Хасын Хүлэгүүд багийн А.Азбаяр Японы B.ONE лигт тоглохоор боллоо


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч А.Азбаяр 2026-27 оны улиралд Япон улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн B.ONE лигийн 2025-26 оны дэд аварга Fukushima Firebonds багт “Ази импорт” тоглогчоор тоглохоор гэрээ хийлээ.

А.Азбаяр маань Хасын Хүлэгүүд багтай урт хугацааны гэрээтэй бөгөөд тоглогчийн хөгжил дэвшил улам сайжрахын ерөөлөөр багийн удирдлагууд болон хувь тоглогчийн хамтын шийдвэрээр ирэх улирал Японы лигт тоглохоор боллоо.

Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн B.League нь 2026-27 оны улирлаас шинэ бүтэцтэй болж, дээд түвшний лигүүдээ B.PREMIER, B.ONE, B.NEXT гэсэн гурван ангилалд хувааж эхэлсэн. B.ONE нь Японы хоёр дахь хамгийн өндөр түвшний мэргэжлийн лиг бөгөөд улсын хэмжээнд өрсөлдөх хүчирхэг клубүүд тоглодог.

Fukushima Firebonds нь Япон улсын Фүкүшима мужийг төлөөлөн өрсөлддөг мэргэжлийн сагсан бөмбөгийн клуб бөгөөд 2013 онд байгуулагдсан. Тус клуб нь 2011 оны Фүкүшимагийн газар хөдлөлт, цунамигийн дараа бүс нутгийн сэргэлт, эв нэгдлийг дэмжих зорилгоор байгуулагдсан бөгөөд өнөөдөр Фүкүшима мужийн спортын хамгийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэгт тооцогддог.

2025-26 оны улиралд Fukushima Firebonds 42 хожил, 18 хожигдол гэсэн амжилт үзүүлж, B2 лигийн Зүүн бүсэд хоёрдугаар байрт шалгарсан. Улмаар плэй-оффт амжилттай өрсөлдөн финалд шалгарч, улирлыг дэд аваргаар өндөрлүүлсэн ба 2026-27 оны улирлаас шинэчлэгдэн зохион байгуулагдах Японы B.ONE лигт өрсөлдөхөөр болсон юм.

Эх сурвалж: Хасын Хүлэгүүд

#сагсанбөмбөг