

“The Odyssey” кино нээлтийнхээ дараа кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, ирэх оны Оскарт шагнал хүртэх боломжит гол өрсөлдөгчдийн нэгээр яригдаж эхэллээ. Грекийн эртний яруу найрагч Гомэрийн алдарт туульсаас сэдэвлэсэн 3 цаг үргэлжлэх тус бүтээлийн дэлхийн нээлт Лондон хотноо болсон билээ.
Кино үзсэн шүүмжлэгчид тус бүтээлийн талаар анхны сэтгэгдлээ хуваалцахдаа “Кристофер Ноланы ‘The Odyssey’ кино нь дайны дараах хоосрол, итгэл найдвараа алдсан хүний сэтгэл зүйг үхэгсдийн ертөнцөөр дамжуулан өгүүлсэн асар том цар хүрээтэй домогт бүтээл юм.” хэмээн онцолсон байна.
Оскарын шилдэг кино болох хэмжээний бүтээл
IndieWire-ийн ахлах редактор Энн Томпсон тус киног Оскарын шилдэг кино төрөлд нэр дэвших төдийгүй ялах боломжтой бүтээл гэж үнэлжээ. Мөн гол дүрийн жүжигчин Matt Damon тус шагналын хүчтэй өрсөлдөгч байж болох талаар сошиал хуудаснаа онцолсон байна.
Олон шүүмжлэгч киноны өнгөний зохицлын шийдэл, тулаант хэсгүүд болон жүжигчдийн тоглолтыг онцгойлон магтаж байна. Ялангуяа эсрэг талын дүр болох Antinous-ын дүрийг бүтээсэн Robert Pattinson-ы тоглолт хамгийн их анхаарал татжээ.

Киноны үйл явдал: “The Odyssey” нь эртний Грекийн домогт баатар Odysseus-ийн Трояны дайны дараах урт бөгөөд аюултай гэртээ харих аяллыг өгүүлнэ. Тулаан дууссаны дараа Итака арал дахь эх орон, гэр бүлдээ буцахыг хүссэн Одиссей далайгаар аялж, бурхдын сорилт, аймшигт мангасууд, нууцлаг ертөнцүүдтэй нүүр тулна.
Тэрээр далайн бурхан Poseidon-ы уур хилэнгээс болж олон жилийн турш гэртээ хүрч чадалгүй, амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Энэ аяллын үеэр Одиссей гаднын дайснууд болон өөрийн айдас, хүсэл, хүний мөн чанартайгаа нүүр тулж жинхэнэ баатар гэж юу болохыг харуулах болно.
Ноланы хувилбар нь домогт адал явдлыг тулаан, аяллаар хязгаарлахгүйгээр дайны дараах шарх, хүний сэтгэл зүй, гэр бүлдээ эргэн очих хүсэл зэрэг илүү гүн сэдвүүдээр дамжуулан харуулах төлөвтэй байна.
Тус кино бүхэлдээ IMAX camera ашиглан зураг авалт хийсэн бөгөөд энгийн кино театруудад ч мөн үзэгчдэд хүрэх юм.

Кино шүүмжлэгч Дэвис киноны бүтээмж, тайз, орчны дизайн болоод тулааны хэсгүүд болон нийт цар хүрээг өндөр үнэлжээ. Тэрээр “Зураг авалтын орчин үнэхээр бодит мэт санагдаж, тулаант хэсгүүд нь гайхалтай хүчтэй болсон. Харин намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол Нолан аймшгийн элементүүдийг хэрхэн шингээсэн явдал байлаа. Зарим хэсэг нь үнэхээр түгшүүр төрүүлэм бөгөөд энэ нь түүний найруулгын хэв маягт шинэ өнгө нэмсэн.” гэж байлаа.
Box Office-ийн өндөр хүлээлт
“The Odyssey” кино ойролцоогоор 250 сая ам.долларын төсөвтэй бүтээгдсэн. Тиймээс олон улсад сурталчилгааны томоохон кампанит ажил явуулж байна.
Кино зардлаа нөхөж, ашиг олохын тулд дэлхийн box office-оос дор хаяж 500 сая ам.долларын орлого олох шаардлагатай гэж тооцоолжээ.Гэсэн хэдий ч сүүлийн үед кино театруудын үзэгчдийн тоо дахин нэмэгдэж байгаа нь тус бүтээлийн амжилтад эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. “Toy Story 5” болон бага төсөвтэй ч амжилт үзүүлж буй “Backrooms”, “Obsession” зэрэг бүтээлүүд кино зах зээл дахин сэргэж буйг харуулж байгаа юм.
Кристофер Ноланы нэр хүнд, асар том цар хүрээтэй бүтээлийн хүлээлт, шүүмжлэгчдийн эхний үнэлгээг харгалзан үзвэл “The Odyssey” нь энэ оны амжилттай том кинонуудын нэг болох боломжтой байна.
Эх сурвалж: Guardian
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!