

Цахим сургалт нь зөвхөн видео дуудлагаар хичээл орохыг хэлдэггүй. Багш хичээлийн материалаа түгээх, даалгавар өгөх, шалгалт авах, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, ахиц дэвшлийг хянах зэрэг олон ажлыг цахим орчинд зохион байгуулах шаардлагатай болдог. Иймээс хичээлийн зорилго, сурагчдын нас, техникийн боломжид тохирсон платформ сонгох нь чухал юм. Цахим болон танхим-хосолсон хичээлд ашиглахад тохиромжтой 10 платформыг танилцуулъя.
1. Google Classroom
Google Classroom нь хичээлийн материал байршуулах, даалгавар өгөх, хугацаа тогтоох, сурагчдын ажлыг шалгах, үнэлгээ өгөхөд тохиромжтой сургалтын удирдлагын платформ юм. Google Docs, Slides, Forms, Drive болон Meet зэрэг хэрэгслүүдтэй уялдан ажилладаг тул нэг орчноос хичээлээ зохион байгуулах боломжтой. Google-ийн үйлчилгээг тогтмол ашигладаг сургууль, багш нарт илүү тохиромжтой.
2. Moodle
Moodle бол нээлттэй сургалтын удирдлагын систем юм. Багш хичээлийн агуулгыг бүлэг сэдвээр байршуулж, даалгавар, шалгалт, хэлэлцүүлэг, үнэлгээ болон суралцагчийн ахицын мэдээллийг нэг дор удирдаж болно. Мөн гар утасны аппликэйшнээр хичээлийн материал үзэх, даалгавар илгээх боломжтой. Их сургууль, сургалтын төв болон олон хичээлтэй байгууллагад тохиромжтой.
(Moodle)
3. Microsoft Teams for Education
Microsoft Teams нь цахим уулзалт, чат, даалгавар, хичээлийн материал болон тэмдэглэлийг нэг аппликэйшнд нэгтгэдэг. Багш сурагчидтай шууд хичээл хийхээс гадна бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулж, файл хуваалцаж, даалгаврын гүйцэтгэлийг хянах боломжтой. Microsoft 365 ашигладаг сургууль, байгууллагад нэн тохиромжтой.
(Microsoft)
4. Zoom
Zoom нь шууд цахим хичээл, уулзалт болон вебинар зохион байгуулахад өргөн ашиглагддаг платформ юм. Дэлгэц хуваалцах, сурагчдыг жижиг хэлэлцүүлгийн өрөөнд хуваах, санал асуулга авах, самбар дээр хамтран ажиллах, хичээлийг бичиж хадгалах боломжтой. Мөн хадмал тайлбар, бичвэр болгон хөрвүүлэх болон орчуулгын зарим боломжийг дэмждэг.
(Zoom)
5. Canva for Education
Canva нь үзүүлэн, ажлын хуудас, инфографик, постер, видео болон хичээлийн төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой. Бэлэн загваруудыг ашигласнаар дизайны туршлага багатай багш ч сонирхол татахуйц хичээлийн материал хурдан бэлтгэж чадна. Canva Education нь шаардлага хангасан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад үнэ төлбөргүй ашиглах боломж олгодог.
(Canva)
6. Kahoot!
Kahoot! нь хичээлийг тоглоомын хэлбэрээр бататгах, сурагчдын мэдлэгийг богино хугацаанд шалгахад тохиромжтой. Багш асуулт хариулт, санал асуулга, эвлүүлдэг даалгавар болон бусад төрлийн интерактив дасгал үүсгэж болно. Сурагчид гар утас, таблет эсвэл компьютерээс кодоор нэвтэрч оролцдог тул танхимын болон цахим хичээлд аль алинд нь ашиглах боломжтой.
(Kahoot!)
7. Wayground буюу хуучнаар Quizizz
Quizizz платформ 2026 онд Wayground нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Тус платформоор сорил, үнэлгээ, интерактив үзүүлэн, видео, карт болон унших материал бэлтгэх боломжтой. Багш шууд тоглоомын хэлбэрээр ажиллуулах эсвэл сурагч бүр өөрийн хурдаар гүйцэтгэх даалгавар болгон өгөх боломжтой.
(Quizizz)
8. Nearpod
Nearpod нь энгийн үзүүлэнг сурагчдын идэвхтэй оролцоотой цахим хичээл болгон хувиргахад тохиромжтой. Үзүүлэнгийн дунд асуулт, санал асуулга, зураг дээр тэмдэглэгээ хийх даалгавар, хамтын самбар болон богино үнэлгээ оруулж болно. Багш сурагчдын хариултыг тухайн мөчид харах боломжтой учраас ойлголтын түвшнийг шууд тодорхойлоход тустай.
(Nearpod)
9. Edpuzzle
Edpuzzle нь видео бичлэгийг хичээлийн интерактив материал болгон ашиглахад зориулагдсан. Багш видеоны тодорхой хэсэгт асуулт, тайлбар болон аудио тэмдэглэл оруулж, сурагч видеог бүрэн үзсэн эсэх болон асуултад хэрхэн хариулсныг хянаж болно. Ялангуяа хичээлийн үндсэн ойлголтыг сурагчид гэртээ үзэж, танхимын цагийг дасгал ажилд ашигладаг урвуу сургалтын аргад тохиромжтой.
10. Padlet
Padlet нь сурагчдын санаа, хариулт, зураг, видео, холбоос болон файлыг нэг цахим самбарт цуглуулахад тохиромжтой. Багш хэлэлцүүлэг өрнүүлэх, багийн ажил зохион байгуулах, төслийн үр дүн танилцуулах, санал бодол цуглуулахдаа ашиглаж болно. Сурагч бүр бусдын оруулсан материалыг харж, хариу өгч чаддаг учраас хамтын ажиллагаанд суурилсан хичээлд үр дүнтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!