үүрэгтэй. Манай багийн хувьд хурлын C Zone буюу хурлын танхим, шуурхай штаб, COP17-ийн зохион байгуулалтын албаныхан болон НҮБ-ын оффисууд байрладаг онцлог хэсэгт ажиллаж байна. Тэнд бид хурлын үйл ажиллагааг дэмжих, өрөө танхимыг бэлтгэх, зочид, төлөөлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үүрэг гүйцэтгэж байгаа.

Ер нь сайн дурын ажилтнуудын хувьд хүн бүртэй сайхан инээмсэглэж харилцаад, COP17-ийн уур амьсгалыг өргөж, эерэг энергийг түгээж байгаа гэж боддог. Анх орж ирэхээс нь эхлээд “Сайн байна уу, COP17-д тавтай морил” гэж инээмсэглэн хүмүүсийг хүлээж авч байна.

Хурлын үеэр маш олон хүнд, чухал хэлэлцүүлэг, уулзалтууд болж байгаа. Тэдгээрээс гарч ирсэн стресс, ядарсан байгаа зочид, төлөөлөгчдөд сайхан инээмсэглээд “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж хэлэхэд тухайн хүний сэтгэл санаа тодорхой хэмжээгээр тайвширч байгааг харах үнэхээр сайхан.

ӨНӨӨДӨР САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ЗАЛУУЧУУД ХААНА Ч ОЧСОН МАШ САЙН БЭЛТГЭГДСЭН АЖИЛЛАХ ХҮЧ БОЛЖ ЧАДНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Олон орны төлөөлөгчидтэй харилцаж, олон улсын хэмжээний чуулганд ажилласнаар танд ямар шинэ ур чадвар, туршлага бий болж байна вэ?
-Мэргэжлийн болон хувь хүний түвшинд гэж хэлж болно. Мэргэжлийн түвшинд гэвэл миний магистрын дипломын ажлын сэдэв “Байгаль орчны хамгаалал, Монгол улсын байгаль орчныг хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа хэрхэн нөлөөлж байгаа” талаар байдаг. Тиймээс мэргэжлийн чиглэлтэйгээ холбоотой ийм томоохон хуралд оролцож байгаа нь өмнө нь харж байгаагүй шинэ мэдлэг, мэдээлэл, шинэ өнцгүүдийг олж харахад маш их ач холбогдолтой байна.

Ер нь би хүүхэд байхдаа НҮБ-д ажиллахыг мөрөөддөг байсан. Тиймээс НҮБ-ын сайн дурын ажилтнаар ажиллаж байгаа нь миний НҮБ-д ажиллах мөрөөдөлдөө хүрэх эхний шат, эхний алхмаа хийж байгаа мэт санагддаг.

Харин хувь хүний хувьд гэвэл энд 150 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа учраас хүн бүрийн харилцаа, хандлага, соёл, үзэл бодол өөр. Тэгэхэд манай сайн дурын ажилтнууд ямар ч хүнийг соёл, шашин шүтлэг, үзэл бодол, арьс өнгөөр нь ялгаварлалгүйгээр бүгдэд нь адилхан, сайхан хандаж үйлчилж байгаа.

Тиймээс сайн дурын ажил хийснээрээ манай залуучууд соёлын олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүнийг хүнээр нь харж, хүн хоорондын харилцааг найрсаг, дотно, халуун дулаан уур амьсгалтай байлгаж сурах боломжтой гэж бодож байна.

Ер нь дэлхийн хаана ч очсон хүний хамгийн гол чадвар бол харилцааны чадвар. Тиймээс өнөөдөр сайн дурын ажил хийж байгаа залуучууд хаана ч очсон маш сайн бэлтгэгдсэн ажиллах хүч болж чадна гэж бодож байна. Хүнтэй зөв, сайхан харилцах чадвар гэдэг өөрөө маш том зүйл шүү дээ.

-COP17-ийн үеэр танд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нэг үйл явдал, уулзалт эсвэл мөчөөс хуваалцаач. Яагаад тэр мөч онцгой байсан бэ?
-“Дурсамж гэдэг хүнтэй холбоотой байдаг” гэдэг шиг би COP17-ийг эргээд дурсахдаа хэнтэй танилцсан бэ гэдгээр нь маш их санах байх. Энэ хурлын үеэр маш олон хүнтэй танилцаж, олон гайхалтай хүмүүстэй найз нөхөд болсон. Энэ бүхнийг зохион байгуулж, биднийг бэлтгэж байгаа Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хамт олон, ажилтнууд биднийг маш сайхан зохион байгуулж, багийн ахлагч нарын сургалтаар нэгэн гоё хамт олон болгосон.

Тэгээд бид хэд хэдэн багийн ахлагч нарын сургалтаар танилцаж, найз нөхөд болчихоод буцаад өөрсдийн багуудаа удирдаж эхлэхээр өөрсдийн удирдаж байгаа багийг мөн адил сайхан хамт олон болгож байна.

“Танилтай хүн талын чинээ” гэдэг шиг хүн аль болох олон хүнтэй танилцах тусам юмсыг харах өнцөг нь өргөжиж, цааш явах хүрээ нь улам тэлдэг гэж боддог.

Өнөөдөр миний хамгийн дурсамжтай зүйл гэвэл НҮБ-ын UNV-ээс бидний ажлыг шалгахаар Казахстан Улсаас нэг төлөөлөгч ирсэн. Тэр хүн эхлээд надаас юм асуухад нь мэндлээд, энгийн харилцаа үүсгэсэн. Харин  дараа нь надаас “Ярилцлага авч болох уу?” гэж асуусан. Тэгээд UNV-д ярилцлага өгсөн.

Дараа нь зураг авахуулахаар хүлээж байтал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохамед хүрээд ирсэн. Тэгээд тэр хүнтэй гар барьж, танилцаад, тэр хүн “Танай сайн дурын ажилтнууд сайн байгаа шүү. Сэтгэгдэл ямар байна?” гэж асуусан.

Би тэр мөчид сэтгэл хөдлөөд яг юу гэж хэлснээ ч санахгүй байна. Дараа нь тэр хүнтэй зургаа авхуулсан, тэр зураг UNV-ийн хуудсанд гарсан байсан.

Би НҮБ-д ажиллах зорилготой хүн. Тиймээс НҮБ-д ажилладаг хүн бүртэй уулзаад байх боломж надад байдаггүй. Тийм байхад тийм мундаг хүнтэй танилцаж, зургаа авахуулах ховорхон боломж олдсондоо маш их баяртай байгаа.

Тэр боломжийг олгосон зүйл нь зүгээр л гадаа “Hi” гэж мэндэлсэн хүнээс эхэлсэн. Тиймээс хаана ч, хэнтэй ч танилцах боломжтой. Ямар ч боломжийн хаалгыг тогшиж, боломж бүрийг ашиглаж байх хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор ямар ч боломжид нээлттэй байж, эерэг энергитэй байвал таныг маш гоё зүйл хүлээж байгаа гэдэгт итгэдэг.

"ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НАДАД ХАМААГҮЙ" ГЭЖ ОГТ БОДОЖ БОЛОХГҮЙ.
ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ 

-COP17 нь цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг дэлхийн хэмжээнд хэлэлцэж байгаа чуулган. Залуу хүний хувьд байгаль орчин, уур амьсгалын асуудлыг шийдвэрлэхэд залуус ямар үүрэгтэй гэж бодож байна вэ?
-Ер нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт гэдэг хол сэдэв биш. Амьдарч байгаа хүн бүрд хамаатай сэдэв. Ялангуяа хэдэн зуун жилийн турш өвөг дээдэс маань бидэнд газар дэлхий, шороо нутгаа хайрлаж, хамгаалж ирсэн. Одоо үүнийг уламжлан авч, нөхөн сэргээж, өөрсдийн хувь нэмрийг оруулаад тэр чигээр нь хадгалан, дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь бидний хүн болж төрсний утга учир, үүрэг гэж боддог.

Тиймээс “Цаг уурын өөрчлөлт надад хамаагүй” гэж огт бодож болохгүй. Хүн бүрийн оролцоо чухал. Хүн болгон цэвэр сайхан агаараар амьсгалж, цэвэр ус ууж, цэвэр хөрсөндөө хүнс ногоогоо ургуулж, эрүүл орчинд амьдрах төрөлхийн эрхтэй. Тэгэхдээ тэр орчноо цаашид хадгалж үлдээж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бас бидний үүрэг.

Манай залуучууд өөрсдөд нь хол сэдэв мэтээр бодоод өөрсдийн хувь нэмрийг дутуу үнэлээд байдаг юм шиг санагддаг. Гэтэл нэг хүний хувь нэмэр ч өөрчлөлт авчирч чадна.

Залуучууд өөрсдөөсөө холдуулахгүйгээр, хүн бүрд хамаатай сэдэв учраас анхаарлаа хандуулаасай. Сонирхохгүй болохоороо л тоохгүй байгаа санагддаг. Ер нь энэ асуудлыг сонирхож, мэдлэг, мэдээлэл аваасай гэж хүсэж байна.

ХҮНД ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ӨГӨӨД, ТЭР ХҮН БАЯРЛАЖ БАЙГААГ ХАРАХ МЭДРЭМЖ ХАМГИЙН ГОЁ

-Сайн дурын ажил хийхийн юу нь хамгийн гоё байдаг вэ?
-Миний тусалсан хүнийхээ баярлаж байгааг олж харах хамгийн сайхан. Яг хаашаа явахаа мэдэхгүй, төөрсөн, тулгамдсан хүн “Яана аа” гээд ирэхэд нь асуудлыг нь шийдэж, туслаад өгөхөөр тэр хүний гаргаж байгаа энерги, нүднээс нь харагдаж байгаа цог, очийг харах үнэхээр гоё.

Хүн өөртөө ямар нэгэн зүйл авахаасаа илүү хайртай хүндээ ямар нэгэн зүйл авч өгөхдөө илүү баярладаг шүү дээ. Тэгэхээр хүн ер нь бусдад өгөх дуртай, байгалийн зан чанар гэж боддог.

Хүнд ямар нэгэн зүйл өгөөд, тэр хүн баярлаж байгааг харах мэдрэмж хамгийн гоё. Тийм болохоор тусалсан хүнийхээ нүдний оч, цогийг хараад урам авч ажилладаг.

-Ирээдүйд COP17 шиг олон улсын арга хэмжээнд сайн дураар ажиллах хүсэлтэй залууст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Зоригтой байгаасай гэж хүсэж байна. Мөн боломж бүрд нээлттэй байж, “Би чадахгүй дээ” гэж бодолгүйгээр зүгээр л бүх зүйлд өөрийн хүчийг сорьж, оролцож, туршдаг байгаасай. Тэгж байхад хүн өөрөө тэр бүхнээс туршлага, мэдлэг олж авдаг. “Явсан нохой яс зууна” гэдэг шиг өөрийгөө гололгүйгээр шинэ зүйлсийг хийж үзээсэй.

Бусад хүнтэй өөрийгөө харьцуулах хэрэггүй. Өмнөх жилээсээ илүү зүйл сурсан, илүү ажил хийсэн, илүү олон ном уншсан, эсвэл илүү олон туршлага хуримтлуулсан байвал тэр нь өөрөө хувь хүний өсөлт болж байгаа.

Мөн залуу дүү нартаа хандаж хэлэхэд, зорилгоо тодорхойлоогүй байх үе хүн бүрд байдаг. Гэхдээ зорилгоо заавал олчихоод ийм ажилд оролцоно гэсэн үг биш. Ийм зүйлд оролцож, явж байх хугацаандаа өөрийн зорилгоо олж ч болно.

Тиймээс ер нь зоригтой байгаасай, өөртөө итгэлтэй байгаасай, зүгээр л юм болгоныг туршиж үзээд, өөрийгөө сорьж үзээсэй гэж хүсэж байна.

-Эцэст нь нэмж хэлэх зүйл байна уу?
-Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг маш сайн зохион байгуулж, нэг баг болгон, үргэлж дэмжиж ажиллаж байгаад нь баярлаж байна. Мөн сайн дурын ажил хийж байгаа бүх хүүхэд, залуучууддаа баяр хүргэмээр байна. Бүгдээрээ маш сайн ажиллаж байгаад баяртай байна.

Энэ жил НҮБ-ын Олон улсын сайн дурынхны жил болж байгаа. Cайн дурын ажил хийж байгаа болон хийхийг хүсэж байгаа хүн бүр өөрчлөлт хийхийг хүссэн хүсэл, өөрөөсөө илүү том зүйл, өөрийнхөө бага ч гэсэн хувь нэмрийг оруулах гэсэн эрмэлзэлтэй байдаг гэж боддог.

Тиймээс 2026 он Олон улсын сайн дурынхны жил болж байгааг тохиолдуулан хүн бүр сайн дурын ажил хийж, сайн дурын идэвхтэн байгаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

#COP17 #сайн дурын ажил