Timothée Chalamet, Selena Gomez нар харь гарагийн адал явдалд нэгдлээ: “Not Alone” анимэйшн 2027 онд нээлтээ хийнэ


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Холливудын хамгийн алдартай залуу оддын нэг Timothée Chalamet болон дуучин, жүжигчин Selena Gomez нар дахин нэг төсөл дээр хамтран ажиллахаар болжээ. Тэд “Despicable Me”, “Minions”, “The Super Mario Bros. Movie” зэрэг хит бүтээлүүдийг төрүүлсэн Illumination студийн шинэ анимэйшн кино болох “Not Alone”-д гол дүрүүдэд дуу оруулахаар болсон байна.

Тус кино нь сансрын адал явдал, романтик инээдэм, харь гарагийн амьтдын тухай өгүүлэх бөгөөд 2027 оны дөрөвдүгээр сарын 16-нд кино театруудаар нээлтээ хийхээр товложээ.

Киноны үйл явдал юуны тухай вэ?

Timothée Chalamet кинонд нам гүм, ганцаараа амьдрах дуртай пуужингийн механикч Joe-гийн дүрд дуу оруулна. Харин Selena Gomez дэлхийн анхны ургамлын түлшээр ажилладаг пуужинг бүтээж буй авьяаслаг астро-ботаникч Fran-ийн дүрийг амилуулах юм.

Хоёр залуу шинэ төрлийн пуужинг хөөргөхөөр хамтран ажиллаж эхлэх үед Joe-ийн гэрт гурван жижиг, хөгжилтэй харь гарагийн амьтан орогнож ирснээр тэдний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Эдгээр харь гарагийн амьтад эх дэлхийдээ буцахын тулд Fran-ийн бүтээсэн пуужинг ашиглахыг хүсдэг ажээ.

Timothée Chalamet-ийн хувьд анхны анимэйшн кино

“Dune”, “Wonka”, “A Complete Unknown” зэрэг бүтээлээрээ алдартай Timothée Chalamet-ийн хувьд энэ нь анхны бүрэн хэмжээний анимэйшн кинонд дуу оруулж буй тохиолдол болж байна. Харин Selena Gomez өмнө нь “Hotel Transylvania” цувралын Мэвисийн дүрд дуу оруулж байсан туршлагатай учраас анимэйшн ертөнцөд хэдийнэ танил нэгэн юм.

Тэд дахин хамтарч байна

Selena Gomez, Timothée Chalamet нар өмнө нь 2019 онд нээлтээ хийсэн A Rainy Day in New York кинонд хамтран тоглож байсан. Харин “Not Alone” нь тэдний долоон жилийн дараах дахин нэгдэж буй төсөл болж байгаа нь фенүүдийн анхаарлыг татаж байна.

Instagram дээрээ teaser-ээ нийтэлжээ

Киноны анхны teaser poster цацагдсаны дараа хоёр од өөрсдийн Instagram хуудсандаа уг бүтээлийг танилцуулсан байна.

Selena Gomez өөрийн хуудсандаа:

                    “Орчлон ертөнцөд биднээс өөр амьдрал бий. ‘Not Alone’. 2027 оны дөрөвдүгээр сард кино театруудаар.”

хэмээн бичсэн бол Timothée Chalamet ердөө:

“NOT ALONE” буюу “ГАНЦААРАА БИШ”

гэсэн богинохон тайлбарыг нийтэлжээ.

Яагаад хүмүүс хүлээлттэй байна вэ?

Illumination студи сүүлийн жилүүдэд дэлхий даяар хамгийн өндөр орлоготой анимэйшн бүтээлүүдийг ээлж дараалан гаргасан бөгөөд “Not Alone” нь тэдний цоо шинэ, оригинал санаан дээр суурилсан кино гэдгээрээ онцлог. Түүнчлэн сансрын адал явдал, романтик өгүүлэмж, өхөөрдөм харь гарагийн дүрүүдийг нэгтгэсэн энэхүү кино 2027 оны хамгийн их хүлээлт үүсгээд буй анимэйшн бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж эхлээд байна.

Not Alone | Official Teaser Trailer

#hollywood