YouTube Shorts шинэчлэгдлээ: Видеог 2 дахин хурдтай үзэх боломж болон бусад өөрчлөлтүүд


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

YouTube платформ Shorts-д зориулсан хэд хэдэн шинэ шинэчлэлүүдээ танилцууллаа. Тус шинэчлэлийн хүрээнд хэрэглэгчид богино хэмжээний видеог өмнөхөөсөө илүү хурдан үзэх боломжтой болж байна.

Хамгийн онцлох өөрчлөлт нь богино хэмжээний видеог 2 дахин хурдтай (2x) үзэх шинэ тохиргоо юм. Хэрэглэгчид мэдээллийг богино хугацаанд хүлээн авах эсвэл видеоны сонирхолтой хэсгийг илүү хурдан олох боломжтой гэж мэдээлжээ.

YouTube Shorts-оос "Dislike" буюу дургүй товчийг хасаж байна.

Үүний оронд хэрэглэгчид тухайн төрлийн контентыг цаашид бага харахын тулд ‘Not Interested’ эсвэл "Don't recommend this channel"гэсэн сонголтуудыг ашиглах боломжтой болжээ. Түүнчлэн өмнө нь байсан “Like" товчны оронд зүрхэн тэмдэг ашиглахаар болсон байна.

Дэлгэцийг цэвэрлэх горим (Clear Screen Mode)

Үүнээс гадна YouTube хэрэглэгчийн харагдах орчныг илүү чөлөөтэй болгох "Clear Screen mode" буюу дэлгэц цэвэрлэх горимыг танилцууллаа. Энэхүү тохиргоо нь бичлэг үзэх явцад дэлгэц дээр хөвөх элдэв дүрс, текст, товчлууруудыг түр хугацаанд нууж, контентыг ямар нэгэн саадгүйгээр бүрэн дүүрэн тольдох боломжийг олгох байна.

YouTube-ийн зүгээс эдгээр өөрчлөлтүүд нь Shorts-ыг ашиглахад илүү хялбар болгох зорилготой гэлээ. Харин шинэчлэлтүүд хэрэглэгч бүрт яг хэзээнээс идэвхжиж эхлэх нь тодорхойгүй байна. Компанийн зүгээс эдгээр функцүүд үе шаттайгаар нэвтэрнэ гэсэн ч нарийн хугацаа заагаагүй тул TechCrunch сайт илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Google-д хандаад байна.

YouTube нь TikTok болон Instagram Reels-ээс хожуу богино хэмжээний видеоны зах зээлд нэвтэрсэн ч богино хугацаанд олон хэрэглэгчдийн тоогоо бүрдүүлж чаджээ. Компанийн гүйцэтгэх захирал Нил Моханы мэдээлснээр, 2025 оны зургаадугаар сарын байдлаар YouTube Shorts өдөрт дунджаар 200 тэрбум үзэлт авдаг болсон байна.

Мөн энэ оны эхээр нийтлэгдсэн судалгаагаар Shorts видеог зөвхөн гар утсаар бус телевизийн дэлгэцээр үзэх хэрэглээ эрчимтэй өсөж, сар бүр нийт 2 тэрбум цагийн богино хэмжээний контентыг телевизээр үздэг болсон нь үр дүнгээр гарчээ.

Эх сурвалж: Techcrunch

#technology