

Хүйтэн дайны үед АНУ болон ЗХУ-ын хоорондох өрсөлдөөнөөс болоод хохирч үлдсэн улсуудын нэг бол яах аргагүй Солонгос улс. Солонгос нь Хойд болон Өмнөд гэж хуваагдаад аль хэдийн 70 гаруй жилийг өнгөрөөжээ.
Нэгдсэн нэг Солонгос

Хуваагдалтын өмнө хэдэн арван зууны туршид нэгдсэн Солонгос нь үе үеийн хаант угсааны хаадын эрх мэдэлд захирагдаж байв. 1905 онд Орос-Японы дайны дараа Японд эзлэгдэн үүнээс таван жилийн дараа албан ёсоор Японы эзэнт гүрний колони улсын статустайгаар дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэл буюу 35 жил явсан.
Орчин үеийн Солонгос болон түүний түүхийн талаар олон бүтээл бичсэн Индианагийн их сургуулийн Зүүн Ази судлал болон түүхийн хүндэт профессор Майкл Робинсон “Солонгосыг хоёр хуваах шийдвэр яг үнэндээ АНУ, ЗХУ хоёрын тохиролцооны үндсэн дээр гарсан. Үүн дээр Солонгосчууд үг хэлэх ямар ч эрх байгаагүй буюу Солонгосчууд хуваагдсан нь тэдний өөрсдийн хүсэл биш” хэмээжээ.
Яагаад Солонгос хуваагдсан бэ?

1945 оны 08 сард гаднаа л хамтрагчид гэх нэртэй болохоос биш цаанаа нэгэнтэйгээ бүхий л талаараа өрсөлдөж байсан АНУ, ЗХУ хоёр Солонгосын хойгийг хуваасан юм. Үүнээс гурван жилийн дараа гэхэд ЗХУ 38-р өргөргийн хойд хэсэгт буюу Хойд Солонгост коммунист дэглэмийг тогтоож, Өмнөд солонгост АНУ-ын дэмжлэгтэй цэргийн дэглэмт засгийн газар тогтсон байна.
Хэдийгээр ЗХУ-ын дэглэм Хойд Солонгосын ажилчин болон боолын давхаргад нэр хүндтэй байсан ч ихэнх дундаж давхаргынхан Өмнөд рүү дүрвэсэн байдаг. Нөгөө талаар Өмнөдийн иргэд ч өөрсдийг нь чиглүүлж байсан АНУ-ын бодлогод таатай хандаж байв.
АНУ болон ЗХУ хоёрын эцсийн зорилго нь хоёул Солонгосын асуудалд оролцохоо болиод Солонгосчуудаар өөрсдөөр нь улсаа хэрхэн авч явахыг шийдүүлэх байсан. Гэсэн ч хүйтэн дайн эхэлсний улмаас хоёр гүрэнд аль алинд нь Солонгосыг тавьж явуулах хүсэл байхгүй болсон байлаа.
1948 онд АНУ НҮБ-ээс бүх Солонгосчууд дунд Солонгосын хойгийн ирээдүйн талаар санал асуулга явуулахыг хүссэн. Гэвч энэхүү санал асуулгад Хойд Солонгос оролцохоос татгалзсан байна. Үүний дараа Өмнөд Солонгос өөрийн засгийн газраа Сөүлд байгуулан, И Сингман тэргүүлэгч нь болов. Тэрбээр коммунизмын эсрэг тэмцэгч байсан юм.

Яг л үүнд нь хариу болгох гэсэн мэт тийм ч удалгүй Хойд Солонгос хуучин коммунист партизан Ким Ир Сен-ийг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс-ын ерөнхий сайдаар нийслэл хот Пёньян хотод томилжээ.

Солонгосын дайн
1950-1953 оны хооронд үргэлжилж, хамгийн багадаа 2.5 сая хүний амь насыг авч одсон Солонгосын дайны дараа ямар ч асуудал шийдэгдээгүй үлдсэн. Хэдий тийм ч дайны үр дүнд АНУ нь Хойд Солонгосын хувьд томоохон дайсан нь болж хувирсан байдаг. Энэ нь дайны үеэр АНУ, Хойд Солонгосын тосгон, хот сууринуудыг бөмбөгдсөнөөс үүдэлтэй.
Хүйтэн дайны үеэр Солонгостой төстэй хувь заяаг туулсан Германаас өөр нь Солонгост хэзээ ч нэгэнтэйгээ нэгдэх боломж гараагүй. 1953 оноос хойш хоёр талаас аль нэг тал руугаа чиглэсэн хөдөлгөөн хийгдээгүй бөгөөд яг л үүрдийн хана хоёр Солонгосын дунд босгочихсон юм шиг л болж хувирсан.
Хаалттай хаант улс
Барууныхантай гүн харилцаа холбоог тогтоосон Өмнөд Солонгосын эдийн засаг маш хурдацтай хүчирхэгжсэн ба сүүлийн хэдэн арван жилийн турш бүрэн ардчилсан улс болох алхмуудыг хийсэн.

Харин Хойд Солонгосын хувьд ЗХУ задарснаас хойш буюу 1990 оноос хойш дэлхий ертөнцтэй харилцах харилцаагаа бүрэн тасалж, эдийн засгийн хөгжилгүй, нэг гэр бүлийн гурван үеэр захируулсан улс болон хувирчээ.

Хойд Солонгосын цөмийн зэвсэг хөгжүүлэх эцэс цуцашгүй оролдлогууд нь түүний Өмнөд Солонгос болон АНУ-тай үүсгэсэн таагүй харилцааг улам хурцатгаж өгөх шалтгаан болсон.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!