

Хэтэрхий энгийн дүрслэл, ойлгомжгүй үйл явдал, гацсан мэт хөдөлгөөнтэй гэдгээрээ шүүмжлэл дагуулсан Хятадын “Niu Lai” анимэйшн кино санаанд оромгүйгээр box office-ийн хит болж, наймдугаар сарын 22-ны байдлаар 40 сая юанийн буюу ойролцоогоор 5.5 сая ам.долларын орлого давжээ.
86 минутын уг кино наймдугаар сарын 5-нд Хятадын кино театруудаар нээлтээ хийсэн ч эхний 10 хоногт ердөө 7700 орчим юанийн орлого олж, 300 хүрэхгүй хүн үзсэн байна. Харин киноны чанар, хачирхалтай үйл явдлыг үзэгчид сошиал орчинд шоолж, хэсгүүдийг нь түгээж эхэлснээр нөхцөл байдал огцом өөрчлөгджээ.
Киноны үйл явдал шинэ төрсөн тугал болон болжмортой холбоотой зүүдлэг, бэлгэдэл ихтэй түүхийг өгүүлдэг бөгөөд үзэгчид үйл явдлыг нь “ойлгоход хэцүү” гэж шүүмжилсэн байна. Харин 3D дүрслэл, хөдөлгөөн, дуу оруулалт нь бүр ч их анхаарал татаж, зарим үзэгч уг бүтээлийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентоос ч муу харагддаг хэмээн егөөдсөн байна.
10 ХОНОГТ 7,000 ЮАНЬ-ААС ХЭДХЭН ХОНОГТ ХЭДЭН АРВАН САЯ
Киноны эргэлтийн цэг нь наймдугаар сарын 14-нд сошиал сүлжээнд тархсан “Niu Lai-ийн 9 хоногийн box office ердөө 7352 юань” гэх мэдээлэл байв. Энэ нь хүмүүсийн сониуч занг өдөөж, “үнэхээр ямар кино болохыг нь өөрсдөө үзье” гэсэн хандлага бий болгожээ.
Үүний дараа киноны өдөр тутмын орлого хэдэн арван, бүр хэдэн зуун дахин өссөн байна. Наймдугаар сарын 16-нд нэг өдрийн орлого нь 6 сая юаниас давж, наймдугаар сарын 17-нд нийт орлого нь 10 сая юанийг давжээ.
Ингэснээр “Niu Lai” нь тухайн үедээ Christopher Nolan-ы “The Odyssey”, “Spider-Man: Brand New Day” зэрэг өндөр төсөвтэй кинонуудтай нэг зах зээлд өрсөлдөж эхэлсэн байна.

КИНОНЫ ТӨСӨВ ҮНЭХЭЭР $200 БАЙСАН УУ?
Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Сошиал болон зарим гадаадын хэвлэлд “Niu Lai”-г ердөө 200 ам.долларын төсвөөр бүтээсэн гэх мэдээлэл тархсан ч энэ нь албан ёсны баталгаатай тоо биш юм.
Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр киноны яг үйлдвэрлэлийн зардлыг албан ёсоор нийтэд зарлаагүй. Харин хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг, маш бага сурталчилгаа болон үйлдвэрлэлийн цар хүрээг үндэслэн зарим эх сурвалж хэдэн мянгаас хэдэн арван мянган юанийн өртөгтэй байсан байж магадгүй гэж таамагласан байна.
Харин “$200” гэх тооцоо нь гуравдагч талын тооцоолол бөгөөд албан ёсны үйлдвэрлэлийн төсөв гэж үзэх боломжгүй.
Хоёрхон хүн таван жил ажиллажээ.
“Niu Lai”-г найруулагч Синь Юймэн болон түүний ээж Сун Лифан нар голлон бүтээсэн байна. Хоёул киноны найруулга, зохиол, дуу оруулалт болон бусад ажлыг давхар гүйцэтгэж, бүтээлээ ойролцоогоор таван жилийн турш хийжээ.
Тиймээс киноны чанарын талаарх шүүмжлэлээс үл хамааран үзэгчдийн нэг хэсэг нь уг бүтээлийг хиймэл оюун ухаан давамгайлж буй өнөө үед хүний гараар, маш жижиг багаараа бүтээсэн нь сонирхол татаж байна хэмээн дэмжиж байгаа аж.
Ийнхүү анх бараг хэн ч үзээгүй “Niu Lai” өнөөдөр Хятадын зуны хамгийн хачирхалтай box-office үзэгдлүүдийн нэг болж, “муу кино” гэдэг шүүмжлэлээ өөрийнхөө хамгийн хүчтэй сурталчилгаа болгож чадсан бүтээл болоод байна.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!