Ажиа Гэгээний Зөв Тэтгэлгийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Ажиа Гэгээний нэрэмжит шинэ оюутны “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөр 2026-2030 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдаа шалгаруулах бүртгэл нээгдлээ.

“Зөв Тэтгэлэг Сан” байгуулагдсанаас хойш өнгөрсөн 7 жилийн хугацаанд жил бүр сонгон шалгаруулалт явуулан одоогоор нийт 133 оюутанд тэтгэлэг олгосон байна. 2019 онд 10 оюутан, 2020 онд 15 оюутан, 2021 онд 14 оюутан, 2022 онд 30 оюутан, 2023 онд 33 оюутан, 2024 онд 16 оюутан, 2025 онд 15 оюутан шалгарсан ба нийт 8 их сургуулийн 30 гаруй мэргэжлийн оюутнууд суралцаж байна.

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэл, бусдыг хайрлан эх орон, амьдарч байгаа орон нутаг, олон нийтэд, соёл, өв уламжлалд чиглэсэн аливаа ажилд тэргүүлж буй хэдий ч ар гэрийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их дээд сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа төгсөх ангийн сурагчдад боломж олгож, тэднийг эх орныхоо соёл, уламжлал, байгаль орчин, ард иргэдийн төлөө ажиллаж хувь нэмэр оруулах зүрх сэтгэлтэй иргэн болоход нь хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна дараах чиглэлээрх сургалт, үйл ажиллагаанд хамрагдана. Үүнд:

  • Монголынхоо соёл өв уламжлал, байгаль орчин, хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн эмзэг бүлэгт туслах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах замаар эх оронч, энэрэнгүй зөв үзэл хандлагатай болж төлөвших;
  • Тэтгэлгээр сурсныхаа дараа улс эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмэр оруулах;
  • Төсөл санаачлан бичиж хэрэгжүүлэх;
  • Багаар ажиллах чадварт суралцах;
  • Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын дуу хоолойг нийтэд хүргэх, зөв хандлага мэссеж түгээх замаар олон нийтдээ нөлөөлөх зэрэг болно.

2026-2030 оны тэтгэлэгт шалгарах шилдэг сурагчдын бүртгэл 2026 оны 07 сарын 06-нд эхэлж 07 сарын 17-ны 23:59 цагт хаагдана.

Хэн хамрагдаж болох вэ?

  • Монгол улсын 17-18 настай иргэн
  • Монгол улсын их, дээд сургуулийн үндсэн ангид бакалаврын зэргээр суралцахаар эрхээ/батламжаа авсан байх
  • Сурлагын дүн 70 ба түүнээс дээш байх,
  • Ямар нэгэн төрлийн урлаг, спортоор хичээллэдэг байх

Сонгон шалгаруулалтын үе шат

1. Эхний шатны шалгаруулалтыг өргөдлийн цахим маягтыг хэрхэн бөглөсөн байдал, бүрдүүлсэн материал болон эсээнд үндэслэн явуулна.
2. Хоёрдугаар шатанд нийгмийн сайн дурын ажил хийлгэх мөн сэтгэлзүйн тестэнд оруулдаг ба тухайн оролцогчийн гүйцэтгэл болон зан чанар, хандлагад суурилан шалгаруулдаг. Үүн дээр нэмээд оролцогч бүрийн ар гэрийн нөхцөл байдалтай танилцдаг. Энэ нь санхүүгийн баримтууд мөн эцэг эхийн дэмжлэг зэргийг зөв зүйтэй дүгнэхэд тус болдог.
3. Сүүлийн шатны шалгаруулалтад оролцогч асран хамгаалагчийн хамтаар ярилцлаганд ордог.

Бүртгүүлэх бол ЭНД дарна уу.

#тэтгэлэг #мэдээ